Thursday, October 19, 2023

“Цойлогсод” номын тэмдэглэл

 “Цойлогсод” номын тэмдэглэл

Уншихад урамтай, уран цэцэн үгтэй, зүйрлэлтэй “Цойлогсод” номыг цурам хийлгүй уншиж дууслаа. Өмнө нь уншиж байсан олон номтой ойролцоо утга агуулгатай санагдсан нь эхний мэдрэмж билээ. Номоос ухаарах, эргэлзэх, урам зориг авах гэсэн үндсэн 3 “таашаал”-ыг мэдэрсэнээ та бүхэнтэй хуваалцая.

Ухаарсан нь. Номын агуулга тун гайхалтай гарчээ. Яаж хүн ямх ямхаар ахих тухай, яавал эмэгтэй хүн сайн ээж байх тухай, яагаад хүн эерэг байх ёстой тухай, ямар зүйл хүнийг онцгой болгодог тухай үндсэн дөрвөн бүлгээс уншиж ухаарав. “Ямх ямхаар ахигч амжилтын еврэй стратеги” бүлэгт цаг хугацааны үнэ цэнэ, түүнтэй дотно нөхөрлөвөл, түүнийг удирдаж чадвал, түүнд нийцүүлж чадвал хүн хүссэндээ хүрч болдогийг ойлгуулжээ. Бидэнд нийтлэг байдаг нэгэн алдааг энэ бүлэг их тод харуулсан санагддаг. Тэр бол хормын дотор өөрчлөгдөх. Энэ дэлхий өөрөө удаан эргэдэг болохоор энэ дэлхий дээрх өөрчлөлт удаан явагддаг байх. Тиймээс бид цаг хугацаатай нөхөрлөх ёстой. Нэгэнтээ урт хугацаанд өөрчлөлт хийгдэх юм бол өөрчлөлтөд зориулсан өнөөгийн өөртөө дадал болгох ёстой. Энэ л энэ бүлгээс ухаарч санасан зүйл байлаа.

Бид бүгд өөрсдийгөө зөв хүмүүжлээр хүмүүжсэн, зөв хүмүүс гэж боддог. Гэхдээ яг үнэнээсээ сайн аав, ээж байна гэдэг хүүхэддээ аль хэрэгтэйг сургаж, хүмүүжүүлэх ёстой мэт. “Ээж байх еврэй урлаг” бүлэг бидэнд байдаг олон өө сэвийг сануулах шиг санагдсан. Гэхдээ хамгийн тод ухаарч ойлгох зүйл бол ЭЭЖ гэдэг хүүхдийн хүмүүжлийн эх булаг юм. Тиймээс ч “Еврэй хүн болох хоёр арга зам байдаг. Эцэг эх нь еврэй, ээж нь еврэй” гэж номд дурдсан байх.

Гуравдугаар бүлэг буюу “Бэрхшээлийг сөрөгч еврэй сэтгэл зүй” бүлэг үнэндээ энд тэндээс үргэлж уншиж байдаг ч тэр бүр дадал болоогүй бодлыг батлахаар бичигдсэн мэт санагддаг. Бэрхшээлийн цаана боломж байдаг гэдгийг бараг хүн бүр мэддэг байх. Жишээ, зүйрлэл, амттай бичиглэлээр бэрхшээлийн цаана боломж байдаг тухай дахин өөртөө сануулах нь “ухаарал” байсан шүү.

“Хөгжлийг дэмжигч еврэй онцлогууд” бүлэг  зөвхөн еврэй хүний тухай гэж санагдаагүй. Харин дээрх хандлага, дадлагыг өөртөө бий болгосон хэн бүхэн онцгой байж болох тухай сануулсан гэж ойлгодог. Онцгой байна гэдэг төрлөхийнх биш харин боловсрол, боловсролыг болон бололцоог худалдан авах чадвар, үргэлж шинийг эрэлхийлэх эрмэлзэл болон түүнд золиослосон алдаануудын цуглуулга юм.

