Түүний нэрийг Должоо гэдэг. Хэзээ ч гуниглаж яваагүй боловуу гэмээр хөгжилтэй нэгэн. Бор өнгийн богино түрийтэй Ази маягийн гутланд жинсэн өмдөө хөөргөж чихэн өмсдөг нь шуумгаараа сагсайж харагддаг бөгөөд нэлээд бараан улаан хүрэн өнгийн хоолойтой нимгэн цамцан дээр цахилгаантай ноосон цамц өмч үсээ үргэлж задгай тавьж явдаг, бусад хүний нүдээр бол энгийн л харагддаг нэгэн охин. Хээгүй цагаан инээдтэй, хошин марзан үг яриаг бас хэлж ярьж явдаг болохоор ангийн хөвгүүд түүнтэй хуучлах дуртай байдаг юм. Түүний амьдрал бусдын нүдээр бас л энгийн гэж тодорхойлогдох байлаа. Ээжтэй, аавтай, эмээтэй... Эмээгийндээ очих дуртай. Ямар ч зорилгогүй, ямар ч ач холбогдолгүй, зүгээр л эмээдээ эрхэлмээр санагдсан үедээ гүйгээд очно. Үнэндээ эмээгийнд хийгээд байх ажил ч онц байхгүй. Дандаа цэвэрхэн, дандаа тохилог, дандаа дулаахан, дандаа эмээтэй. Харин эмээ үргэлж халамжтай, хайртай, духан дээр үнсэх үнсэлттэй байдагсан. Даанч дандаа эмээдээ эрхлээд байх цаг зав түүнд байхгүй юм даа. Өглөөнөөс үдэш болтол ажилтай. Харин завтай цагаараа хичээлтэй. Хэхэ...
Хүн л юм чинь, хүний амьдрал л юм чинь амдьралынхаа ханийн тухай бодол, төсөөлөл, бяцхан мөрөөдөл түүнд бас бий. Барагдаж дуусахгүй их ажлынхаа цаанаас босох ч завгүй суудаг түүнд өөр бусад залуустай танилцаж хайр дурлалаа эрэн сурвалжлах цаг зав даанч байхгүй. Нэг л өдөр өөрөө ороод ирнэ дээ гэсэн итгэл Должоогийн дотор уул мэт бат зогсоно.
Должоо ээлжит хоцролтоо хийчихсэн гүйж яваад сургуулийн шатны эргэлтэн дээр нэг хүнтэй духаараа түг хийтэл мөргөлдчихөв. “ёо ёо” ч гэж хэлж амжаагүй байхад өнөө залуу “чи ямар хөөрхөн юм бэ?” гэж нүүрэнд нь улаан гэрэл анивчтал хэлж орхилоо. Должоо “чи ч гэсэн” гэж хэлэхийг хүссэн боловч яагаад ч юм хэл нь нэг л эвлэж өгсөнгүй. Бодвол нүүрний улаан гэрлэнд хамаг энерги төвлөрчихсөн биз. Ингээд л Должоо анх удаа хүний сав хоосон буцаагаад гүйж одлоо. Хаалганы завсраар сэмхэн шагайтал ангийхан нь “Ямар нинжаа харалтаар хараад байнаа” гэж инээлдэхтэй зэрэгцэн Должоо бушуухан орж гадуур хувцсаа тайлангаа “Бүртгээгүй биз дээ” гэж их л итгэл өгөн асуув. Энэ үед хаалга онгойн семинар удирдах багш орж ирлээ. Дажгүй залуу шүү гэсэн бодол Должоогийн толгойд орж ирэхэд түрүүн шатан дээр мөргөлдсөн залуугаа дахин санав. Нүүр нь халуу оргин улайчих шиг санагдсан тул гараараа дарж үзэв.
