Friday, February 26, 2010

Маргаашийн хүн танаа

Миний амьдралын маргаашд амьдарч байгаа, миний мэддэг бүхнийг мэддэг, нэмээд миний мэдэхгүй маргаашийг мэдсэн, миний ухаарсан бүхнийг ухаарсан, магадгүй маргааш дахин ухаарал нэмсэн Батболд танаа...

Өдөр хоног, цаг хугацаа өнгөрсөөр л байна, явсаар л байна. Би оршсоор өдийг хүрлээ. Оршин амьдрахдаа өөрийн орон зай, оюун ухааны бяцхан хүрээллийг бий болгожээ. Олон олон найз, олноос олон танил, огт танихгүй нүүр царай би олныг харжээ. Олноосоо олныг харахыг, олноосоо олонтой таницахыг, олноосоо олонтой нөхөрлөхийг би хүсдэг. Магадгүй маргаашийн Батболд та ганцаараа байхыг хүсвэл өнөөдрийг хүртэл амьдарсан Батболд чинь өөр бодолтой явсан гэдгийг санаарай...

Олноос олныг харж, олноос олонтой танилцаж, олноос олонтой нөхөрлөхдөө онцгой ганц л хүнтэй учрана гэдэгтээ итгэлтэй байдаг. Түүнийхээ хувьд ч мөн онцгой ганц нь байна гэж итгэж байна. Маргаашийн хүн та миний энэ итгэлийг бүү алдруулаарай. Олон хүн амьдралдаа хүлээж чадалгүй тэсвэр алдан онцгой нэгэнтэйгээ биш өөр нэгэнтэй учраагаа тохируулсан байх шиг надад санагддаг. Би тийм баймааргүй байна.


Өнөөдрийг хүртэл амьдрахдаа шудрага бус үйл, шудрага бус хүн олныг харлаа. Гэвч шудрага бусчуудын эгнээнд элсэж шудрага бус үйл хийхийг хэзээ ч хүсч явсангүй. Харин ч эсэргээрээ, бүх зүйл шудрага сайхан болно, шудрага үнэн ялахад би ч өөрийн оролцоогоо нэмэрлэнэ гэж бодож, итгэж, хүсч явдаг. Гэхдээ “шудрага байна гэдэг тэнэг байхыг хэлдэггүй” гэдэг зарчмыг хатуу баримталдаг. Маргаашийн Батболд таныг шудрага бусчуудын эгнээнд нэгдэж шудрага бусаар амьдрана гэж бодохгүй байна. Надад үнэхээр тэгэж төсөөлөгдөхгүй байгаа шүү... (Байхгүй төсөөллийг минь бий болгох гэж битгий хичээгээрэй.)


Уран зохиолын хорхой минь улам улам ассаар зохиол бүтээл хийх хүсэлд хүртэл оргилоод байгаа. Олонд гайхагдсан онцгой мундаг зохиолч байх тухай мөрөөдөх боллоо. Батболдын зохиол гэхээр хүмүүст яг л Шекспир, Пушкин гэж байгаа юм шиг сонсогдож байгаасай гэж хүсдэг. Одоо үеийнхээр бол Дэн Броун, Жон Роулинг гэж байгаа юм шиг. Харин хүсэл мөрөөдөлдөө хүрэхэд минь хөндөл садаа болсон завгүй гэж бодогдуулдаг залхууралтай үргэлж тэмцдэг. Тэмцлийг минь та үргэлжлүүлээрэй.


Ингээд өнөөдрийг хүртэл амьдарсан амьдралаа, өнөөдрийг хүртэл амьдрахдаа ухаарсан ухаарал бүхнээ, итгэл үнэмшил, ирээдүйн тухай мөрөөдөлтэйгээ танд хүлээлгэж өгье. Ухаарал дээр минь та нэмэр нэмж болно. Урвуу ухаарсныг минь зөв болгон залруулж ч болно. Харин хүсэл мөрөөдөл, итгэл үнэмшилд минь гар хүрэхгүй бол сайна байна.

2 comments:

Na... said...

Wow, nothing to say, except WOW.
Actually, that's the concept I have to (maybe I'd use the expression "must") never ever forget during the rest of my life.
I totally agree with the concept in the 3rd paragraph. Cuz I think so, and believe it has to be. But everyone who has already married told me that you just think so because you are not married. If you were engaged, You wouldn't agree with this concept. But I hope I wouldn't.

Batbold said...

Bayarlalaa urmiin ug hairalsand. Sanal niilj baigaa chin yamai daa. Bi ene itgel unemshildee bat zogsdog. Uchraagaa tohiruulj bish uragshlah zamdaa uchrah l bolno...