2080.09.21 өдөр. Ажил дээрээ сууж байтал “уулын сүмийн хамба лам таньтай ярья гэж байна” гээд зураасан нүд нь гурвалжин болчихсон туслах маань орж ирлээ. Уулын сүм гэж манай эндхийн хамгийн алдартай сайн сүм бөгөөд буддийн шашинтай хүмүүсийн очих дуртай газрын нэг билээ. Манайх олон нийтийн мэдээллийн салбарт нэр хүндтэй томоохон компани тул зүсэн зүйлийн хүмүүс залгах нь их боловч уулын сүмийн хамба байтугай бяцхан ламхай ч ярьж байгаагүй тул туслахийн маань нүд гурвалжин болох нь аргагүй. Би өөрөө ч нэлээд гайхлаа. Бас ч гүй багагүй сүсэг бишрэлтэй тул ихэд хүндлэн тосон авч ярьлаа...
Өвгөн лам надад нэгэн ярилцлага өгөх гэсэн юм гэнэ. Уг нь компани маань хэвлэл мэдээллийн салбарын акулуудын нэг болсоноос хойш хүмүүсийн хэлдэгээр би их томорч, харин өөрийн бодолдоо бол би завгүй болж аахар шаахар мэдээний ажилд явахаа болиод байгууллагын удирдах ажилын хажуугаар зөвхөн баримтат судалгааны нийтлэл бичдэг болсон билээ. Гэхдээ нэгэнтээ хүндэлж явдаг лам багш маань өөрөө утасдаж урьж байхад ... хамаг ажилаа хойшлуулаад л гарч өглөө дөө. Явах замдаа ихийг бодлоо. Өвгөн ламын яриа ямар сонирхолтой байх бол гэхээс хуучин бага залуу байхын хоорхой маань хөдлөө хурдаа улам л нэмээд байх нь тэр.
Азийн сүмийн дэг жаяг, ёс заншил хүндлэн бахархамаар оршсоор байгаа сүмийн хаалгаар орох үнэрээх тааламжтай. Ирэх дуртай газрын маань нэг тул хамбын хаана суудгийг мэдэх билээ. Гэтэл харин хоёр баньд ирж надад зам заан бясалгал ариуслын сүмрүү дагуулан явлаа. Лам багш намайг хүлээж байсан аж. Алим жимс өрсөн бяцхан ширээ засаад ард нь өвгөн багш маань сууж байлаа. Мэнд амрыг нь мэдвэл намайг сүрхий сайн таньж байх юм. Тэр нь ажил төрөл, эхнэр хүүхдийг маань нэрээр нь нэрлэж бие тэнхээ эрүүл мэндийг нь асууж байлаа. Өрөөнд өвгөний өөдөөс харан суугаад дуу хураах төхөөрөмжөө гарган бэлтгэв. Өвгөний дохиогоор хоёр баньд нь гарч бясалгалын танхимыг үүдийг хаагаад явж одох нь сонсоглоо.
Мэндийн хэдэн үг солилсоны дараа өвгөн яриагаа эхэллээ.
- Би нас дээр гарч үхэх өдөр маань өнөө маргаашгүй болжээ. Иймд нэгэн нууцыг дэлгэж нүглээ наминчлая гэж бодоод чамайг дуудсан юм. Сэтгүүлч хүн юм чинь чи аягүй бол мэдэж байгаа байлгүй. 70 жилийн өмнө монголын нэр хүнд бүхий нэгэн бодибилдингийн мастер учир битүүлгээр нас барсан даа. Одоо болтол хэрэг нь тайлагдаагүй байгаа.
- Аан тийн би уншиж байсан юм байна. Сонирхолтой гэмт хэргүүд гэдэг номноос. 70 гэдэг чинь надаас хоёр дахин их нас болохоор би дэлгэрэнгүй сайн мэдэхгүй л дээ. Ямар ч байсан задлан шинжилгээгээр үхлийн шалтгаан нь тодорхойлогдож чадаагүй юм гэсэн.
- Тиймээ би мэднэ. Мэдэхээс ч аргагүй, алсан хүн нь би юм шүү дээ...
Би чихэндээ ч итгэсэнгүй. Хүмүүсийн хамгийн ихээр хүндлэн биширч явдаг лам багш нууц нь тайлагдаагүй аллагын эзэн юм гэж үү? 70 жилийн өмнө гэхээр өвгөн багш маань залуу сайхан явсан нь тодорхой. Гэвч бодибилдингийн мастерийг мушгиад тавьчихаар хүн байсан гэж төсөөлөгдөхөөргүй л бяцхан өвгөн шүү дээ...