Семинар удирддаг энэ залуу, багш болоод ердөө л ганц жил болж байгаа бөгөөд цэвэрхэн цагаан царайтай ажил хэрэгч төрхтэй содон гоё хоолойтой товчхондоо тун дажгүй залуу билээ. Должоод таалагддаг л юм. Гэхдээ багшийг яалтай ч билээ. Багш харин түүнийг анзаардаг эсэхийг ёстой бүү мэд. Должинсүрэн гэж дуудах нь түүнд нэг л өөрөөр түүнийг дуудаад байгаа юм шиг санагддаг ч энэ нь зөвхөн түүний төсөөлөлтэй холбоотой байж болох юм. Эсвэл зүгээр л энэ багшийн аялга ийм байж болно шүү дээ. Хүмүүс хүний нэрийг янз бүр л дуудаж байдаг ш дээ. “Удахгүй шинэ жил болно. Тэгэхэд хамт шинэ жилд орох биз. Магистарынханы шинэ жил багш нарынхтай хамт нэг өдөр тавигдсан байсан. Тэгвэл халж байгаад хамт бүжиглээд үзнээ” гэсэн бодол толгойд ороход Должоогийн уруулд инээмсэглэл тодорлоо.
Хичээл тарлаа... Тэртэй тэргүй ажил тарчихсан болохоор Должоод онц яараад байх юм алга байлаа. Иймээс ч тэр аажуухан хувцасаа өмсч ангийхантайгаа инээлдсээр гарч иртэл өнөө шатан дээр мөргөлддөг залуу сургуулийн коридорын сандал дээр сууж байв. Тэгээд түүнийг харангуутаа инээмсэглэн босч урдаас нь тосон алхлаа. Должоогийн дотор нэг л хачин мэдрэмж төрж зүрх нь хурдан хурдан цохилов. “Энэ одоо намайг хүлээж байсан юм байхдаа. Үгүй байлгүй дээ. Бид бие биенээ танихгүй ш дээ” гэж бодонгоо доошоо харчихав. Уг нь Должоо энэ зэргийн юман дээр ичээд улайгаад байдаг дуугай даруухан охин биш л дээ. Гэсэн ч яагаад ч юм нэг л ичингүйрэх сэтгэл төрж эмэгтэйлэг төрх нь илрэв. Тэрээр доошоо харсан чигтээ үсээ чихнийхээ араар хийн эргээж халааснаасаа утасаа гаргаж хий л утасруугаа харлаа. Хүн ер нь ичсэн бантсан үедээ дэмий хөдөлгөөн хийж анхаарлаа өөр тийшээ хандуулахаыг оролддог шүү дээ. Гэтэл өнөө залуу өмнө нь тулж зогсоод “Уучлаарай өөртэй чинь уулзаж болох уу?” гэж асуув. Дэндүү шулуухан залуу юмаа... Ямар жоохон охин шиг “үгүй” гэлтэй нь биш. “Яах гэсийн?” гэж Должоог асуухад өнөө залуу “Тусдаа уулзаадхая” гээд эргэж ангийхан руу нь харлаа. Хамт ангиас гарч ирсэн охид дороо эргэн түрүүлээд яваад өгөв. “өөдгүй амьтад хаяад явчих юм даа” гэж бодсон боловч юм хэлсэнгүй өнөө залууруу эцлэн харахад залуу инээмсэглэн “Уучлаарай өөртэй чинь танилцах гэсэн юм” гэж дахиад нүүрэнд нь улаан гэрэл анивчтал шулуухан хэлж орхилоо. Должоо хэсэг сандран улайх шиг болж хэлэх үгээ олж ядан эргэлзсэнээ нэг сайн уужим амьсгаа аваад овоо гайгүй тайвширч хэлэх үгтэй болсон тул “За тэгээд өөрийгөө танилцуул л даа” гэв...
Ингээд л тэд танилцчихсан. Хэсэгхэн хамт алхаад л Должоогийн угийн шулуун хээгүй яриа задгайрч тэд үдшийг үнэхээр сайхан үдлээ. Тэнгист орой болтол кино гардаг нь тэдний хувьд үнэхээр зол завшаантай явдал болжээ. Хамт кино үзэж дараа нь Должоог хүргэж өгөв. Маргааш нь ажилтай Должоогийн хувьд үнэхээр их оройтсон боловч тэр тун сэтгэл хангалуун байлаа. Түүнээс гадна орондоо орсон ч нойр хулжсан байгаа. Тэгээд дээрээс нь түүнээс мессэж ирвэл бараг шөнөжин харилцана гэдгээ Должоо мэдэж байсан ч энэ нь түүнд үнэхээр сайхан байв. Яг бодсоноор нь... Тэр “Авсан утасны дугаараа шалгаж байна. Хэхэ” гэсэн мессэж ирүүллээ.
