Showing posts with label Богино ташуур. Show all posts
Showing posts with label Богино ташуур. Show all posts

Wednesday, October 17, 2012

Төөрсөн өдрийн мэнд


Бурхан босгон тавьсан зүүн дээр будаа асгаж тоглоно. Түүн дээр нь нэг ширхэг будаа тогтвол тэнэж яваа сүнснүүдээс нэгийг нь хүн болгож төрүүлнэ. Яг логик нь бол зүгээр л төрлөө олох гэж тэнэж яваа сүнснүүд хорхой шавьж, адгуус мал бололгүй хүн болж төрөх магадлал нь бурхан тийнхүү будааг зүүний үзүүр дээр тогтоохтой адил маш бага гэж үздэг билээ.

Wednesday, October 3, 2012

Зүрх цагаан


Үүрээр зүүдэлсэн зүүдээ үг болгон амьлуулъя.

Зүрх цагаан гинжнээсээ мултрах гэж цухалдан гангинана. Энд бүх юм өмнөхөөс өөр болжээ. Хэдэн жилийн өмнө тэдний халтар банхар төрж эцгийгээ дуурайсан олон шар гөлөг гарсанаас ганцхан нь эх шигээ хар зүстэй бусдаасаа жижиг биетэй цээжиндээ зүрх цагаан  үстэй байсан юм. Хавь ойрынхон нь булаацалдах шахан гөлөгнүүдийг нь авахад эзэн нь харамласаар байж энэ зүрх цагааныг бас үргэлж хамт байдаг хоёр шар гөлөгөө авч үлдсэн билээ.

Friday, August 3, 2012

Галт тэрэг

Галт тэрэг
Галт тэрэг дохиогоо хангинуулан давхина. Бүүб бүүб.... Амжилтын галт тэргийн буухиа уртын урт үргэжлэнэ. Гэсэн ч хүн болгон түүнд сууж үл амжина. Энэ нь хүмүүсийн дэндүү алгуур зантай холбоотой. Тэд уртаас урт гал тэргийг хараад тайвширдаг. Гэвч түүнд амжиж суухад ямар их хөдөлмөр хэрэгтэй байдгыг ойлгодоггүй. Тэгсэн хэрнээ амжиж суусан нэгэндээ атаархана гэж жигтэйхэн. Азаар суусан зарим нэг хүмүүс бий. Гэхдээ тэд галт тэргээр хол явж чаддагүй. Дөнгөж дараагийн буудал дээр л шал согтуу буудаг. Хамгийн харамсалтай нь дараагийн буудал нь түүний өмнөх байснаас нь ч дор газар байх нь бий. Амжилтын галт тэрэг уртаас урт үргэлжлэнэ. Хүсвэл хүн бүр түүнд амжиж сууж чадна. Гэхдээ хүссэн хүн бүр хүсэл шигээ хөдөлмөрлөж, зүтгэж байж галт тэргэнд сууна. Дөнгөж л тавцан дээр гараад ирэхэд оочир дараалал, шахалдаан чихцэлдээн үгүй болно. Амжилтын галт тэрэг дэндүү уужим тул түүнд хүмүүс нэг нэгний шахаж түлхдэггүй. Харин түүнрүү тэмүүлэх хүмүүс нэгэндээ хор хийх нь энүүхэнд... Тиймээс амжилтын галт тэргэнд дандаа сайн хүмүүс байдаггүй.

Tuesday, July 31, 2012

Тоосгүй хорвоо байвал ямар уу?