- Гайхаж байна уу? Гэж ламтан надруу мушийн хараад үргэлжлүүлэн ярив. Би тэгэхэд 25 настай идэр сайхан залуу байсан юм. Чи намайг эхээс төрөхдөө л лам байсан гэж бодож байна уу? Үгүй шүү. Би шинжлэх ухаан тэр дундаа байгалын шинжлэх ухаанд ухаангүй дуртай бас ч шаггүй авъястай нэгэн байлаа. Дунд сургуульд байхдаа математек, физик, хими, биологидоо маш сайн байлаа. Гэхдээ хамгийн их сонихдог нь компьютерийн шинжлэх ухаан байсан юм. Тиймдээ ч программ хангамжийн мэргэжилтэй болсон юм. (Надад үнэхээр төсөөлөгдөхгүй байлаа. Намайг төрөхөд л бурхан багшийн сургааль айлдаж байсан энэ өвгөн цагтаа одоогийн бүх соёл иргэншлийн үндэс гэгдэж байгаа программ хангамжийн мэргэжилтэй байсан юм гэжүү?) 25 нас хүрэхдээ би компьютер программ хангамжийн муугүй мэргэжилтэн, бизнесийн удирдлаг маркетинг, менежментийн багагүй мэдлэгтэй товчхон хэлэхэд амжилтанд хүрэх нь тодорхой, сайн боловсон хүчин болсон байсан юм. (Одоо үеийн хамгийн ашиг орлоготой бизнесийн салбарынханы нэр томъё өвгөн ламын амнаас гарч байгаад би үнэхээр итгэж чадахгүй байлаа. Пүүсүүдэд маркетинг болон менежментийн бодлого боловсруулан хэрэгжүүлдэг агентлагууд өнөөдөр хамгийн өндөр ашиг орлоготой компаниуд байгаа билээ) Өөрийн хүч бяр, толгойд найдан шинээр бизнес эрхлэх боллоо. Энэ бол тухайн үедээ л тун ашигтай бизнес санаа байсан юм. “Устгагдсан файл сэргээх үйлчилгээ”. Одоо ч техникийн хөгжил өндөр болж устгагдсан файлын тун төвөггүй сэргээдэг болж. Мөн их сайн back-up хийдэг болсон байна. Олон сервер дээр хуваан найдвартайгаар байрлуулдаг болжээ. (өвгөн back-up, server гэдэг үгсийг мэддэг гэж үү!?) Миний залуугийн тэр үед чинь хүмүүс хэрэгтэй файлаа устгачихаад уйлан дугарч ирдэг байлаа шүү дээ.
Бизнесийн маань гараа овоо амжилттай эхэлж байлаа. Хэд хэдэн хүнд файлыг нь сэргээж өгөн ямар ч байсан оффисийн өрөөнийхөө түрээсийг төлөөд байв. Гэтэл нэг өдөр бодибилдингийн мастер багш надаар гэмтэлтэй харднаас мэдээлэл сэргээлгэхээр хүрч ирлээ. Уг нь би түүнд энэ нь эрсдэлтэй бөгөөд ямар нэгэн байдлаар бүтэлгүйтсэн тохиолдолд би хариуцлага хүлээхгүй гэдэгээ хэлж байсан боловч тэр ер анхаарч сонсоогүй юм. Би ч дахин давтаж хэлээгүй.
Ингээд сэргээх гэтэл түүний хард нь ямар ч найдваргүйгээр гэмтсэн байлаа. Хамгийн гол нь аль хэдийн оролдоод эхэлчихсэн түүний сэлбэгэнд авч өгөсөн шинэ хардыг нь задалчихсан байсан болохоор дахин ашиглах боломжгүй болсон байсан юм. Харин үйлчлүүлэгч маань нэгэнт сэргээгэдэхгүй юм бол би сэлбэгэнд авч өгсөн хардаа авъя гэдэг байгаа. Би түүнд зөндөө тайлбарлав. Тэр сонсохыг хүссэнгүй, Харин надад гурав хоногийн хугацаанд шинэ хард авч өг гэж тушаал буулгаад явж одов.
