Thursday, May 31, 2012

Хил хязгаар


Тоонолжилж хэрсэн төмөр утсаар хил хязгаар минь тогтоогдоно. Төмөр торны цаана өөр хил хязгаар бүхий орон зай. Харин торны наана бас нэгэн бичил хил хязгаар бүхий орон зай. Хоёр орон зай хоорондоо хэмжээгээрээ ялгаатай төдийгүй хэмжүүрээрээ бас ялгаатай. Яагаад гэвэл торны цаадах амьдралыг нарны амьдрал, харин торонд дотрох амьдралыг нарсны амьдрал гэж нэрлэгдэг юм. Нарсны амьдралд өмхий байшингаасаа гарч, салхинд гарахыг жаргал гэж боддог бол нарны амьдрал төвөгшөөх хүмүүс бас бий. Нарсанд масалтай талх гэдэг нарнаас ирэх амттан бол, наранд түүнийг шиншлээд л орхих нохой хүртэл бий... Гол нь нарны амьдралаас хүмүүс яагаад нарсны амьдрал ирдэг юм бэ? Ганц л хариулт бий. Нарны амьдрал хүн бүрт хил хязгаар бий. Өөрийн хил хязгаарыг давж бусдынхруу орвол бичил хил хязгаар бүхий нарсны амьдрал шилждэг юм даа.

Wednesday, May 23, 2012

Тасархай зүүд


Хөлөө бараг чирэх шахам явсаар арай л гэж дэлгүүрт орж ирлээ. Юм авах гээгүй, зүгээр л жаахан амрая гэж бодсон юм. Дэлгүүрийн худалдагч нь спорт бокс сувгийн хөтлөгч Оноко байх юм. Өдөр нь дэлгүүр дээрээ суугаад орой нь хөтлөлтөө хийдэг байх гэж бодов. Лангууг нь дэрлээд унтчихмаар л байсан боловч толгой өргөн “Хоюулаа зурагт үзэх үү?” гэж хэллээ. Их сайхан ааштай охин юмаа. Зурагтаа асаачихаад инээж ирэн надад удирдлагаа өгөв.

Цоожтой байшин


Хаалгыг нь хичнээн ч нүдээд хаалга огт тайлахгүй, хэн бэ ч гэж асуухгүй... Хүн байгааг нь мэдсээр байтал хаалгаа тайлдаггүй, ямар эргүү нь энэ байшинд амьдардаг байнаа? Аргаа барахдаа, цоожных нь нүхээр шагайж харна, цоожны нүхээр юу л олигтой харагдаа аж. Гэхдээ харсан ганц нэг зүйлс маань сүүмэлзэн хөдлөх хүний сүүдэр... Тэр хэлээгүй юу, хүн байж л байна. Дахиад баахан тогшино, уурлаж уцаарлан нүднэ. Хэн ч хаалга тайлахгүй. Тэгэхээр нь хаалганых нь засарт хошуугаа нийлүүлж байгаад хашгирна, “Хөөш, хүн байгааг чинь мэдэж байна? Хаалгаа тайл. Наад сүүдэр чинь хөдлөөд байна...” Харин хаалганы цаанаас хариуд нь “Энэ чинь хүний сүүдэр бишээ, цонхны хөшиг салхинд хийсч хөдөлж байгаа юм...” гэсэн хариу ирнэ. Гялс хийтэл тарихнд нэгэн санаа орж ирнэ. Хэрвээ салхи хөшгийг нь хөдөлгөж байгаа юм бол цонх нь онгорхой байж таарах нь. Цонхоор нь ордог хэргээ...

Tuesday, May 22, 2012

Шоглоом (өгүүлэмж 100-150 үгтэй)


Золбоо ээжийнхээ нүүр буддаг тольны өмнөх сандал дээр суугаад гараасаа цус гарахыг эс анзааран хага цохисон тольруугаа гөлрөн байлаа. Тэр мэдээ орсон цагаасаа л аавгүй өссөн. Аавтай, ахтай хүүхдүүдэд дээрэлхүүлэхгүй гэсэндээ шартай, хортой шазруун явсан. Эцэггүй хүүхдийн толгой том гэгчээр хулигаан нөхдүүдтэй нийлж дэмий тэнэж, хүүхэд дээрэлхэн шоглож, тоглоом тохуу хийнэ. Гэтэл тэр гэнэтхэн аавтай болохоо мэдлээ. Гэхдээ бүр... бурхан түүнээр даажигнаж байгаа юм шиг өөрийнх нь хамгийн ихээр дооглож шоглодог нусгай Холбоогийн доголон, архичин аав өөрийнх нь эцэг боллоо. Аавыг дуурайж доголж бас гуувьж явж, шаралхаад ирэхэд нь шанаадаж унаган тавладаг байсан  нусгай Холбоо өөрийнх нь ихэр дүү нь гэнээ... Нүүрээ угаачихсан Холбоо, түүний аав, ээж гурвыгаа хэлэхийн муухайгаар хэлээд хар гүйхээрээ уйлсаар орж ирэн суутал харин тольны цаанаас нусгай Холбоо шоглоомтой харцаар харж байх нь харагдсан тул цохиод авсан билээ...



Sunday, May 13, 2012

2012 оны 5 сарын 13. Бүтэн сайн өдөр.