Өдөр болгон ширээгээ зүлгэж, долоо хоног бүр тоосоо гөвөх хэрэггүй болно. Ажил хөнгөлөгдсөн мэт. Мартсан ном минь орон доор шинэхнээрээ байна. Шкапан дээрээс юм хайхад хуруу тоостож хувцас заваарахгүй. Амьдрал илүү хялбар, цэвэрхэн болох мэт...
Гэсэн ч мартахыг хүссэн бүсгүйнхээ зургийг хэр удаан хараагүйг чинь хэлж өгөх хэн ч үгүй болно. Дэндүү сайхан өдрүүдээс хойш юу өөрчлөгдөж юу муудсаныг сануулах юмгүй болох байх. Яг өчигдөр шиг санагдах дурсамжууд чинь яг үнэндээ өчигдрөөс ондоо болсон байдгийг илтгэх тоос үгүй болно. Хичнээн чухал мэдлэгээ толгойдоо хийлгүй хичнээн удаан тойрч явсаныг илтгэх тоос номон дээр чинь байхгүй... Бүсгүйгээ баярлуулах гэж бүтэн өдөржин гадуур алхсаныг чинь нотлох нотолгоо үгүй болно. Үгүй дээ, бид бурханаас илүүг бодож олж чадахгүй юм байна. Бурхан бидэнд тоосыг дурсамжаа сэргээж бай гэж, цог хугацааг тоолж бай гэж, үнэ цэнэтэйг ухаарч бай гэж бүтээж өгчээ. Бид тоосоо арчих тоолондоо дурсамжаа сэргээж, тоосных нь зузаанаар цаг хугацааг тоолж, тоосонд даруулсаныг нь харж үнэ цэнэтэйг нь ухаарч чухам үнэтэй заримыгаа тоосонд даруулахгүйн төлөө тэмцэж амьдардаг.

Номин-Эрдэнэ гэдэг охины фэйсбүүк зураг, тайлбараас сэдэвлэв.

Sunday, July 29, 2012

Нуурын эргийн байшин



Нугас ангир дандааа хөвж байдаг нуурын эрэгт ганцхан өрөөтэй гурвалжин дээвэртэй байшин байдаг. Түүнд загасчин амьдардаг юм. Өглөө эрт загасчилвал олз арвин байдаг тул талын болжмор сэрж амжаагүй байхад загасчин босч үүрийн цолмонтой мэндлээд ажилдаа гардаг. Завиа усанд түлхэх чимээг нь өглөө эртийн салхи өргөж нисэн нуурын нөгөө эрэгт хүргэнэ, тийм намуухан. Өглөөжин нугас, ангиртай хуучны үлгэр домог ярилцан загасчилсаар үд өнгөрөхөд гэрийн бараа харна. Хайртай эхнэр нь түүнд хүйтэнд унд, халуун гамбир бэлдсэн байдаг... Гамбир хийсэн хиншүүтэй хамт гэрээс нь аз жаргал үнэртдэг.
Нуурын зэгэс шаргалтаад эхлэхэд шувууд ч тэр, загасчин ч тэр гунигтай байдаг. Учир нь тэдний салах цаг ойрсоор буйн дохио юм. Хавар өндөгнөөсөө дөнгөж гарч байсан бяцхан дэгдэхийнүүд хачин том болоод хол замд нисэх бэлтгэлээ хийн ойрхон зуурхан нисэж загасчинд юу сурсанаа гайхуулахад загасчны нүүрэнд гунигтай инээмсэглэл тодордог. Түүний бяцхан дэгдээхий нь хотруу нисээд тэндээ амьдардаг болжээ...

Tuesday, July 24, 2012

Дурсамж - Мэдрэмж


Өчүүхэн бага насны минь өд шиг хөнгөн дурсамж жин ч дарахгүй, зай ч эзлэхгүй зүрхэнд минь мөнхөд оршихдоо борооны тэр нэгэн танил үнэр үнэртэх тоолонд бодлыг минь гижигдэн хүрч ирэхэд уруул өөрөө инээмсэглэдэг. Багадаа тоглож байсан багахан уулын налуу энгэр, машин болгож тоглодог байсан хоёр хүний хонхорхой суудалтай бяцхан хад, ам цангахад ухаж иддэг байсан туулайн байцаа, бороо орох, салхи шуурахад нөмөрлөн хоргоддог байсан хадны ёроол минь тэр л хэвээрээ бодолд бууж сэтгэлийг дэнслүүлнэ. Хад чулуу хэдий ч хөл нүцгэн гүйхэд хэзээ ч хөлийг минь холгож шалбалж байгаагүй, тогойгоо л зөөлөн тавьбал тэрийгээд хэвтсэн ч болдог олон олон бөмбөгөр хаднууд минь одоо эргээд бодоход хөнгөн дэрнээс минь ялгаагүй байжээ... Тоглож өссөн нутагтаа очиход төрсөн гэртээ орох шиг санагдана. Дамжиж гүйж тоглосон чулуун дээрээ гарахад өдөн дэртэй, зөөлөн хөнжилтэй орондоо орсон шиг санагдана.