Маргааш нь өдөржингөө ажил дээрээ нойрмоглов. Гэсэн ч өнгөрсөн үдшийн дурсамж түүнд зүүд шахам болж ирэх нь түүнд дэндүү тааламжтай. Хамт ажилдаг эгч “Должоо чи зүгээр үү?” гэсэн нь түүнд бүр ч инээдтэй сонсогдож чанга инээчихлээ. Тэгээд бага зэрэг санаа зовох сэтгэл төрж “Зүгээрээ” гээд компьютераа шагайв.
Шинэ жилийн арга хэмжээ зохион байгуулагдлаа. Магистарууд багш нартайгаа илүү ойр дотно байдаг болохоороо ч тэр үү эсвэл аргалаад дүнгээ тавиулчих санаатай ажил ихтэй оюутнууд олонтой болоод ч тэр үү багш нарыгаа дайлж цайлан худалч хүнд бараг л архидалт болж байлаа. Гэхдээ л шинэ жил юм чинь сонирхолтой арга хэмжээ, цэнгээнт бүжиг зохиогдоно.Чухам цагаан бүжгийг л Должоо хүлээж байв. Хэдийгээр хэдхэн хоногийн өмнө тун дажгүй залуутай санамсаргүй боловч романтик учралаар танилцаж одоо ч мессэж бичилцэж байгаа боловч яагад ч юм багштай танилцах хүсэл Должоод байсаар байгаа юм. Цэнгээнт бүжиг явж эхлэх үед нэгэн цагаан костюмтэй залуу түүнийг бүжигт урьхад нь толгой өргөн харвал багш байлаа. Должоо бүр ангайж орхив. Шинэ жил эхэлснээс хойш ер харагдахгүй явж явж гэнэт цэнгээнт бүжиг эхлэхэд гараад ирдэг байна шүү. Бас тэгээд бүжгэнд урьж байдаг. Должоо яаж гараа өгөөд түүнтэй хамт бүжгийн талбайд гарсанаа анзаарсангүй. Нэг анзаарвал бүжгийн талбайд түүнтэй шинэ жилийн вальс эргэж байлаа. Должоо муугүй бүжиглэдгийн дээр тун дуртай билээ. Багш ч сайн бүжиглэдэг юм байна. “Шинэ жилийн мэнд хүргэе” гэж багшийг хэлэхэд Должоо инээмсэглэж “танд ч бас” гэв. “Намайг та гэж битгий дуудаа. Би чинь та нартай адилхан магистарын оюутан ш дээ. Зүгээр л сургуульдаа давхар ажиллаж байгаа юм” гэв. Ингээд л тэд танилцчихсан...
Шинэ жилийн маргааш багшаас мессэж ирлээ. “Би танайд орж амжихгүй болчихлоо. Ангийхандаа дамжуулчихаарай. Хэрэг гавал надруу мессэж бичээрэй” ингээд л тэдний харилцаа эхэлсэн. Должоод багш урьд өмнөхөөсөө улам ихээр таалагдаж байлаа. Ухаалаг даруу үгтэй уран яруу мессэжүүд... Гэхдээ шулуун яриайтай эвэртэй залуутайгаа ч бас харилцсаар байгаа билээ. /Должоо түүнийг утсан дээрээ ингэж тэмдгэлсэн юм/ Багш түүнд анхнаасаа сонирхож байснаа хэлсэн бөгөөд аятай боломжийг хайж байсан нь шинэ жил таарчээ. Харин эвэртэй залууд тэрээр шууд л таалагдсан тул зоригтой алхам хийж түүнтэй танилцсан гэсэн ба одоо бол бүр ихээр таалагдаж байгаа гэдгээ хэлжээ.
Одоо түүнд ухаалаг сонголт л үлдлээ. Хоюуланд нь Должоо талагддаг. Бас хоюулаа Должоод таалагддаг.
No comments:
Post a Comment