Wednesday, May 20, 2009

Зовлон

zaya: ZOWLON IIMHEN BDAG BOL BI LAW ZOWHOOS OGTHON CH AIHGUI YUM BNA
Нэг найз маань надад энэ үгийг хэлсэн юм. Хэн нэгэн суутны хэлсэн мундаг аппоризм шиг л сонсогдож байгаа биз. Эндээс би зовлон гэж юу болох тухай бодлоо... Хүн бүхэн хэр хэмжээндээ зовлонтой байдаг тухай би бас бодлоо.
Миний харж буйгаар тэр хүн зовоод байх юмгүй мэт боловч өнөө хүндээ бол бас л нэг зовлонтой л байгаа. Мөн миний энэ зовлон зүдгүүрийг ойлгохгүй жаргалтай мэтээр харж байгаа өөр нэгэн ч бас байж л байгаа. Эндээс хоёр зүйлийн гаргалгаа гарч ирж байгаа юм.
Нэгдүгээрт: Хүн бүр хэр хэмжээндээ зовж л байдаг. Тэр нь бусдад анзаарагддаг ч байж болно, үгүй ч байж болно. Хоёрдугаарт: Хүний зовлон гэдэг жижигддэггүй. Өөрөөр хэлбэл хэн нэгний зовлон нөгөөд зовоод байхааргүй өчүүхэн зүйл ч байж болох юм.
Би нэг жишээ дурьдая л даа. Манай ангид С гэдэг нэг хүүхэд байлаа. Тэр баян айлын хүүхэд бөгөөд гэр орны жижиг сажигхан асуудалд л анхаарал хандуулна. Хувцасаа яаж угаана даа гэх мэтчилэн. Гэтэл бүрэн автомат машинаар угаах тул тэр нь миний бодлоор зовоод байх зүйл огтхон ч биш байсан юм. Харин манай найзад бол үнэнэхээр ядаргаатай зүйлсийнх нь нэг байх жишээтэй.
Хэний зохиолыг санадагггүй ээ. Ямартай ч “Сувдан хэлхээ” хэмээх сайхан номонд “Ороонго өвс” гэдэг өгүүллэг байдаг. Тэнд нэгэн мундаг багш, доктрын тухай гардаг бөгөөд тэрээр бусдын харж буйгаар бол маш баян бас аз жаргалтай нэгэн байх ёстой байдаг. Гэвч байнга бусдаас мөнгө зээлж хоосон мэт загнадагт нь хүмүүс их л дургүй. Харин зохиогч нэгэн удаа тэдний хүүхдүүд нь өдий том болсон ч өвгөн эмгэн болсон аав ээжийгээ холгож амьдардаг болохыг нь түүний эмгэнтэйгээ ярих ярианаас санамсаргүй сэм сонсч мэдээд, хойш их л өрөвдөн ойлгож хүндлэх болсон тухай гардаг. Энэ бол бусдын харж буйгаар хангалуун тэнхлүүн амьдрал мэт боловч бас л зовж яваа нэгний түүх юм. Эсвэл эсэргээрээ энд бид тэр хүний хүн хэцүү амьдралыг дүрслэн ярьж суухад тэрээр үүнийгээ огтхон ч зовлон зүдгүүрт боддоггүй байж ч болох юм. Зовлон жаргалыг ямар хэмжиж болох биш дээ.
Бас нэгэн жишээ. Манай нэг найз бясалгалд явж байхдаа нэг ахтай танилцсан гэдэг. Тэрээр гаднаасаа энгийн сайхан амьдралтай нэгэн мэт харагддаг боловч ар гэр амьдрал нь бидний ойлголтоор хүнд хэцүү нэгэн байсан гэдэг. Юун гэхээр эхнэр нь хөлгүй суунга, гэртээ асаргаанд суудаг, хоол унд, бохироо хүнээр зөөлгөдөг, 2 бяцхан хүүхэдтэй... Өөрөөр хэлбэл дөрвөн амыг ганц хүн цалингаараа тэжээгээд дээрээс нь эхнэр хүүхдээ асардаг ийм нэгэн залуу. Миний харж буйгаар бол тэсвэрлэшгүй амьдрал. Гэсэн ч тэр ах тийм гэж боддоггүй гэнэ. Арай ч аз жаргал гэж боддоггүй л байх. Гэхдээ ямар ч байсан зовлон зүдгүүр гэж боддоггүй бөгөөд үүндээ шаналж гунидаггүй ажээ. Сонин байгаа биз.
Гэвч зовлонгүй хүн гэж байдаггүй гэдэг. Яагаад гэвэл шунаж хүсдэггүй, давардаагүй хүн байдаггүй юм. Ийм нэг онигоо байдаг ш дээ. “Давардаггүй хүн байдаг болов уу?” “Ёстой мэдэхгүй. Далай багш л давардаггүй байх даа” “Гүй ээ. Далай лам чинь давардаг юм. Дахиад нэг маань уншчихъя гэж давардаг юм” гэж. Хүсдэггүй, шунадггүй, давардаггүй хүн байдаггүй болохоор хүсэлдээ, шуналдаа, давралдаа зовж л байдаг.
Энэ бүхний эцэст зовлон гэдэг бол харьцангуй ойлгот юм гэдэг дүгнэлтэн хүрч байна. Энэ тухай та бас эрэгцүүлэн бодоод надад болон уншигчидад маань өөрийн бодлыг илгээгээрэй.