Би авч өгсөнгүй. Өгье гээд ч мөнгө байгаагүй. Товлосон 3 хоногоос нь хойш хэд хоногийн дараа над дээр 3 булиа залуу хүрч ирлээ. Намайг элдэв үгээр доромжлон хэд хэд цохиж аваад надаас шинэ хардны мөнгө дээрэмдэж аваад явлаа. Үнэндээ бизнесийн маань амин зуулганд хэрэглэх гэж байсан цөөхөн хэдэн төгрөгийг маань дээрэмдэж аваад явчихсан юм шүү дээ.
Залуу ч байж, шартай хортой ч байж. Бодибилдийнгийн багшийг хайж олоод гэрт нь нэг өдөр сэмхэн хүлээлээ. Тэр өдөр эхнэр хүүхэд нь хөдөө явах гэж байгаа гэдгийг би тагнаж мэдсэн байсан юм. Ороод ирэнгүүт нь гуяанд нь тариураа зоогоод шахаж орхилоо. Би хими биологид муугүй байсан гэдэгээ хэлсэн шүү дээ. Иймд апптекаас хэдэн эм бэлдмэл авч өөрөө найруулаад хүний шөрмөс татаж, булчин хөшдөг бэлдмэл гаргаж аваад байсан юм. Найрлаганд нь ордог ховор эмийг хайж харин нэлээд гүйсэн шүү.
Яг л төлөвлөсөн ёсоор мастер гуай унаад өглөө. Гэхдээ мэдээж ухаан нь эрүүл саруул байгаа. Ингээд бид сайхан ярилцаж авлаа. Одоо би чамд тэр бичлэгийг нь үзүүлье гээд хажуунаасаа бяцхан зөөврийн компьютер гаргаж дэлгэн бичлэг гаргаж эхэллээ.
Бичлэгэн дээр нэгэн нэлээд булиа залуу газар таталдан хэвтэх аж. Харин наана нь хар ноосон цамц жинсэн өмдтэй залуухан хүү зогсоно. Сайн ажиглавал залуухан лам багш маань мөн байлаа.
* * *
- Таньж байна уу?
- Аа нөгөө муу компьютерийн бацаан уу?
- Таньж байгаа чинь яамай даа. Ингэж нэг таниас хариугаа авдаг юм байжээ...
- Чамайг би ална даа.
- Та амжихгүй л болов уу? Та одоо удахгүй үхэх гэж байна. Бүх булчин шөрмөс чинь татчихсан байгаа. Одоо хөл гарын хурууны үзүүрээр чинь хөрч эхэлнэ. Тэгээд удалгүй бүх бие чинь хөрч та үхэх болно. Харин тэр болтол чинь танд хань болж жоохон хуучилъя хэмээн залуу сандал татан суулаа.
- Чи яасан гэж ингэж байгаан? Гэж шүднийхээ завсараа хяхатнуулан хэлэх нь булиа залууд их л хэцүү байгааг илтгэж байв.
- Юу...уу...уу? Ямар сонин юм асууж байна вэ? Юу хийснээ мэдэж байна уу? Миний бизнесийг, миний мөрөөдлийг, миний ирээдүйг алаад дээрээс нь намайг доромжилж, дээрэлхэж зодно гэдэг чинь ийм шан хүртэхэд хангалттай шүү дээ.
- Чамайг яаж дээрэлхэсийн?
- Явуулсан хүмүүс чинь очоод гавъяагаа ярихгүй байна уу? “Тэр муу бацааныг ингэж цохиод, тэгэж дарамжлаад, ална шүү гэж айлгаад” гээд ярьж өгөхгүй байна уу? Зэвүүн новшнууд...
- Чи одоо намайг алвал тэд нар чамайг дараа нь ална шдээ...
- Тэр миний асуудал. Үхэхийн хооронд ийм юм бодож битгий шанал. Би өөрөө учрыг нь олчихъё.
- Чи баригдаад шоронд орох болно доо.
- Миний асуудал гээд хэлээд байна шүү дээ. Таныг л ална гэдэг миний гавъя. Миний шоронд орохыг та үзэж чадахгүй. Яагаад гэвэл та одоо үхлээ... гээд хэсэг чимээгүй болцгоов. Булиа залуу татганасаар байлаа.
- Та намайг дээрэлхэж доромжилсондоо харамжсаж байна уу?
- Битгий солиор.
- Ингэж битгий аашил л даа. Одоо удахгүй та үхлээ. Чин сэтгэлээсээ ярилцая л даа. Үхэл тантай уулзахар ирчихсэн байна шүү дээ.
