20240331 зүүд
Би хаа нэгтээ хүний нутагт амьдарч байгаа бололтой. Зах дээр зогсдог хүний
ажилд тусалж тэр хүний сандал доороос гудас, хөнжил авч унтана.
Нэгэн сургуулийн зааланд сууж байхад тус сургуулийн доктор, эрдэмтэн багш
эмэгтэй хүн яаж сахиусан тэнгэр болдог талаарх судалгаа шинжилгээний ажил
хийдгээ ярьж сонирхуулав. Би түүнд нэгэн үлгэр ярьж өгье гэлээ.
“Нэгэн бяцхан охин сүнс, буг, чөтгөрүүдийг харах бөлгөө. Түүний хоёр талд бараан
өнгийн бор модоор хийсэн хүү хүүхэлдэй, алтлаг өнгөөр гэрэлтэж харагдаж өөр
нэгэн охин хүүхэлдэй хоёр явна. Тус тосгоны дунд байх нэгэн байшинд сүнс, буг
чөтгөр үүрлэсэн хэмээж хүн амьтан ойртохоо болив. Охиныг очиж буг чөтгөрийг
зайлуулж өгөхийг гуйжээ. Охин хоёр хүүхэлдэйгээ дагуулаад байшинд очиход хашааг
нь тойроод шатсан юм шиг хар бараан болсон байх ба түүнийг эгэл хүмүүс харж
чаддагүй аж. Охин хашааруу ортол байшин дээрээс нэгэн эвэртэй чөтгөр үсэрч яг
өмнө нь буув. Тэгээд охиныг газар нулим гэж тушаалаа. Охин дургүйцсэн боловч чөтгөр
урт хумсаа хоолойд нь тулгахад аргагүй нулимав. Илүү хол ахин нулим гэв. Охин ахин
нулимав. Түүний нулимах тоолонд хашааны хаанаас ч юм чөтгөрүүд гарч ирэн
түүнрүү ойртоно. Модон хүүхэлдэй хутга гаргаж чөтгөрүүдтэй тулалдахаар бэлдлээ.
Аз болж хашааны хаалгаар охины араас алтлаг өнгөөр гэрэлтсэн охин хүүхэлдэй
орж ирэн охины гараас хөтөллөө. Түүний хүчтэй гэрлээс чөтгөрүүд яг л түлэгдэх
гэж буй мэт дөлнө. Алтлаг өнгөөр гэрэлтдэг хүүхэлдэй буг чөтгөрүүдийг харж
чаддаггүй бөгөөд түүнд бүхий л ертөнц үргэлж гоё, дандаа аз жаргалтай харагддаг
аж. Охин хүүхэлдэйн гараас хөтлөн байшинруу алхахад түүнийг бүчсэн байсан тоо томшгүй
олон чөтгөрүүд ярагдан зам тавьж өгнө.
Байшинруу ороход байшин ундуй сундуй, тоос шороонд дарагдаж хүн амьдрах
аргагүй байх агаад ийм газар л буг чөтгөр амьдардаг байх даа гэж бодогдоно. Модон
хүүхэлдэй охины чихэнд байшингийн дээд талд хүн байна гэж хэлэв. Шатаар дээш
өгсөн унтлагын өрөөг нээвэл настай буурал өвгөн өвчин туссан бололтой орон дээрээ
хөдөлгөөнгүй хэвтэж байлаа. Түүний биед буг чөтгөр шингэсэн гэдгийг охин модон
хүүхэлдэй хоёр төвөггүй харна. Модон хүүхэлдэй охин шивнэн. “Энэ өвгөн
байшингийн эзэн аж. Түүний биед буг шүглэсэн тул өвчин тусч сүлд хиймор нь
доройтсоноос байшинд нь буг чөтгөр байрлах таатай орчин болсон байна” гэв.
Охин хоёр хүүхэлдэйн хамтаар гэртээ харьж маш амттай хоол, унд цай бэлтгэн
буцаж байшинд очлоо. Өмнөхөөс ч олон чөтгөрүүд байшинг хүрээлсэн агаад тэднийг
оромжийг түйвэж буйд тун тухгүй байх аж. Охин алтлаг өнгөөр гэрэлтэх хүүхэлдэйг
хөтлөн байшинд ороход бяцхан гэрэлт хүүхэлдэй эргэн тойрныг ахин дахин гайхан
харна. Тэр яг л 2-3 настай охин хүүхэд шиг бөгөөд модон хүүхэлдэйг чухам яагаад
хутга эргүүлж эргэн тойрноо сэрэмжлэн харах, охин яагаад айдас түгшүүртэй байгааг
үл ойлгоно.
Тэд хамтдаа өвгөний дэргэд сууж охин халба гарган өвгөнийг хооллож эхлэв. Өвгөн
толгойгоо л дөнгөж өргөх төдий бөгөөд халбагаруу ойртоход түүний толгой алтлаг
хүүхэлдэйн гэрэлд орж халбага үмхэнэ. Тэр тоолонд түүний биед шүглэсэн бугийн
толгой гэрэлд орохгүй, сүүдэрт үлдэж байгааг модон хүүхэлдэй охин хоёр харж
байлаа. Мөн өвгөний царай гэрэлд орж ирэх тоолондоо илүү сайхан, инээмсэглэсэн
нэгэн болох бол гэрлээс гарахдаа хөндий хүйтэн царайт, хөмсөг зангидаж, хөмхий
зуусан нэгэн болж байгаа нь түүний толгой буцаж бугтай нийлж буйн илрэл аж.
Өвгөн хоол идэж тэнхрэх бүрд байшин илүү гэрэлтэй болох ба тэр бүр чөтгөрүүд хаашаа
ч юм дайжин одно.
Чөтгөрүүд багасаад ирэх үед модон хүүхэлдэй байшингаар явж гэрийг нь
цэвэрлэж, тоос шороог бүгдийг арчин, ундуй сундуй бүхнийг хурааж цэгцлэв. Бүх байшинг
цэвэрлэж дуусахад өвгөн бүрэн тэнхэрсэн байх ба түүнд шүглэсэн буг аль хэдийн
биеэс нь зайлан оджээ. Охин өвгөнд зөвлөн хэллээ. “Та архи ууж биедээ буг
оруулсан тул танд байх эр хүний сүлд унаж үгүй болжээ. Эр хүний сүлд үгүй бол
түүний эзэмшилд байх бүхэн сүлдгүй болох тул таны байшин буг чөтгөрүүдийн оромж
болсон байна.” Гээд хамт байшингийн орой дээр эргэн тойрныг харуулбал байшин
бүр тод бүдэг, янз бүрийн өнгөөр гэрэлтэж байх нь тухайн айлын эр хүний сүлдний
гэрэл аж”
Ийн доктор багшид үлгэр ярьж өгөхөд багш маш их баярлаж цаашдын судалгааны
ажилд тус нэмэр болох юм, надад ирж ажиллаарай гэв. Цаг маш орой болсон байсан
тул зах дээр очиж лангууны эзний сандал доороос хөнжил гудсаа аван өөрийн оромжны
зүг явахдаа энэ багш надад сууц өгөх болов уу гэж бодно.