Thursday, October 16, 2008

Being student and being worker

Оюутан байх ба ажилчин болох.
Оюутан байхдаа ойлгоогүй байсан олон зүйлээ одоо ойлгож байнаа... Ойлгох тусам харамсал төрөх юм. Жишээлбэл оюутан байхдаа ажил хийхгүй цусаа хийж явсанаа одоо болтол ойлгохгүй юм. Эргээд бодоход номын сан сахихаас өөр олигтой юм ер хийгүй санагдана. Тэгээд номын сан сахиад хийдэг ажил нь хөөрхөн охин харах... хахаха. Хүнд гар байжээ. Гэхдээ би оюутан байхдаа ажил хийх юмсан гэж боддог байсан. Гагцхүү хийж чадахгүй хүний ажил алаад хаячихвал тусгүй гэж бодсондоо л хүчилж хайдаггүй, хийдэггүй байсан билээ. Гэтэл одоо эргээд бодоход хийж цөхөөд байх юм энд ер алгаа... Бүр их сургуульд сураагүй байсан ч хийхээр ажил юм. Тэгээд ч ер нь тэр хүн ажилд авсан л бол чадахгүй хүн авсан байж болзошгүй гэдэгээ тооцсон л байгаа шүү дээ. Тэрийг л ойлгоогүй явсан гэхээр бас л тэнэг байсан байна шүү. Ажил гэдэг ер нь маш энгий амархан байх юм. Зөвхөн хариуцлага л хүнээс шаарддаг. Өмнөх ажлаа цаг тухайд нь хийдэг, түүндээ хариуцлага үүрч чаддаг тийм хүн ажил хийхэд ядаад цөхөөд байх юм даанч алга. Гагцүү тэр хариуцлага хүлээх чадвар гэдэг нь хүн бүрт байна уу гэдэг л бодууштай асуулт юм. Японд суралцагчийн ЭМОС клубээс гаргасан “Өөрийгөө хөгжүүлье” номон дээр нэгэн санааг хэлсэн байдаг. Тэнд дурдахдаа оюутан бие даалтаа хийнэ гэдэг нь тухайн оюутан ажил дээр гараад ажил даалгавар хүлээн авч түүнийгээ биелүүлэн, дарга захиралдаа танилцуулах дадлага бэлтгэл болдог юм гэсэн санааг хэлсэн байдаг. Үнэхээр ч бодохнээ тийм юм. Ерөөс их дээд сургууль гэдгийг эрдэм ном сурч зэрэг цол авах газар гэж төсөөлөн ойлгох буруу юм шиг надад санагдсан. Тэнд оюутан үнэндээ ажил дээр гараад ажиллах чадвар гэдэг зүйлд л суралцаж дадлагаждаг. Угаасаа хүн бүх насаараа сурдаг, ажил дээр гараад ч суралцаж л байдаг. Тиймээс тэр цөөхөн жилүүдэд бүхнийг сураад гарахдаа бус ажлын талбар дээр хариуцлага хүлээгээд ажиллах чадвартай боловсон хүчин болж гарахад л их дээд сургуульд сурсаны гавъя оршино гэж би бодох боллоо. Чи хийчээлдээ хоцрохгүй ирнэ гэдэг ирээдүйдэд ажилдаа хоцрохгүй очих бэлтгэл юм. Мөн дээр хэлсэнчлэн бие даалт, даалгавар, дипломын ажил зэрэг нь удирдлагаасаа ажил хүлээж аваад түүнийгээ гүйцэтгэж эргээд тайлагнан танилцуулах дадлага болж байгаа юм. Сургууль үүнийг хийгээгүйн төлөө оноо хасдаг бол ажил дээр чиний цалин хасагдах болно. Онц сайн сурвал боломжууд нээгдэж шагнал урамшуулал авах, гадаад улс орнуудад суралцах боломж ч олддог. Ажил дээр ч мөн ялгаагүй. Онц сайн ажиллавал шагнал урамшуулал авахаас гадна байр орон сууцтай болох мэргэжил дээшлүүлэн суралцах гэх мэт боломжууд нээгдэн гарч ирдэг. Ингээд л бодохоор их сургуульд сурна гэдэг ажил хийж тоглож байгаа тодорхой дүрэмтэй тоглоом юмуу даа. Жинхэнэ ажил дээр та цалин авна. Харин энд бол оноо авна. Гэхдээ тоглоомын төгсгөлд хэн өндөр оноотой нь сайн ажилд орно гэсэн ерөнхий болзолтой боловч энэ нь даанч монголд гурил болчихоод байгаа юм. Энэ байдал нь оноо өгөгч багш нартай холбоотой. Тэдний халааснаас бэлэн мөнгө унадаггүй учраас тэд оюутнууддаа оноог харамгүй цацдаг. (Багш нар ч гэж дээ. Бараг захирал удирдлагууд нь юмуу даа. Тэд л тулсан дүнтэй дипломыг мөнгө өгсөн хүнд гаргаад байдаг юм байна лээ ш дээ) Харин ажлын талбар дээр бол бэлэн мөнгө өгч байгаа учраас ажил олгогч, байгуулгын дарга удирдлагууд ном ёсоор нь буюу хийсэнд нь хийсний хэмжээгээр өгч хийгээгүйд нь хасч тооцдог. Сургуульд чи багшаа панаалдаан дүн гуйгаад авчихаж болно. Харин ажил дээр бол захиралаа паналдаа цалингаа бүрэн авна гэсэн юм байхгүй.

Birthday

Төрсөн өдөр
Нэгэн охины төрсөн өдөр болж гадаа салхилж явахад нь гэр бүлийн найзууд нь түүнд бэлэг авч өгөв. Ээж нь бэлгэнд ирсэн том хайрцагтай питченийг задлах гэхэд охинд бага зэрэг харамлах сэтгэл төрж “Гэртээ ороод задлая” гэв. Гэтэл ээж нь хэлж гэнээ. “Миний охины төрсөн өдрийн бэлгийг задалж энэ олон хүмүүст өгвөл эдгээр хүмүүс баярлах болно. Тэгээд тэд чамайг энэ хорвоод төрсөнд чинь баярлах болно. Энэ бол чиний төрсөн өдрийн жинхэнэ утга учир юм шүү дээ. Иймд чи бусад хүмүүс бурханы ивээлээр чамайг бидэнд төрүүлжээ гэж бодтол бусдыг баярлуулж, тэдэнд хэрэгтэй хүн байж амьдрах хэрэгтэй” гэжээ.

