Monday, June 23, 2008

About consternation

Айдсын тухай... Айдас гэдэг хүнд олон янзаар ирдэг. Хүн олон юмнаас айж л байдаг. Тэр болгоныг тоочих аргагүй. Харин айдсын илрэл цөөхөн байдаг. Гэхдээ тэр нь юунаас айснаасаа их шалтгаалдаг. Жишээлбэл хулганаас айсан эмэгтэй хүн хашигирч орилж гүйдэг. Харин том нохой ч юмуу эсвэл сигнаалаа орилуулаад ирж яваа машинаас айвал орилох нь нэг нь орилох боловч гүйгээд байх нь ховор. Адуу бас яг тэгдэг гэсэн. Цагаан уутнаас үргэж бусгаад сүйд болох мөртөө амь насанд нь халтай баавгай гэдэг амьтантай таарвал цусаар шээгээд зогсчихдог гэдэг. Гэхдээ эдгээрийг монгол хэлэнд цочих, цочиролд орох гэж өөрөөр нэрэлдэг л дээ. Гэвч олноороо айдаст автвал яадаг вэ? Нийгмээрээ ямар нэгэн юмнаас айвал... Жишээлбэл өвчинөөс... Энд 2 янзын илрэл гарч ирдэг гэж би боддог. Эхнийх нь орилдог айдас. Энд эмх замбараагүй байдал бий болж, хувь хувиа бодон аль нэг тийшээ дүрвэн зугтахыг эрмэлздэг. Харин 2 дахь нь бүтээлч байдлаар илэрдэг. Хүмүүс болзошгүй аюулаас урьдчилан сэргийлж ямар нэгэн зүйлсийг хийж бүтээдэг. Жишээ нь хятадууд монголчуудын довтолгооноос айхдаа цагаан хэрмийг барьсан. Гэвч бариагүй хүмүүс бас байгаа байх гэж би боддог. Тэд өмнө зүгт зугтаж одсон байх. Хүн төрлөхтөн айдсаас олон зүйлийг хийж бүтээсэн. Тэд цаг агаарын гамшиг, араатан амьтанаас аюулгүй амьдрах гэсэндээ оромж бүтээсэн. Харин бүтээлч бусаар айж орилж зугтаасан сармагчигууд сармагчин чигээрээ үлдсэн. (Миний л бодол шүү) Хүмүүс гол гарахаас айдаг байсан. Тэд аюулгүй гарахын тулд гүүр бүтээсэн. Энэ мэт олон бүтээлийг бид эргэн тойрноосоо харж болно. Эндээс бид айдсаас айгаад л байх биш айдсыг бий болгож байгаа тэр зүйлийг үгүй болгохыг хичээн бодох ёстой гэдгийг ойлгох хэрэгтэй юм. Энэ бүтээлч айдсыг монгол хэлэнд урьдчилан сэргийлэх гэж хэлдэг. :)

Sugar

Манайд нэг төмөр сав байдаг юм. Манайх элсэн чихэр аваад л тэр савандаа бүгдийг нь хийчихдэг. Намайг бага байхад тэр савны яг амсараар нь таараад дүүрдэг байлаа. Гэтэл сүүлийн хэдэн жил савныхаа амсараар дүүрэхээ байчих юм. Сүүлрүүгээ бүүр нэлээд доошилчихсон. Одоо дундуураас арай дээхнүүр нэг кг болж байгаа. Сонин байгаа биз. Элсэн чихэрээ дэлгүүрийн элэктрон хил дээр тавьж үзэхэд яг л нэг кг-г заадаг. Оруулж ирээд хийхээр дундуур байдаг... Төмөр сав л том болоод байх шиг байгаа юм даа. хэхэ. Францад билүү дээ... Тийн тийм Луврийн музэйд шиг санагдаж байна. Нэг кг-н жинтэй цагаан алтан туухай байдаг гэдэг. Тэр туухайгаар анх кг гэдэг нэгжийг тогтоож түүнээс харьцуулж хүндийн хэмжээг хэмждэг болгожээ. Жишээн дээр тайлбарлавал: Ямар нэгэн шалтганаар дэлхийн бүх жинлүүр буруу заадаг болчихвол тэр туухайг дээр нь тавьж байгаад нэг кг гэдэг хэмжээг тохируулна гэсэн үг юм. Энэ бол нэг кг хэмжээний тогтсон загвар... Тэр туухай жижигрэсэн болов уу? Хэвээрээ байгаа болов уу?

Thursday, June 19, 2008

Conscience

Би өчигдөр эмээгийндээ очиж үдийн цайгаа уулаа. Эмээ маань надад ааруул авч хадгалсан байна. Намайг дуртай болохоор дандаа л авч хадгалдаг бөгөөд өөр бусад зээ нартай өгөх тун дургүй. Хэн нэг нь авчихвал надад бүр ховлоно гээч :) Гэхдээ эмээ маань жинхэнэ хотын эмээ болохоор өөрөө ааруул цагаан идээндээ тийм ч сайн биш, харин чихэр шоколаданд нугасагүй. Хотын эмээ тэр их ааруул хуруудыг хаанаас авдагийг би мэдэхгүй. Бодвол захаас л аваад надад хадгалдаг байх. Өөрөөр хэлбэл худалдаж авч гэсэн үг шүү дээ. Харин би эмээдээ очихдоо шоколад авч очдоггүй, бүр санадаг ч гүй байж... хамгийн инээдтэй нь би зүгээр л нэг ангийхаа шоколаданд дуртай охинтой уулзахдаа шоколад авч очдог. Тэр охинтой үерхэнэ ч гэдэг юмуу унтана даа гэж бодож шоколадаар панаалдах гэсэн санаа надад огт байхгүй. Зүгээр л хөөрхөн, хөгжилтэй, сайхан инээдэг болохоор нь баярлуулах гэж л шокалад авч очдог... Гэтэл эмээ маань ч гэсэн хөөрхөн, хөгжилтэй түүнээс дутахааргүй сайхан инээдэг шүү дээ. Тийм байтал би яагаад эмээгээ баярлуулах гэж шокалад авч очдоггүй юм бол...!? Ёстой л "Эхийн санаа үрд, үрийн санаа ууланд" гэдэг энэ байх даа :(

Wednesday, June 18, 2008

Hello my visitor (Maybe it's me)


Энэ бол зүгээр л мэндчилгээ. Шинэ блог нээснээ мэдэгдэж мэндэчилж байна. Маргаашнаас эхлээд л энд миний илтгэл, эссэнүүд тавигдах болно. Гэхдээ мэдээж би бол мэргэжилийн илтгэгч нийтлэг биш, хоббигоо дагаж л ийм зүйлсийг хийж байгаа жирийн нэгэн "блогчин" :) . Тэгхээр энд бичигдсэн бүхэн мөн л миний үзэл бодол байх болно.

Э.Батболд