Friday, June 26, 2009

About women

Бүсгүйчүүдийн тухай
Sat Jun 27, 2009 06:17  

Бүсгүй хүн гэдэг хясаа. Хясаа олон янз байдаг. Гаднаасаа зарим нь гялалзан гялтаганаж солонгорон ягаарч үнэхээр гоё ганган харагддаг. Зарим нь шавар шавхайнд хучигдан халтайж халтартсан байх нь ч бий. Гэсэн ч хясаа л бол хясаа. Хавтсыг нь л нээж харах хэрэгтэй. Дотроо сувдтай байн уу? сувдгүй байна уу? гэдгийг нь харах хэрэгтэй. Хамгийн чухал нь л тэр. Гаднаасаа хичнээн гоё гялгар байгаад ч дотроо сувдгүй хясаа зөндөө байдаг. Шавар шавхайтай халтар муухай хясаа харин дотроо сувдтай байх нь цөөнгүй. Хамгийн гол нь ямар ч хясааг угааж арчаад харах юм бол бүгд л биенээсээ дутаад байхааргүй гялалзсан сайхан өнгөтэй байдаг. “Муухай эмэгтэй гэж байдаггүй. Учир нь тэд бүгд эх хүн болдог.” гэж нэг мэргэн хүний хэлсэн үг санагдаад байх юм. Даанч хэн хэлсэн гэдгийг нь санадаггүй. Бодвол би “2х2=6 буюу суут 60 сэтгэгч” номноос л харсан байх. Хясааг сувд түүгчид ямар хэцүү аргаар хайж түүж олдог гээч... Хөлнөөсөө хүнд чулуу уяад усруу үсэрч хамгийн гүн хэсэгт нь очоод чадах чинээгээрээ олон хясаа уутандаа хийж авна. Тэгээд хөлийнхөө уягаат тайлаад дээшээ сэлж гарна. Завин дээрээ гараад хясаануудаа задлаад үзэхэд ихэнх нь хоосон байхыг нь яана... Би үүнийг санаасаа зохиож яриагүй юм шүү. Мэдээж би сувд түүж байгаа хүмүүсийг хараагүй л дээ. Харин Эрнест Хэмингуэгийн “Хар сувд” билүү зүгээ л “Сувд” билүү эсвэл “Сувд түүгч” гэдэг зохиолоос уншсан юм. (Уучлаарай. Би ёстой яаж ч хичээгээд зохиолынх нь нэрийг санадаггүй ээ. Бодоод байсан Эрнест Хэмингуэн зохиол биш ч болох шинжтэй болоод явчихлаа. Энэ зохиолын мэддэг хүн байвал хэлж тус болоорой.) Мэдээж сувд түүгчид эргийн дагуу байгаа хялбар олдох хясаануудыг түүгээд дотрохыг задлаад үзэж болно. Гэтэл тэд заавал тэнгисийн гүнрүү шумбаж хясаа түүдэг. Эрчүүд бол сувд түүгчид. Амьдралынхаа эхэн хэсгийг сувдтай хясаа олох гэж эрэн сурвалжилж хайж явдаг. Зарим нэг нь бүх насаараа сувдтай хясаагаа хайж явах нь бий. Сувдтай хясаа ховор юм болохоор нэг хясаа дотроо сувдтай байгаад нь мэдчихвэл булаацалдаж өрсөлддөг. Хамгийн сонин нь тэд зөвхөн сувдтай хясаанд “би чамайг бүх насаараа хайрлан хамгаалж явж чадна” гэдгээ л харуулж итгүүлэхийг оролддог. Энэ нь ч зөв. Учир нь хясаа хэнд очиж хэнийх нь хайр халамжинд бүх насаараа амьдрах вэ гэдгээ өөрөө шийддэг юм.

Monday, June 15, 2009

Бусад хүн муу явна гэдэг та сайн явна гэсэн үг биш.

Зарим хүмүүс чиний сайн явахыг харнаа гэж хэлдэг. Мөн энэ миний дээр гарч чадахгүй гэж ч хэлдэг. Миний бодлоор тэр хүний ямар явах тухай ярих биш өөрийнхөө ямар явах тухай л бодмоор байдаг юм. Жишээ авъя л даа. За төсөөлье. Нэг ангийн 2 сураг ч байжээ. Сургуулиа төгсч уралдаант шалгалтанд орох болжээ. Тэр 2 хоюулаа тийм сайн сурагчид биш тул өөр хоорондоо л их өрсөлдөнө гэж ойлгож байлаа. Тиймээс уралдаант шалгалтанд бие биедээ тусалж дэмжих биш харин ч эсэргээр нь хийж нэгнийгээ хорлохыг хүсчээ. Тиймээс зориуд худлаа юм хэлж өгч 2 биенээ хоролж чаджээ. Үр дүн нь 2уулаа муу дүн авч уралдаант шалгалтандаа хоцорсон байна. Ямар олиг байхав дээ. Уг нь 2 биенээ дэмжээд ажилласан бол 2уулаа давгүй дүн авч амьдрал нь нааштайгаар эргэх байлаа. Гэтэл хоорондоо өрсөлдөж байгаа нэрээр нэгнийгээ хорлоход хамаг анхаарлаа хандуулсанаар өөрөө ч хоосон, өнөөхөө ч хоосон үлдээж байна. Тэр хүн муу байснаараа та сайн байна гэсэн үг биш шүү. Харин та сайн байснаараа тантай харьцуулбал цаад хүмүүс чинь тааруухан явахыг үгүйсгэхгүй ээ. Гэхдээ ямар ч байсан тэр хүнийг муу явуулах гэж хичээх биш та өөрийгөө сайн явуулахад л цаг зав ухаан бодлоо зориулах ёстой. Гэтэл хүмүүс тийм байдаггүй. Харин ч бусдыгаа муулж улыг нь шагайж өөрийгөө хөгжүүлэх, сурч мэдэх, хийж бүтээх цагаасаа хороож байдаг. Үр дүн нь ямар гээч... Улыг нь шагайж мууг нь үзсэн хүнтэйгээ хамт та шаварт живэх болно. Учир нь та өөрийгөө хөжүүлээгүй. Та шавараас гарах гэж хичээгээгүй. Харин эсэргээрээ та тэр хүнийг зөнд нь орхиод өөрийгөө хөгжүүлэх, сурч мэдэх, хийж бүтээхдээ цаг заваа зориулсан бол шавраас гарах байсан. Аан? Тэр хүний тухай асууж байна уу? Тэр хүн яахав дээ. Шавраас гарвал тэр л биз, гарахгүй бол бас л тэр биз. Ойлгож байна уу? Тэр хүн сайн муу явах таны сайн муу явахад нөлөөлөхгүй шүү дээ. Таны сайн муу явах нь танаас өөрөөс тань л хамаарах болно. Ер нь тэгээд бусдыг хохироохын тулд өөрийгөө золионд гаргана гэдэг ухаалаг сонголт биш шүү дээ.