Joke what happened me

Болсон онигоо
Саяхан би нэг сонирхолтой мэдээ уншлаа. Тэнд дэлхий дээр хамгийн тэнэг шалтгаанаар ажлаас халагдсан түүх шалгаруулсан тухай бичсэн байснаас нэлээн дээгүүрт нэгэн програмистийн түүх цохиж явсан юм. Тэрээр компьютер дээр байж боломгүй тэнэг үйлдэл хийх үед “Усан тэнэг” гэсэн мэдээлэл дэлгэцэн дээр гарч байхаар програм хийж тараасан нь захиралд нь ч бас очжээ. Гэтэл нэгэн өдөр захирал нь тэр гайтай үйлдлийг хийж “Усан тэнэг” болохоо ойлгосон байна. Тэгээд л тэр дариуд нь усан тэнэг илрүүлэгчийг ажлаас нь халчихсан гэдэг. Гэтэл хамгийн инээдтэй нь би бас ийм байдалд орж байсан юм. Өмнө ажиллаж байсан компаны захирал надад нэгэн даалгавар өгснийг би хийж байхдаа хэрэв дуудсан файл маань нээгдэхгүй бол “Худлаа шаагаад байна” гэсэн мессэж бокс гарч байхаар программчилсан юм. Программаа дуусгаад захиралдаа өгчихөөд сууж байтал захирал намайг дуудаж энэ “Худлаа шаагаад байна” гэсэн бичлэгээ соль гэдэг байгаа. Уг нь програм хэвийн ажиллавал тэр бичлэг гарах ёсгүй байсан л даа. Би тухайн үед нэлээн сандарсан билээ. Харин хэсэг хугацааны дараа инээд хүрээд болдоггүй... Зархиралын өөдөөс тэр бичиг гарах үед ямар байсан бол...? 

I think...

Миний бодлоор...

