Заримдаа, бүүр заримдаа нээх сайхан санаа алдах сайхан. Гүнзгий амьсгаа аваад буцаагаад гаргах... Сайхан тайвширчих шиг санагддаг юм. Шинжлэх ухааны үүднээс авч үзэх юм бол санаа алдалт нь цусан дахь хүчил төрөгчийг нэмэгдүүлдэг бөгөөд тэр нь оюун ухаанд эергээр нөлөөлж сэргэсэн мэт сайхан сэтгэгдэл төрүүлж байгаа юм гсн... Хахаха. Солиорч байгаан шүү. Ямар ч шинжлэх ухаан байхгүй, би донгосч байгаан. Заримдаа бас ингэж донгосч солиорох сайхан байдаг юм. Хахаха.
Заримдаа ороо засахгүй унтах сайхан. Хөнжилөө гаргаж ирж овоолоод дээрээс нь шууд хэвтэх, мэдээж хувцас тайлах шаардлагагүй. Жоохон тух алдвал хөнжлийнхөө байрлалыг болон өөрийнхөө хэвтэлтийн позийг өөрчлөөд унтаад өгнө. Энийг би эрх чөлөөгөө мэдэрч байгаа нэг хэлбэр гэж боддог юм. Оюутан болоод айлын хажуу өрөөнд дүүтэйгээ амьдарч эхлэхдээ энэ нээлтийг хийж билээ. Одоо ч би хаая эрх чөлөөгөө мэдрэх дуртай. Харин дүү маань эхнэр хүүхэдтэй болсон болохоор эрх чөлөөгөө над шиг ингэж хамаагүй мэдэрдэггүй байх. Гэхдээ манайд ирсэн үедээ бол чөлөөтэй л дөө. Хэхэ.
Заримдаа зорьлого, амьдрал, хэмнэлээ мартаад алхах сайхан. Ер нь бол би алхах дуртай. Гэхдээ алхаж байхдаа амьдралынхаа тухай, амжилтынхаа тухай, зорьлогынхоо тухай, зовлон зүдгүүрийнхээ тухай бодож алхдаг. Харин заримдаа эдгээрийг таг мартаад зүгээр л гудамжаар явах хүмүүсийг харж, хажуугаар өнгөрөх машинийг сонирхож, салхинд эргэх сэнсийг харж (их дэлгүүрийн урд байдаг...) юу ч бодохгүй алхах сайхан. Аа тийм бас байшингийн ханан дээр бичсэн бүдүүлэг үгс (ч гэх шиг хахаха Өөрөө хэлдэггүй юм шиг) үйлчилгээний газар дэлгүүр гуанзны хаяг, реклам сурталчилгааны самбар дээрхийг уншиж явах зугаатай байдаг юм гэснээс жоохон байхдаа 7,8-р анги л байсан байх. Найзтайгаа алхаж явлаа л даа, би тэрэнд юу ч билээ ярьж явтал гэнэт өөдөөс “хуц, тэнэг Гэрлээ, алий шүү чамайг” гээд унадгийн. Би гайхан харав, тэгтэл тэр “ханан дээрх бичгийг уншсиймаа” гээд байрны ханан дээрх бичигнүүдрүү зааж билээ. Хэхэхэ.
Заримдаа зураг харж бодол болох сайхан. Ялангуяа гадаад улс орны зураг. Аа бас цаг. Та бүхэн мэдэх үү гүй юу Active Desktop Calendar гэж программ байдаг, тэрнийг суулгахаар дагавар аппликэйшн сууж компьютерийн дэгэц амрахад 5 өөр газрын цаг гардаг юм. Яг л зочид буудал шиг гэхдээ зочид буудлыг цагнаас царайлаг. Би тэр цагнуудыг харж төсөөлөн бодох дуртай. Яг одоо монголд өглөөний 11:23 цаг болж байна. Харин Нью-Иорк хотод оройн 10:23 цаг болж байна. Тэндхийн цаг агаар манайхтай ойролцоо боловч ба зэрэг жиндүүхэн байна.Тэнд байдаг хэн ч юм бэ залуу хамт сурдаг бүсгүйгээ гэрт нь хүргэж өгөн алхаж явна. Тэд хамтдаа нэг сургалтанд суугаад тараад харьж байгаа энэ л дээ. Ажил мэргэжил нь ойролцоо болохоор ярих сэдэв мундахгүй, ярих сэдэв сайтай болохоор хол замыг, хүйтэн агаарыг мэдрэхгүй хамтдаа хөгжилдөн алхаж байна. Бүсгүйн хацар бага зэрэг улайсныг хараад залуу ороолтоо тайлж хүзүүнд ороож өгөхийг бүсгүй толгой бөхийн татгалзалгүйгээр хүлээн авлаа. Бүсгүй торгомсог алчуур хүзүүндээ тохсон байсан тул хүзүү хацар нь жоохон даарч байсан билээ... гээд л бодох дуртай. Хэхэ.
Заримдаа улирч баларсан бүтэлгүй дурлалын дурсамжаа бодох сайхан. Гэнэн ч байж дээ, яах гэж ч хэлэв дээ, зүгээр мөрөөрөө л явж байдаг байсан юм. Автобус охин хоёрын араас битгий гүйж бай дараагынх нь заавал ирдэг гэж ёстой үнэн үг шүү гээд л бодолд дарагдах бас ч сайхан шүү. Ккк. Бас тэр нэг охин жигтэйхэн сээтгэнээд байдаг байж билээ одоо бодоод байхад надад сайн байсан юм болов уу? Би хэрэв нүүр өгсөн боло минийх болох байсан даа гээд л өөрийгөө жоохон хөөрөгнөө. Ккк.
Амьдрал гэдэг дурсамж гэж би боддог. Дурсах юмтай байхын тулд амьдралд дуу, үнэр, зураг бас заримдаа байх хэрэгтэй. Хүний санаанд оромгүй тэнэг зүйлс тэр үедээ л ичмээр боловч эргээд дурсах баялаг дурсамжийг бий болгоно. Дурсах их юмтай байх чинь жинхэнэ баян амьдрал шүү дээ. Би цэцэрлэгт байхдаа цэцэрлэгээсээ оргож үзээгүйдээ одоо болтол харамсадаг. Жинхэнэ адал явдал байсан юм даа гэж...
No comments:
Post a Comment