Өглөө сэрээд хэвтэж байхдаа өөрийгөө ёстой жаргалтай байгаагаа мэдэрч байлаа. Учир нь хамгаас дуртай хатуу ааруулаа мэрээд уран зохиол, түүхийн хосолмол бүтээл болох Василий Янийн “Чингис хаан” гэдэг номыг уншин орондоо хэвтэж байсан юм. Ерөөс миний хамгийн дуртай зүйлс маань уран зохиол (бас түүх) унших, унтах (ялангуяа яг өнөөдөр шиг хүйтэн өдөр), хавын хатуу ааруул идэх гурав болохоор үүнийг жаргал гэхгүй өөр юу гэхсэн билээ дээ. Уншиж байгаад эргэж унтваа хөөрхий. Нэг цагийн үед өлсөхийн эрхэнд сэрээд өчигдөр оройны хоолоо халаагаад идчихлээ. Идэх завсараа Спорт бокс сувгаар гарч байсан бэйс болын шигшээ багийн тухай киног үзэж дуусгав. Холивудын бас л нэг алдартай бүтээлийн нэг бөгөөд өмнө нь би үзэж байсан ч дахин үзэхээс татгалзахааргүй сайхан кино. Тэгээд ч миний дуртай жүжигчин Том Хэнкс тоглосон юм чинь... Өнөөдөр чинь юутай жаргалтай өдөр вэ? Миний дуртай жүжигчний тоглсон сайхан кино хүртэл гарлаа шүү дээ.

Wednesday, May 9, 2012

Бичлэгийн шинэ төрөл


За хө, блогтоо дахин нэг шинэ лебел нэмнээ. Захидал гэдэг. Ер нь бол уран зохиолын нэгэн шинэ төрлөөр бичие гэж бодлоо л доо. Зохиолчид уран зохиолд өөрийн хувь нэмрээ оруулан шинэ шинэ төрлийг бий болгосон байдаг. Яг шинээр бий болгоогүй ч тухайн төрлөөр бичиж үлгэр жишээ олонд нийцсэн уран зохиолын нэгэн шинэ төрөл болон төлөвшихөд нь тусласан байдаг шүү дээ. Жишээ нь зөгнөлт зохиолын их мастер нь яах аргагүй Жюль Верн. Жюль Верн л зөвхөн зөгнөлт зохиол бичиж байснуу гэвэл хэн ч үгүй гэж хэлнэ, гэхдээ хэн зөгнөлт зохиолыг олонд таниулсан бэ гэвэл олон хүн шууд л Жюль Вернийг нэрлэх болно, тийм биз дээ.

Бас эссэг орчин үеийн анхны хүн гэгдэх Мишел Дө Монтень бий болгосон байдаг бол орсын уран зохиолд тосгоны уран зохиол гэж нэрлэгдэг нэгэн сайхан, үргэлж гэгээлэг, бас энгийн бичигддэг өгүүллэг туужийн төрлийг В.Шукшин гэж хүн бий болгосон байдаг. Манай монголын хуульч Сандаг гэдэг хүн хүншүүлэн өгүүлэх зохиолын төрлийг бидэнд таниулж өгсөн. Түүний “Салхинд хийссэн хамхуулын хэлсэн үг”, “Тэжээсэн нохойн хэлсэн үг” зэрэг олон бяцхан шүлгүүдийг бид арван жилдээ үзэж байсан билээ. Одоо ч сургалтын программд байдаг юм шиг байна лээ. 

Иймд би ч бас уран зохиолын нэгэн төрлөөр бичихийг бодлоо. Энэ бол захидал... Би лебел ээ “алгахан цаасанд атгахан үг шингэе” гэж нэрлэсэн.

Английн зохиолч, филесофч Бэкон “Ном бол цаг эрин гэгч давалгааг дамжин үеэс үед хүргэх эрднийг ачаа тээсэн оюун ухааны хөлөг онгоц мөн” гэж хэлсэн байдаг. Хэлмэгдсэн яруу найрагч Р.Чойномын “Захидал” хэмээх сайхан шүлэг байдаг. Энэ шүлэг л оновчтой сайхнаар захидлыг тодорхойлсон гэхэд болно доо.

Р.Чойном   “Захидал”

Захидал гэдэг, баяр баясгалан,
 Залуу хvний хайрын сэтгэл,
 Заримдаа бас, хэн нэгэн дээр
 Задран дэлбэрэх хvнд бембег юм.

 Хуудас хуудсаар их захидап дотор
 Хумхийн тедий vнэн vггvй ч бий.
 Хуруувчин чинээ нууцхан захидалд
 Хувьхан заяа багтаад ирэх ч бий!

 Эрээлсэн цэцэгтэй дугтуй дотор
 Бараалсан аянга зангираад ирэх ч бий,
 Инээсэн зурагтай дугтуйн цаана
 Ирлэсэн хутга нуугдаад ирэх ч бий.

 Yнэртэн шингээсэн анхилуун хуудсанд
 емхий санаа багтаад ирэх ч бий,
 Yзэмж цэвэрхэн бичгийн мерvvдэд
 Yхсэн заль шингээд ирэх ч бий.

 Алга дарамхан захидлын дугтуйд
 Алах дайсан, аврах нехер,
 Амрагийн дунд чулуудсан яс,
 Амьдралын замд булсан хавх,

 Хахууль амласан бялдуучлалын ембvv,
 Халдвар ихтэй сэтгэлийн тэмбvv
 Ханилал, хагацал, инээд, нулимс
 Хамаг хорвоо бvгд багтдаг байна.