Би нээх мундаг мэдлэгтэй чадвартай хүн биш л дээ. Гэхдээ энэ нэг улс орныг хөгжүүлэн цэцэглүүлэх тухай өөрийн гэсэн бас нэг бодол, төлөвлөгөөтэй явдаг билээ. Үүнийгээ та бүхэнтэй хуваалцая. Таван жилийн өмнө Хүмүүнлэгийн Ухааны Их сургууль дээр “Маркетингийн өдөр” гэж болоход эдийн засагч Дашзэвэг ирж илтгэл тавьсан юм. Тэр үеэр Хүмүүнлэгийн нэгэн оюутан түүнээс “Одоо монголын эдийн засгийн 3 үндсэн тулгуур байдаг гэдэг. Алт, зэс ноолуур. Тэгвэл дөрөв дэх тулгуурыг та юу гэж боддог вэ?” гэж асуухад Дашзэвэг “Программ хангамж” гэж бодох ч гүйгээр хариулж билээ. Би өөрөө программ хангамжийн мэргэжилийн хүн болохоор ч тэр үү энэ саналтай үнэхээр санаа нийлдэг юм. Гэхдээ программ зохиоход бас учир бий... Өнөөдрийн байдлаар монголд программ хангамжийн цөөнгүй компаниуд байгаа бөгөөд харин интернет программчлал буюу вэб урлалаар бол бүр тоогүй олон компани үйл ажиллагаа явуулж байгаа. Гэвч тэдний чанар буюу олон улсад хүлээн зөвшөөрөгдөх чадвар нь тун сул. Яахав цөөхөн хэдэн газар нь олон улсад өөрийн бүтээгдэхүүнээ борлуулж байгаа боловч хангалттай хүчирхэг байж бас л чадахгүй байна. (Тиймгүйсэн бол тэд өнөөдөр монголын хамгийн баян компаниуд байхсан бизээ) Бусад нь бол дотроо л зах зээлээ булаацалдан ажин түжин ачир тачирхан амьдарч байна даа. Мөн бидний нэг сул тал нь хоорондоо өрсөлдөж байна гэж үнээ газарт тултал унагадаг. Гэтэл хаана гэлээ хэсэг иргэд гараар урласан цамцаа яг нэг тогтмол үнээр зардаг гэсэн. (Би энэ тухай мэдээллийг Баабарын нэг нийтлэлээс уншсан юм. Яг юу гэдгийг нь санадаггүй ээ. Хэрэв та хэн гэдэг үндэстэний юу гэдэг цамц ямар үнээр зарагддагыг нь жинхэнэ эх сурвалжаас нь уншихыг хүсвэл Баабарын бүх нийтлэлийг уншаад үзээрэй. Амжилт хүсье ) Тэдний цамцыг Доржоос нь авсан ч адилхан Батаас нь авсан ч адилхан үнэтэй. Харин манайд бол Доржтой сайн ярьвал доошоо үнэтэй. Баттай бүр сайн тохиролцвол бараг үнэгүй авна гээч... Ингэхээр нэгнийхээ хоолыг булаагаад зогсохгүй өөрийн ирээдүйгээ бүрэнхийлж байгаа явдал юм. Үүнийг чинь “Тамын тогооны үлгэр” гэдэг биз дээ. Гэтэл Бат Дорж хоёр хоюулаа хамтрагчид болоод нэгэн ижил үнээр нэгэн ижил бүтээгдэхүүнийг худалдаж хамтран ажиллаж болох бас нэгэн боломж байгаа гэдгийг ер ухаарахгүй юм. Юу ч гэмээр юм бэ дээ. Хоорондоо өрсөлдөх биш хоюулаа нэгдээд бусадтай (гадаад улс орнуудтай гэх үү дээ) өрсөлдөж болно шүү дээ. Ингэвэл байдал хамаагүй дээрдэнэ. Үүнийг энгийнээр логикоор тайлбарлая л даа. Монгол улс программ хангамжийн 10 төгрөгний зах зээлтэй гэж төсөөлье. Хоёр компани хоорондоо өрсөлдөн ажилладаг гэвэл тэд хагас хагасаар нь буюу тав таван төгрөгний ашигтай ажиллана гэж үү. Үгүй шүү дээ. Тэд хоорондоо өрсөлдөж байна гээд нэг нь гурван төгрөг харин нөгөө нь хоёр төгрөг олох болно. Тэгээд дан дангаараа ажиллаж байгаа учраас дэлхий дээр хөлөө олсон томоохон компаниудтай өрсөлдөж томоохон программ хангамж хийн өрсөлдөж чадахгүй. Том юмыг олон хүн хурдан хийнэ цөөн хүн удаан хийнэ. Орчин үед том нь жижигээ бус хурдан нь удаанаа иддэг болсон гэж дэлхийн тэргүүн баячуудын нэг Билл Гейтс хэлсэн байдаг. Ингэхээр цөөн цөөнөөрөө хуваагдсан монголын компаниуд дэлхий дээр өрсөлдөж чадахгүй нь ойлгомжтой байгаа биз дээ. Тэгэхээр бид нэгдэж хамтран ажиллах хэрэгтэй болж байгаа юм. Бид нэгсэнээрээ монголынхоо зах зээлийн 10 төгрөгий хэнтэй ч өрсөлдөлгүйгээр бүрэн авч жинэхэнэ утгаар хувааж аваад зогсохгүй дэлхийд өрсөлдөж дэлхийн тогооноос халбагадах боломжтой болно. Под хийгээд ч явчихна даа. Энэ нийтлэл/ өгүүллэг/ эссэнийхээ төгсгөлд та бүхэнд нэгэн түүхийг сануулъя. Эртээ урьд цагт Чингис хаан гэдэг хүн хоорондоо ажин түжин байсан баахан аймгуудыг нэгтгэсэн нь асар хүчирхэг болж дэлхийн талыг эзэлсэн гэдэг. Тэгэхээр тухайн үеийн аймгууд нь дор бүрнээ хүчирхэг байсан боловч хоорондоо дайсагналцаж байсан тул хөрш зэргэлдээ орнуудаасаа дорой буурай байсан болов уу гэсэн таамгыг төрүүлж байгаа биз. Өнөөгийн манай программ хангамжийн компаниуд миний төсөөлж буйгаар тэр үеийн аймгууд шиг л байгаа юм. Иймд программ хангамжийн Чингис монголд хэрэгтэй болоод байх шиг байгаа юм даа.
Жич: Хоёр жилийн өмнө “Чингис хааны маркетинг менежментийн бодлого, түүний хэрэглэх нь” сэдэвт илтгэлийн уралдаанд энэ шийдлээр оролцоод эхний шатнаас гарсан боловч дараагийн шатанд мултарчихаж билээ. Хүүхэд ч байж дээ. Хэхэ Миний бодлоо үнэхээр Чингис хааны менежментийн бодлого нь эв нэгдэл байсан бөгөөд тиймдээ ч “Монголчууд эвтэй байхдаа хүчтэй” гэж хэлсэн болов уу? Гэж л ойлгосоноос ийм шийдэл олсон хэрэг.