Эргэлзсэн нь. Номын эхний хуудаснаас л эргэлзээ эхэлсэн. Энэ ном орчуулга биш, судалгааны ажил ч биш харин монгол хүний зохиол ажээ. Номд гарах олон олон ишлэл, “еврэйчүүд тэгдэг”, “еврэйчүүд ингэдэг” гэдэг нь ямар ч баримтгүй, нотолгоогүй аж. Яг үнэндээ номын еврэй гэх үгийг англи, япон эсвэл бүр монгол гээд сольчихсон ч их том утгын ялгаа гарахгүй болов уу. Учир нь зохиогч еврэйчүүдийг ажигласан, өөрийн ойлгосон, таамагласнаар дүүргэж бичсэн аж. Жишээ нь Тора сударт “Диваажинтай хамгийн ойрхон газар бол номын сан юм”[1] гэж номд гарчээ. Яаж ч интернетээр хайгаад дээрх гайхалтай афоризмыг Тора судраас нь олохгүй байна. Зохиогч өөрөө зохиогоогүй л бол уг нь ишлэл зүүлтийг зарчмаар тэддүгээр хуудас, тэр тал гээд ишилчихсэн бол илүү итгэлтэй байх байсан. Энэ мэт эргэлзээтэй түүх, ишлэл, баримт болж чадахгүй олон “болсон явдал” байсан хэдий ч ном бүхэлдээ урам зориг өгөх зорилготой гэж үзвэл энэ тийм ч чухал асуудал биш болж хувирна.

Урам зориг авсан нь. Ном орчуулга биш зохиол гэдгийг дахин тодотговол бид эндээс ямар их урам авч болохыг ойлгоно. Яагаад монгол хүн гадны соёлыг судалсан тухай ийм гайхалтай ном бичиж чадахгүй гэж? Жишээ нь “Еврэй хүмүүсийн боловсрол болон амжилтын нууц” номын зохиогч нь солонгос хүн. Номын борлуулалттай байх, олон хүн сонирхох нөхцөлийг яг л гадны зохиол мэт олж, шигтгэж, оруулж чадсан нь бид дэлхийн хэмжээнд ном бүтээх цаг болсоныг илтгэх шиг сайхан зүйлс байлаа.  

Ном мөн маш уран цэцэн зүйрлэл, үгтэй. Жишээ нь “Хүүхдэд анхаарал халамж хэрэгтэй ч хэмжээ нь хэтрэхэрээ тус биш ус болдог”[2], “Өвдөг тухай халцрах нь ертөнцийн төгсгөл биш”[3], “Ажил хэргийн ертөнц бол тэр чигтээ танихгүй хүнтэй учраа ололцох талбар”[4] гэх мэт өгүүлбэрүүд. Хэн нэгэн еврэй хүн энэ үгийг зохиогчид хэлээгүй нь лавтай. Энэ бол зохиогчийн өөрийн мэдрэмж, ур чадвараас гарч буй уран үгс юм. Гэхээ хамгийн ихээр урам зориг авсан зүйлс бол еврэйг онцгой болгосон зүйл нь еврэйн онцлог биш бид бүгдэд байж болох энгийн зүйлс болохыг, тэдгээрийг дадал болговол бидний үр хүүхдийг ч бас тийм их гэгээлэг ирээдүй хүлээж байгаа явдал юм.

Ингээд эцэст нь дүгнэхэд, “Цойлогсод” номыг унш. Гэхдээ цензуртай унш.



[1] Д.Бүжинлхам “Цойлогсод” ном, 160х.

[2] Д.Бүжинлхам “Цойлогсод” ном, 87х

[3] Д.Бүжинлхам “Цойлогсод” ном, 88х

[4] Д.Бүжинлхам “Цойлогсод” ном, 88х

Saturday, December 31, 2022

Шомбодойн балай

Сая биржээр хэсч яваад (Дарханыхан захаа ингэж нэрлэдэг) Шомбодойн балайнуудын нэгтэй таарав. Дарханыхан андахгүй л дээ. Их л олон хүн байх шиг байдаг юм.

Нэг нь Дарханы нэгдсэн эмнэлэгт бий. Анх архи уудаг нагац ах маань “Энэ өнөө Шомбодойн балай шд” гэж танилцуулж билээ. Өөрөө шууд л Шомбодой гэж дуудна. Гэхдээ дээрэлдэх, дарамтлах өнгө огт үгүй. Харин ч бахархах маягтай “Энэ чинь лаг том шд. Эмнэлэгийн дарга марга дээр шууд орно” гэж ярьж билээ. Аав харин нэрийг нь мэддэг юм байна. Аавд ч сайн юм. “Хүүе багш” гээд дуудна. Аавыг эмнэлэгт хэвтэхэд цуг нэг өрөөнд хэвтсэн юм байж л дээ. Аавыг хүн бүр л багш гэх болохоор Болдоо бас багш гэж дуудна.

