Ямар нэгэн байшинд байна. Дээшээ гардаг шаттай, орос маягын модон байшин. Гэхдээ байшин дотор галт тэрэгний баяцхан зогсоолтой. Тэр зогсоолд ирдэг зам нь тодорхойгүй явсан зам нь тодорхойгүй. Магадгүй ирдэг зам байсан ч явдаг зам байхгүй мухар байх. Эсвэл явдаг зам байдаг ч ирдэг зам байхгүй биз. Ямартай ч тэнд галт тэрэг ирээгүй. Хойд хана нь тэр чигээрээ ой. Урд хананд, галт тэрэгний зогсоолын хашааны цаана мөн л ой үргэлжилнэ. Баруун талд жирийн л модон хана. Харин зүүн талд дээд давхарт гардаг шат, шатны яг дунд хэсэгт гадагшаа хардаг цонхтой. Өрөөний голд цайны газрын 2 ширхэг ширээ, тойроод тус бүр түшлэгтэй 4 сандалтай.
Би энд ганцааараа байна гэж бодож байна. Хаа нэгтээ явах гээд л галт тэрэг хүлээнэ. Тэсгэл алдахдаа ямар нэгэн зүйл хайж хамаг юм хэмхчин нурааж эхэллээ. Хаана байна, хаана байна гэж хашгиран галт тэрэгний хашааг өшгөлтөл дотроос нь зараа гарч ирээд хойд ойруу гүйгээд очихов. Би энэ байшинд ганцаараа гэж бодож байсан болохоор бага зэрэг цочин харж зогсож байгаад зарааг явуулчихав. Гэтэл шатаар хүн буух чимээ сонсогдлоо. Би бушуухан доошоо сууж ширээний араар нуугдав. Би тэр хүмүүст харагдахгүй байгаа бололтой. Харин тэд надад маш тод харагдаж байна. Гартаа буу барьчихаж. Гурвуулаа юм. Хэн нэгний алчихсан бололтой, явцгаая гэж ярилцана. Би маш их айж байсан тул ширээнийхээ араас хөдөлсөнгүй. Тэд хаашаа ч юм алга болчихлоо. Миний бодлоор тэд жип унаад явчих шиг болсон. Би тэднийг явсаны дараа уурандаа сандал өшиглөчихлөө. Сандал нь зүгээр л хажуугаас нь зурсан проекц зураг шиг хавтгай ганц банз юм байна. Нэг өшиглөхөд л хоёр сандал бие биенээ налаад уначихсан. Би дахид л хаана байна, хаана байна гэж хашгирч байна. Мөн л ширээ сандал, галт тэрэгний буудлын хашааг өшигчин нурааж байна. Анзаарвал би юу ч хамгирахгүй байлаа. Би зүгээр л хашгирч байгаа юм шиг бодож байсан юм байна. Би тэр хүмүүс буцаад ирнэ гэж айснаас хашгирахгүй байсан юм болов уу? Мэдэхгүй байна. Ямар ч байсан энэ газраас явмаар байна...
Олоон жилийн өмнө номын уралдаан болж нэгдүгээр байранд Батбаярын “Мементог бүтээхүй” гэдэг ном түрүүлчихсэн юм. Их сонирхолтой бичгдсэн ном байж билээ. Зохиогч нь өөрөө бичихдээ “номыг одоо зөвхөн уншдаг үе өнгөрсөн. Уншигч өөрөө үргэлжлүүлэн зохиох зохиолын сэдлийг өгч байгаа юм” гэж байж билээ. Ном нь утга авцалдаа муутай үйл явдлуудын тасархайнаас бүтсэн. Уншигч өөрөө үргэжлүүлэн зохиож бүтэн болгох учиртай. Миний энэ зүүд яг л тийм зохиолын сэдэл өгөв бололтой...
No comments:
Post a Comment