Secret of successful

Амжилтын нууц
Би өөрөө амжилтанд хүрээд түүнийхээ нууцыг бусадтай хуваалцах гэж байгаа ЛАГ залуу биш шүү. Харин амжилтан хүрэхийг маш ихээр хүсч байгаа түүндээ хүрэх арга замыг өдөр шөнөгүй боловсруулж суугаа энгийн нэгэн залуу. За энэ ч яахав. Гол яриандаа оръё. Миний бодлоор амжилтан хүрэхэд цорын ганц жор бий. Энэ бол уйгагүй хөдөлмөр. “Амжилтан хүрэхэд авъяс арван хувь хөдөлмөр ерэн хувь байдаг” гэж үг ч байдаг. Харин уйгагүй хөдөлмөрлөхөд ганц л зүйл хэцүү. Энэ бол залхуурал. Эндээс залхуугаа давж чадвал амжилтан хүрч болно гэсэн гаргалгаа гарч ирж байна. Тэгвэл залхуугаа яаж дийлэх вэ? Амжилтан хүрэхэд хөдөлмөрлөх хэрэгтэй гэдгийг хүн бүр мэддэг байтал үүнийг л давтан давтан бичсэн номнууд амжилттай зарагдсаар байна. Харин залхуугаа яаж дийлэх вэ гэдгийг бичсэн ном... Аа би нэгийг уншиж байсан юм байна. Энэ бол Японд суралцагч оюутануудын ЭМОС клубээс гаргасан “Өөрийгөө хөгжүүлье” ном. Энэ номонд хэлэхдээ өөрийгөө урамшуулах замаар дургүй зүйлээ хийх хэрэгтэй гэсэн байдаг. Жишээлбэл би ундаа уухыг хүсч байна. Гэхдээ даалгавараа хийх хэрэгтэй байгаа. Тэгвэл өөртөө “За яг энэ даалгаварыг хийгээд л ундаагаа авч ууя” гэж хэлэх жишээтэй. Эсвэл би дугуй унаад гадуур зугаалахыг хүсч байтал нэгэн бяцхан судалгаа хийж дүгнэлт бичих хэрэгтэй байлаа гэж бодъё. Мөн л дээрхийн адилаар судалгаагаа хийж дуусаад дугуйгаараа зугаална даа гэж бодох хэрэгтэй гэсэн үг юм. Энэ мэтээр хийсэн үйлийн дараа дуртай зүйл маань улам ч амттай болдог гэсэн санааг дээрхи номонд бичсэн байсан юм. Энэ аргыг олон хүн хэрэглэдэг гэж би боддог. Бүр өдөр тутам шүү. Харин би өөр нэгэн залхуутайгаа тэмцэх аргыг зориг гарган хэлэхийг хүслээ. Энэ бол спортоор хичээллэх. Спорт хүнийг маш их тэсвэр тэвчээртэй болгодог. Тэсвэр тэвчээрээр олон зүйлийг хийж болно. “Тэвч. Тэгвэл чи ялна” гэж үг байдаг даа. Тийм шүү. Тэвч тэгвэл та ялна. Дургүй зүйлээ хийж байна гэж төсөөл. Тэвч тэгвэл та хийж дуусгана. Тэвчээд суувал бидэнд чадахгүй зүйл байхгүй. Харин тэвчээрээ спортоор дамжуулан олж ав. Спортын ололттой тал ганцхан үүгээр дуусахгүй ээ. Бие бялдарын өв тэгш байдал, эрүүл мэнд, гоо сайхан гээд бүхний мэддэг давуу талуудаас гадна “Би нэг тийм юмыг чадна шүү” гэсэн бардамнал байхад сэтгэл хүртэл сайхан. Спортоор хичээллэсэн хүмүүс аливаа юманд их эвсэлтэй, эв дүйтэй болсон байдаг. Алх хадаас бариад хадахад хүртэл арай олон онож цохих жишээтэй. Үүгээр ч зогсохгүй хүний сэтгэн бодох чадварыг бас нэмэгдүүлдэг гэдэг. Ингээд бодохоор спорт бол хүний амьдралын амжилтын үндэс юм. Та эрүүл, сайхан байвал таны амьдрал аз жаргалтай байх болно. Эрүүл сайхан хүнийг хайрын тэнгэр хүртэл ивээнэ шүү дээ. Хахаха. Тэгээд спортоор дамжуулж олсон тэвчээрээрээ та ажилдаа амжилт гаргах болно. Ингэхээр спорт амжилтын нууц мөн байгаа биз?