Болдоо эмнэлэгийн морогт ажилладаг юм. Хүн гаргадаг өдөр маш эрт босч иж бүрэн цав цагаан хувцас өмсч үсээ толийтол самнан их л хүндэтгэлтэй гарна. Талийгаачийн цогцост хүрч, хувцаслах, засах гээд хүн дурлаад байхааргүй ч зайлшгүй бүх л ажлыг хийнэ. Талийгаачийг эмнэлэгээс гаргаж явуулсаны дараа Болдоо чихэр пичен гэх мэт амттантай өрөөндөө орж ирх нь оршуулах ёслолд оролцсон хүн бүрийн гарыг цайлгадаг монголчуудын л сайхан зан юм даа. Болдоо өрөөндөө орж ирээд “Багш алив наашаа суу. Гоё юм идье” гэх нь хүүхэд гэлтэй. Эмнэлэгийн охид хүүхнүүд, сувилагч, эмч нар орой үдэш орж гарах, дээшээ харанхуй агуулах явах гэх мэтдээ Болдоог үргэлж хань татна. Тэр мэтээр Дарханы төв эмнэлэгийн хаягтай хаяггүй хар бор ажилаас их хийлцэнээ.

Эмээ маань нас барж Дарханы төв эмнэлэгээс гаргахад Болдоогийн ажилаа хийж байгааг харсан юм. Чин сэтгэлээсээ, гүн хүндэтгэлтэй, царай төрх нь тэнд буй хүмүүсийн уй гашууг мэдрэх мэт гунигтай, зовинонгуй. Магадгүй манай эмээг мэддэг ч байсан байж болно. Нагац ах маань архичин хэдий ч тун олонтой нэгэн байсан тул тэдний хүрээллийн болохгүй бүтэхгүй гэж адлуулдаг болгон бараг бүгд эмээг маань мэддэг байсан төдийгүй цагаан сараар заавал ирж золгодог байлаа.

Бид өөрсдөөсөө ондоо, амьдралын боломж тааруу, магадгүй сэтгэцийн хувьд жаахан эрүүл биш хүмүүсийг ад үзэж шоглох маягтай боловсролгүй соёлгүй, тэнэг балай гэж нэр хоч зүүн амны зугаа болгох нь нэн түгээмэл. Гэвч тэдгээр нь бидэнд хор болох нь ховор. Харин бид боловсролтой сэхээтэн хэмээн өргөмжилж өөрсдийгөө төлөөлүүлэн илгээсэн хүмүүс нь бидний амьдралд хор болж ханахгүй юм. Болдоог Дарханчууд Шомбодойн балай хэмээн хочилж зарим нь магадгүй шоолдог ч биз. Гэвч Болдоогийн гараар талийгаачдаа бид эцсийн замд нь ёс төртэй үддэг билээ. Гэтэл аймгийн санхүү төрийн сангийн хэлтэсийн даргаас засаг даргыг 8 жил хийж, улмаар биднийг төлөөлөн УИХ-д 8 жил суусан нэгэн авилгын хэргээ ил цагаан наймаалцаад одоо айх аюулгүй амар жимэр суугааг Дарханыхан бүгд л мэдэж байгаа даа... Бид хэнийг хайрлаж, хэнийг хүндэлж, хэнийг хянаж, хэнийг зүхэх ёстойгоо сайтар бодож баймаар мэт.  

Thursday, August 3, 2017

Айраг ууж амиа хорлох нь

Би гэдэг хүн жилийн өдийд л нэг үхчих гээд байх бололтой юмаа. Өнгөрсөн жилийн өдийд яасан?[1] Танихгүй эм туршаад тамруу явахаа дөхсөн. Энэ жилийн өдийд яав? Айраг уугаад амиа хорлох дөхлөө шүү дээ.

Sunday, April 24, 2016

Уртын урт бичлэг буюу удаан уулзаагүй нөхөртөө хуучлах нь

Сайн уу? Блог минь. Удаан хугацаанд хийгээгүй уртын урт бичлэг оруулах гэж байна шүү. Бэлтгэлтэй байгаарай.