Шарын гол нутгынхаа уулын энгэрийн олон жижиг хаднууддаа зориулъя.

Tuesday, July 17, 2012

Ер бусын...

Би түүнээс нүдээ ч салгаж чадахгүй түүний хөдөлгөөн бүрийг харж байлаа... Банкны урт дараалалд зогсоход үргэлж төрдөг байсан бухамдал, өмнөх үйлчлүүлэгчийг будилах тоолонд асдаг яарч давчидсан сэтгэл хоёрт минь жигүүр ургаад надаас нисээд явчихсан бололтой. Түүний инээмсэглэл, комьютерийнхээ гар дээгүүр бүжиглээд эвлэгхэнээр тамгаа авч тас тас хийлгэн цохих нь үнэхээр бахтай. “Чөтгөр аваг гэж, ийм хөөрхөн охин энэ хорвоод бас байдаг аа” гэж бодогдоно. Гэнэт миний өөдөөс хараад “Та ямар гүйлгээ хийлгэх үү?” гэхэд нь бараг цочих шиг болов. Түүнрүү гөлөрч байгаад урдах хүнээ үйлчлүүлж дуусаад босохыг ч анзаарсангүй. Түүний энгэр дээр бусдынх шиг нэр бичсэн тэмдэг байсангүй, банкныхны гарын үсэг ямар хүн шиг байх биш дээ нэрийг нь ч мэдэж чадалгүй гараад ирэв. Харилцагчийн сандал дээр нь суугаад жаал хардаг юм билүү гэж бодогдсон боловч хамгаалагч нь асуулт нь асуувал хариулах үггүй болохоор дахиад банк орох ямар ажил байгаа билээ гэж бодсоор гарав

Thursday, June 21, 2012

Хүн шиг амьдрахсан даа


Толгойгоо хичнээн шаасан ч оройтож дээ. Залуу зандансан бол босгоно гээд л зүтгэхсэн, тэр хүн шиг амьдралыг чинь. Даанч тоолгүй явсаар өдийг хүрч. Хүүхэд залуу явахад амттай болгоны идвэл л амьдрал жаргтай юм шиг, агшин бүрт л инээж байвал зорьлого бүтсэн юм шиг, сайхан бүхнийг л авч байвал санаа амрах юм шиг бодож байж. Гэвч хоолонд чихэр биш давс хийдгийн учир, хором бүрт инээх гэж биш, хаая бас уйлах гэж төрдгийг, сайхан бүхнийг авах гэж биш, сайхныг зүгээр л үзэх гэж амьдрал, амь нас байдгийг мэдсэнгүй явж. Амьдрал гэдэг борог дүрэгдүүхэн ч гэсэн бодсон зорьсонтой, хийсэн бүтээсэнтэй, бахархах бахархалтай,  баялаг намтартай байхыг хэлдэг юм байна. Бага залуу насныхаа амьдралыг эргээд бодоход хүн шиг биш, алиа салбадай шиг л амьдарч байж дээ...

Wednesday, June 20, 2012

Нээх гоё


Бороо нээх гоё шаагиад л орно. Бодол нээх гоё ноороод л угаагдана. Сэтгэл нээх гоё шаагиад л шуугиад байна. Сэнгэсэн айраг хамарт үнэртэх шиг догдлуулна. Амьдрал юутай баян билээ, амьд явах юутай жаргалтай билээ. Дуртай дуугаа аялмаар, сэтгэлд хоногшсон дуугаа сонсмоор, жаргалтай. Нимгэн цамцыг нойтон салхи нэвт үлээсэн ч арьсыг л дааруулах төдий, тэр тусам нь харин сэтгэлийн гижиг хүрч бодол улам жаргалтай жавхаалаг болно. Нээх гоё, нээх л гоё тийм нэг өгүүллэг бичихсэн...

