Шинэ оны анхны бичлэг... Гадаа их цастай, цасан дунд явахад элт урьдийн дурсамж сэргээд...
Олоооон жилийн өмнө, аравдугаар ангид байхдаа Найрамдал зусланд ангийн хэдэн нөхөдтэйгээ амрахаар очивоо. Өвлийн ээлж байлаа, цас орсон байлаа, агаар сайхан байлаа, амралт ч мөн сайхан байлаа... Нэгэн өдөр найзтайгаа гарч хоюулахнаа найрамдлын хашаан дуундуур жаахан зугаалав. (Бусад нөхөд маань юу ч билээ хийгээд завгүй явсан юм.) Бид амьдралдынхаа тухай ирээдүйнхээ тухай ярилцаж явсан юм. Найз маань хэллээ. “Хэний ч яваагүй замаар шинэ мөр гарган явъя” гээд замаас гарч цасан дээгүүр алахлаа. Би ч зэрэгцээд л алахлаа. Тэр “Амьдралд бид хэний ч яваагүй замаар явж хэний ч хүрээгүй амжилтанд хүрнэ. Өөрсдийн мөрөө гаргаж, өөрсдийн нэрээ мөнхөлж явах хэрэгтэй.” гэж хэлж дуусаагүй байтал гүнзгий цасан хунгарт орчихов. Цаашаа явбал нэлээн гүйнзгий цас туушиж, хөөрхөн зовж байж очих газраа очих гээд байв. Би буцаад замаар явах бодолтой байлаа. Харин найз маань “Хэний ч гаргаагүй замаар, хэний ч яваагүй газраар өөрсдийн мөрөө гаргаж явахад энэ зэргийн бэрхшээл тохиолдолгүй яахав. Даваад гарах хэрэгтэй” гээд салтаа хүрсэн цасан дундуур туучиж гарлаа. Би ч хэлсэн үгэнд нь хөөрөөд дагаад л туучсан. (Гэхдээ хажууд нь бас шинэ мөр гаргаад байгаа юмаа...)
Салтаа давсан цасан дундуур явахад хэцүү байсан гэдгийг хүлээн зөвшөөрнөө. Хөл зөөгдөхгүй бүдчиж, гараараа цас даран унах явдал зөндөө байсан. Гар даарч, бээрч, улайн үзлийн юм болсон байсан. Гэхдээ туулсаар яваад гарсаний дараа үнэхээр бахдам том үйл бүтээсэн мэт санагдаж байж билээ. Хатуу бэрхийг даван туулаад том амжилтанд хүрэх цагт үүнээс ч сайхан мэдрэмж төрдөг байлгүй.
Харин энд нэгэн зүйлийг цохон тэмдэглэхэд хунгар цас туулсан ул мөр, шаналгаа мөд арилахгүй дагасан юм даг. Гуталруу цас шигчихэд дараа нь явахад нэлээд төвөгтэй байсан. Өрөөндөө ороод гуталаа тайлаад суусан ч хөл шал нойтон болчихсон, даарчихсан, гар бас бээрчихсэн байлаа. Оймс бас норчихсон... их л зовлонтой байсан даа... ГЭХДЭЭ Л САЙХАН БАЙСАН...
No comments:
Post a Comment