Өчигдөр “ТВ коктэйл” хамтлагийн “Хоёр ертөнцийн буудал”
драмын жүжгийг үзлээ. Үнэхээр таалагдсан. Гэхдээ би жүжгийн турш эмээгийнхээ
тухай бодсон...
Хоёр ертөнцийн буудал гэдэг нь хүн үхэл амьдралын зааг
дээр хаашаа явахаа мэдэхгүй хүлээж байдаг хүлээлгийн газар юм билээ. Хүлээлгийн
өрөө биш, хүлээлгийн том зочид буудал юм шүү. Яагаад гэвэл зөндөө олон хүн ирж
очдог, бас хэн нь хэзээ хаашаа явахаа мэддэггүй хэд ч хонож магадгүй учир
хүрэлцээтэй том байх хэрэгтэй шүү дээ. Хүлээлгийн газраас дэлхийрүү эсвэл
тэнгэрлүү цахилгаан шатаар явна. Цахилгаан шатанд суусны дараа л хаашаа явж
байгаа нь цахилгаан шатны гэрлээр мэдэгдэнэ.
Хүмүүс янз бүр л байх юм. Зарим нь тэнгэрлүү явахаас айж,
дургүйцэж байхад зарим нь дэлхийрүү явахаас дургүйцэнэ. Тэнгэрт юу байгааг
мэдэхгүй болохоор зориг дутдаг л байх. Харин дэлхийрүү бол өвчтэй зовлонтой
биедээ очиж олон зүү тариурыг мэдрэхийг хүсэхгүй байгаа залуу бүсгүй л очихыг
хүсэхгүй байсан. Хүлээлгийн газар үнэхээр уйтгартай. Хийх ч юм байхгүй, унших
сонин ч байхгүй. Хамгийн удаан байгаа шидтэн гэхэд л бүтэн 6 сарын турш өдөр
бүр нэг л сонингоо уншсан. Хүлээлгийн газар цаг хугацаанаас өөр идэх юм
байхгүй.
Эмээ маань энэ хүлээлгийн газар очсон. Тэнд хэр
уйтгартай, хэцүү зовлонтой байсны нь би мэдэхгүй.Эсвэл жаргалтай ч байсан байж
болох юм. Ой санамж нь эргэн ирж, биеийн зовиур нь арилж хүмүүстэй дурсамжаасаа
хуцаалсан байх. Харин газар дээрх бие нь үнэхээр зовж шаналж байсан. Ухаан арай
алдаагүй байхдаа л арьс нь загатнаад байж чадахгүй байнга майжуулж байсан.
Ухаан алдсаных нь дараа хаана ч гэж маажих билээ. Хорт хавдар нь дотроо хагарч
эд эрхтэн нь доголдолтой ажиллаж байн байн татаж байсан. Ясанд нь тулж өвдөхөд л
арай яадан ёолдог байсан бол сүүлдээ ёолох ч тэнхээгүй болж зөвхөн таталт
зогсоход л хөлс нь бурзайдаг болсон. Тэр их өвдөлт, таталтыг нь харахад үнэхээр
хүнд байсан учир тариа хийж байсан. Тариа нь үйлчлэх тэр нэг хэдхэн цагт эмээ
маань үнэхээр амгалан болж унтдаг байлаа. Гэвч тарианых нь үйлчлэх хугацаа улам
л багасаад байсан...
Тэр үед эмээгийн минь хоёр талд суугаад бурхан чөтгөр
хоёр бооцоонд нь эмээг минь тавиад тоглож байлаа. Тэр хоёрын хэн хэн нь
хожихгүй зөндөө удаан тоглосон. Бүтэн хоёр долоо хоног тоглосон.
Ээжийнхээ тийн зовохыг харж дийлэхгүйдээ хүүхдүүд нь толоомонд
хөндлөнгөөс оролцсон. Тэд тариа хийхээ больж зүрх нь зогсохыг хүлээн тойрч
суугаад уйлж байсан. Таталт өгөх болгонд нь юу ч хийж чадахгүйдээ шаналан хүн
бүр дотроо өвдөлт мэдэрч байсан. Том хүүгийн хувьд аав минь толгойд нь суугаад
таталт өгөхөд нь нүүрийг нь тэгшилж тэнийлгэн мурай нүүртэй өөд болохоос нь
сэргийлэх ёстой байсан боловч гар нь чичрээд огт чадахгүй байсан гэдэг. Тэгээд
хоёр эгч нь ээжийнхээ толгойд сууж толигор талбиун нүүртэйгээр тэнгэрт очиход
нь тусласан. Алтан хайрцгийг нь нээлгэхэд эмээ минь диваажинд төрнө
гэж гарсан.
Одоо би танаас асууя. Та хүүхдүүд нь чөтгөрийн талд орж
ээжийгээ хороосон гэж бодож байна уу?
Сайн хүн үхэхээрээ чөтгөртэй хамт биш бурхантай хамт
явдаг болохоор түүнийг илүү зовлонтой амьдралд нь удаан байлгах гэж чөтгөр сайн
хүмүүсийг амьд үлдээхийн тулд харин муу хүмүүсийг авч явах гэж тоглодог юм.
No comments:
Post a Comment