Thursday, May 31, 2012

Хил хязгаар


Тоонолжилж хэрсэн төмөр утсаар хил хязгаар минь тогтоогдоно. Төмөр торны цаана өөр хил хязгаар бүхий орон зай. Харин торны наана бас нэгэн бичил хил хязгаар бүхий орон зай. Хоёр орон зай хоорондоо хэмжээгээрээ ялгаатай төдийгүй хэмжүүрээрээ бас ялгаатай. Яагаад гэвэл торны цаадах амьдралыг нарны амьдрал, харин торонд дотрох амьдралыг нарсны амьдрал гэж нэрлэгдэг юм. Нарсны амьдралд өмхий байшингаасаа гарч, салхинд гарахыг жаргал гэж боддог бол нарны амьдрал төвөгшөөх хүмүүс бас бий. Нарсанд масалтай талх гэдэг нарнаас ирэх амттан бол, наранд түүнийг шиншлээд л орхих нохой хүртэл бий... Гол нь нарны амьдралаас хүмүүс яагаад нарсны амьдрал ирдэг юм бэ? Ганц л хариулт бий. Нарны амьдрал хүн бүрт хил хязгаар бий. Өөрийн хил хязгаарыг давж бусдынхруу орвол бичил хил хязгаар бүхий нарсны амьдрал шилждэг юм даа.

Wednesday, May 23, 2012

Цоожтой байшин


Хаалгыг нь хичнээн ч нүдээд хаалга огт тайлахгүй, хэн бэ ч гэж асуухгүй... Хүн байгааг нь мэдсээр байтал хаалгаа тайлдаггүй, ямар эргүү нь энэ байшинд амьдардаг байнаа? Аргаа барахдаа, цоожных нь нүхээр шагайж харна, цоожны нүхээр юу л олигтой харагдаа аж. Гэхдээ харсан ганц нэг зүйлс маань сүүмэлзэн хөдлөх хүний сүүдэр... Тэр хэлээгүй юу, хүн байж л байна. Дахиад баахан тогшино, уурлаж уцаарлан нүднэ. Хэн ч хаалга тайлахгүй. Тэгэхээр нь хаалганых нь засарт хошуугаа нийлүүлж байгаад хашгирна, “Хөөш, хүн байгааг чинь мэдэж байна? Хаалгаа тайл. Наад сүүдэр чинь хөдлөөд байна...” Харин хаалганы цаанаас хариуд нь “Энэ чинь хүний сүүдэр бишээ, цонхны хөшиг салхинд хийсч хөдөлж байгаа юм...” гэсэн хариу ирнэ. Гялс хийтэл тарихнд нэгэн санаа орж ирнэ. Хэрвээ салхи хөшгийг нь хөдөлгөж байгаа юм бол цонх нь онгорхой байж таарах нь. Цонхоор нь ордог хэргээ...

Tuesday, May 22, 2012

Шоглоом (өгүүлэмж 100-150 үгтэй)


Золбоо ээжийнхээ нүүр буддаг тольны өмнөх сандал дээр суугаад гараасаа цус гарахыг эс анзааран хага цохисон тольруугаа гөлрөн байлаа. Тэр мэдээ орсон цагаасаа л аавгүй өссөн. Аавтай, ахтай хүүхдүүдэд дээрэлхүүлэхгүй гэсэндээ шартай, хортой шазруун явсан. Эцэггүй хүүхдийн толгой том гэгчээр хулигаан нөхдүүдтэй нийлж дэмий тэнэж, хүүхэд дээрэлхэн шоглож, тоглоом тохуу хийнэ. Гэтэл тэр гэнэтхэн аавтай болохоо мэдлээ. Гэхдээ бүр... бурхан түүнээр даажигнаж байгаа юм шиг өөрийнх нь хамгийн ихээр дооглож шоглодог нусгай Холбоогийн доголон, архичин аав өөрийнх нь эцэг боллоо. Аавыг дуурайж доголж бас гуувьж явж, шаралхаад ирэхэд нь шанаадаж унаган тавладаг байсан  нусгай Холбоо өөрийнх нь ихэр дүү нь гэнээ... Нүүрээ угаачихсан Холбоо, түүний аав, ээж гурвыгаа хэлэхийн муухайгаар хэлээд хар гүйхээрээ уйлсаар орж ирэн суутал харин тольны цаанаас нусгай Холбоо шоглоомтой харцаар харж байх нь харагдсан тул цохиод авсан билээ...