Завгүй амьдралдаа завсар гаргаж, цагийг түр ч атугай зогсоох гээд үзье. Завгүй гэдэг үгнээс маань залхаад, зарим нь бүр итгэхээ больж эхэлж байх шиг байна. Одоо яая гэхэв, заваа хүнээс нууж харамлаж үзсэнгүй дээ, өнөөг хүртэл.

Sunday, February 14, 2016

Нэгэн зүүд

Саяхан нэгэн сайхан зүүд зүүдэллээ. Цонхны дэргэд байх буйдан дээр нүцгэн завилж суугаад (гэртээ бол би байнга ингэж суудаг юм)хөл дээгүүрээ бүтээлэг бүтээчихсэн, босоо бүрхүүлтэй гэрлийн дор ном уншиж байх юм.
Байшин маань зуслангийн модон байшин байх бөгөөд гадаа харанхуй хэдий ч цонхны цаана мод байгаа нь надад мэдрэгдэж байлаа. 
Гэхдээ буйдан маань цонхруу хараагүй бөгөөд харин ч цонхруу нуруугаа харуулж цонхны эсрэг ханан тал руу харсан нь тэнд ор байгаагынх ажээ. 

Би номоо нэлээн шимтэн уншиж байгаад дээшээ толгой өндийлгөн харвал орон дээр маань хэвтэх бүсгүй нүцтгэн биеийнхээ ихэнхийг гаргаад ганц хөлөө л хөнжлөөрөө хучин хэвтэх байна. Бүсгүй сэрчихсэн надруу харж байхыг үзээд би "Өө миний хайр сэрчихсэн юмуу?" гэвэл "Мхм, аль дээр сэрсэн" гэв. "Тэгээд хайрдаа хэлэхгүй яасын" гэх зуур би номоо тавин бүсгүйн зүг босоход бүсгүй хэвтэрээ засан "Зүгээр л чамайг хармаар санагдаад" гэлээ...
Жич. Эдгээр зургийн аль нь ч миний зүүдэндээ харсан зураг байшин, буйдан, цонхы зураг биш боловч эвлүүлээд бодвол дөхөх байхаа. :)

Sunday, August 9, 2015

Цаг үрээд байна ...

Аааа .... цаг ямар их үрж байна аа...
Бизнесээ эхэлчихсэн, би аймар баяртай байгаа. Би бас ажилаасаа гарчихсан, баярлаад байх нь ч хайшаа юм гэхдээ боломж гэж бодоод байгаа. Гол нь ажилд ор гэсэн шахалт ирээд удаж байна, би өөрөө ч орохгүй бол болохгүй нь гэж бодоод яваад байна. Иймд нэг юм болох л байх. Хамгийн гол зүйл нь: Би өмнө нь бодож байсан шигээ ажилаасаа гараад хувийн бизнесээ эхлүүлчихвэл өөрийнхөө хүссэнээр өөрийгөө хөгжүүлээд, амжиргаа залгаад үнэн жаргалтай амьдрах нь байна шүү дээ гэсэн бодол талаар үрэгдэж цаг аймар үрээд байнаа.

Хувь хүнийхээ хувьд би юм уншиж, судалж, мэдлэг нэмж, өөрийгөө хөгжүүлж байх дуртай хүн. Гэхдээ үүнийг нэлээд хүчтэй шахалтан дор хийдэг хүн бололтой юмаа. Жишээ нь англи хэлний мэдлэг маань ТОЕФЛЬД бэлдэж байх үед л бодитойгоор мэдэгдэхүйц нэмэгдсэн байх жишээтэй. Илжиг модон худрагандаа гэж давчдаж байж л юм хийдэг муухайн монгол зантай хүн юмаа би.

Sunday, December 15, 2013

Балай юм

Балай юм болоод байна өө... Хэлэх ярих ч хүн олдохгүй, ямар сайндаа л блогтоо бодлоо дэлгэж суухав... Гэхдээ юу болсон тухай бичихгүй. Учир нь эр хүн зовлон тоочих муухай. Тэгээд ч нэгэн ухаантны хэлсэн үг байдаг. "Бусдад зовлонгоо бүү ярь. 90 хувь нь үл тоох бол үлдсэн 10 хувь нь баярлана" гэж... Тиймээс би юу болсон тухай ярихгүй. Харин ямар риакц буюу мэдрэмж өгч сэтгэгдэл төрүүлж буй тухай л бичие.