The bush potatoes

Бут төмс
Нэлээд хэдэн жилийн өмнө юм даа. Манайх нэг айлын хашаанд багахан газар төмс тарихаар болж аав дүү бид 3 очиж суулгасан юм. Нэлээд байж байгаад дахин очиж зэрлэгийг нь түүж, манах юм болсон. За тэр төмс мөмсхөн тарисан тухай ч яахав дээ. Тэр айлын хөршийн өвгөн жигтэйхэн яриа хөөрөөтэй сайхан хөгшин бий. Залуудаа багш явсан гэсэн шиг санагдана. Аавыг маань их хүндэлнээ, тэгээд л юу ч хамаагүй их юм ярина зайлуул... Тэгэж байгаад аавд маань нэг хэллээ. “Эрхэмээ,ийм нэг үг байдаг ш дээ. Чи нэг л бут төмс тарь. Тэр чинь нэг оройн хоол чинь.” Гэлээ. Аав маань хэ хэ гээд л өнгөрсөн. Харин дараа нь аав надад “Яа гэж ийм үг хэлж байгаа юм болоо? Намайг одоо хэдэн бут тарьсанаа тоолж хэдэн оройн хоолтойгоо мэд гэж байгаа юмуу? Юу гэсэн үг юм болоо?” гэж их л гайхаж билээ. Нээрээ л тухайн үед тэр үгийг яаж хэрэглэх нь үнэндээ маш ойлгомжгүй байлаа. Уг нь тэр үгний утга учир нь бут сөөг тоолохдоо биш төмс ногооны ашиг шим ийм арвин юмаа гэдгийг л харуулах гэсэн санаа юм шиг байгаа юм. Даанч тун оновчгүй үед тун тохиромжгүйгээр тэр үгийг хэрэглэсэн л дээ. Намайг 6-р ангид байхад орос хэлний хичээл дээр нэг бяцхан үлгэр уншиж түүнийгээ орчуулсан юм. “Нэг туулай тариан талбайгаас лууван хулгайлаад харьж явахдаа түүнийгээ зам дээр гээчихэж гэнээ. Тэр гээсэн лууванг нь үнэг олжээ. Үнэг луувангаа чононд бэлэглэж гэнэ. Чоно түүнийг нь баавгайны төрсөн өдөрт нь очихдоо өгчээ. Баавгай лууванг хүүдээ өгч. Хүү нь лууванг бяцхан найз туулайндаа өгчээ. Туулай түүнийг нь амтархан идэж гэнээ.” Гэж... Энэ үлгэрийн үзэл санаа нь хэнд хэрэгтэй байна түүнд нь л өг гэсэн санаа юм. Үнэг, чоно, баавгай, бамбарууш алинд нь ч лууван хэрэггүй. Харин туулайнд хэрэгтэй. Эндээс дээрхи үзэл санаа дахин давтагдаж байна. Тохиромжтой үед оновчтой зүйлийг өгч, хэлж, тусалж байх хэрэгтэй. Энэ санааг монгол ардын зүйр үгт “Тэнхлүүн явахад тэмээгээр тусалсанаас тэвдэж явахад тэвэнгээр тусал” гэсэн байдаг.