Monday, April 23, 2012

Диваажин хаана байдаг вэ? (Эргэцүүлэмж 100-150 үгтэй)


Диваажин хаана байдаг бол дандаа надад бодогддог. Тэртээ алсад, тэнгэрт байдаг болов уу? Яг л хүүхэлдэйн кинонд гардаг шиг үүлэн дээр үлгэрийн оронруу орох алтан хаалгатай байдаг болов уу? Эсвэл эсэргээрээ газар доор, гал халуун лаваар хүрээлэгдэн үзэсгэлэн төгөлдөр диваажин маань байдаг байж болох юм. Тэгээд эсэргээ там нь тэнгэрт байж, буруу хэрэг хийсэн нэгнийг хий газар дүүжилж зовоодог байж магадгүй.
Эсвэл магадгүй диваажин зүгээр л дэргэд чинь байдаг байх. Өглөө болгон хагацаж ядан босдог оронд чинь, өлсөөд ирэхэд ээж чинь амтат хоол хийж өгдөг аяганд чинь, болзоонд гарах гээд баяраа хуваалцаж ядан байн байн өмнө нь очиж эргэлддэг толинд чинь, хааяа бүр холын хол явмаар санагдсан ч орой болгон очихоос өөр аргагүй байдаг гэрт чинь байдаг байх.
Бурхны шашинд хүн диваажинд очих гэдэгийг дахин хүн төрлийг олох гэж хэлсэн байдаг. Хэрвээ тийм бол та яг одоо диваажинд байна, тийм биш гэж үү?

Thursday, April 5, 2012

Хавар (100-150 үгтэй өгүүлэмж)

Улирал, цаг агаар, орчлон хорвоод болдог байгалийн бүхий л үзэгдлээс хавар хамгийн найрсаг зантай нь билээ. Жишээ нь өвөл цасан хучлагаараа дэлхийг заавал хучих ёстой. Тэгээд сайхан ааштай бол тогтуун сайхан байж хүмүүсийг баярлуулах ёстой бол ааш муухай үедээ шуурч салхилан бүхнийг тас хөлдөөнө. Гэтэл хавар ямар найрсаг зантай гээч. Тэр гуйсан бүхэнд зөвшөөрнө. Хэрэв өвөл “Найз нь явмааргүй байна, одоо жаахан шуурчихъя гэвэл” тэг л гэж хэлнэ. Зүггүй салхи хүрч ирээд “Хавараа, биеийн чилээгээ гаргаж үүгээр жаахан зугаалъя” гэхэд дөнгөж өглөөхөн нь л зун хүрч ирээд “Би хурдхан хүмүүсийг амраамаар байна. Иймээс одоо байгаа цасыг бүгдийг нь хайлууллаа шүү” гэж хэлсэнийг ч санахгүй зөвшөөрч л орхино. Зүггүй салхи, зуны халуун, өвлийн хүйтэн, намрын найрсаг салхи, хүчтэй аадар, намуухан бороо, ширүүн мөндөр гээд бүгд л найрсаг зантай болохоор нь хавартай найзлана. Бас байн байн зочлон ирж өөрийн чаддаг бүхнээ хавар найздаа сонирхуулна.

Monday, March 21, 2011

Зохион бичлэг

Арван жилд байхдаа монгол хэлний хичээлийн зохин бичлэгийн хичээлд хамгийн дуртай байж билээ. Өдгөө эргээд бодоход тэр хичээл л ганцхүү миний хүсэл сонихол, хоббиг минь бүрэн илэрхийлж, гаргаж чаддаг байж. Бас авъяс чадварыг минь хөгжүүлдэг байж. Тодорхой сэдэв өгдөг, тодорхой, хугацаанд тодорхой үгийн хүрээнд тийм төрлийн зохион бичлэг бич гээд л... Жишээлбэл "Хүчтэний өмнө хүчгүй" сэдвээр 120-150 үгтэй өгүүлэмж бич... Ингээд л бичдэг байсан даа. Доор би 10-р ангид бичиж байсан дээрх сэдвийн өгүүлэмжээ дахин нэг бичиж үзье.