Булиа залуу юм хэлсэнгүй газар татганасаар.
Булиа залуу юм хэлсэнгүй газар татганасаар.
- Үхлийн дараа амьдрал байдаг гэдэгт итгэдэг эсэх чинь таны хэрэг. Гэхдээ байнаа, одоо та үхлээ гэхэд таныг там юмуу эсвэл диваажин хүлээж байгаа. Хүмүүсийн ярилцах нь сэтгэлдээ мууг санаж үхвэл тамд очдог гэдэг. Үххийн хооронд наданд муу санаж өс зангидаад яах билээ. Надаас та уучлалт гуйвал би таныг уучлахад бэлэн байна...
- Чи муу уучлаад яадгын?
- Тэр ч үнэн л дээ. Би яаж ч чадахгүй. Та үхдэгээрээ л үхэх болно. Зүгээр л үхлийн дараах амьдрал гэж байдаг бол таныг амгалан сайхан нойрсож диваажинд очоосой гэж бодсон юм.
Хэсэг чимээгүй болцгоов. Нэг л эвгүй жихүүцэм хүйтэн хөндий мэдрэмж төрнө. Гэнэт булиа залуу хэллээ.
- Ахыгаа уучлаарай. Чамайг үнэндээ манай залуус тэгээд зодоод доромжилчихсон гэж би мэдээгүй юм.
- Тийм гэж үү? Танай залуус тэгээд очоод юу ярьсан бэ? Намайг зодсон дарамталсанаа л ярьдаггүй юм бол... Гэхдээ би таныг уучиллаа.
Яриа анхныхаа бодвол хамаагүй зөөлөн намуун илүү чинь сэтгэлийн яриа шиг болсон байлаа.
- Удаан хадгалсан өс маань тайлагдаж та одоо үхэх болчихлоо. Цээж нэг л хоосон болчих шиг. Гэж залууг хэлэхэд булиа залуу татвалзан эвхрэн хөдөлж муухай авиа гаргаж эхлэв.
- Өвдөж байна уу? Гээд гараас нь барьж үзсэнээ та аль хэдийн хөрөөд эхэлчихэж. Хүйтнийг мэдэрч байна уу? Булиа залуу шүдээ хавьран татвалзана.
- Би таныг маш их өрөвдөж байна. Тиймээс би танд нэг тус болъё. Гээд залуу хайрцагнаас хоёр тариур гаргаж ирэв. Тэгээд
- энэ хоёрын нэг нь таныг нэг цагийн хугацаанд эрүүл саруул болгоно. Та ямар ч өвчин мэдрэхгүй, даарахгүй яг л эрүүл саруул хүн шиг болно. Гэхдээ нэг цагийн дараанаас эхлээд та буцаад л энэ байдалдаа орно. Та даарч, татаж одоо мэдэрч байгаа бүх өвдөлт, шаналалаа мэдрэх болно. Тэгээд яг л одоо байсан шигээ татвалзан газар хэвтэж байхдаа түрүүн өвдсөн мөрөндөө үхчих минь яалаа гэж ч бодож болох юм. Харин нөгөө тариа нь таныг одоо шууд л үхүүлж орхино. Ямар ч өвчин мэдрэхгүй, ямар ч шаналал байхгүй. Та зүү биедээ орж байгааг ч мэдэрч амжаагүй байхад үхчихсэн байх болно. Энэ нь бараг танд амар болов уу даа. Гэхдээ та сонго доо. гэлээ.
- Ахдаа нэг цаг ч хамаагүй амьдрал бэлэглээч. Ахад нь хийж амжаагүй зүйлс олон байна. Ядаж эхнэр хүүхэдрүүгээ яриад тэднийхээ хоолойг нэг сонсоодхоё гэж булиа залуу гуйлаа. Их л хэцүү байгаа бололтой байн байн татвас хийнэ. Залуун цагаан тариагаа бариад нэг босох гэснээ больж
- Болохгүй юм байна. Та намайг шууд л барьж аваад хүзүүг минь хуга мушгичихна. Тэртэй тэргүй үхэхээс хойш шоронд орно гэж айх биш хүн алахад хуульгүй шүү дээ. Би харин бодох юм зөндөө байна. Эндээс яаж сэмхэн гарах вэ? Ул мөрөө хэрхэн баллах вэ гээд л...
- Ах нь тэгэхгүй ээ. Амлаж байна. Ахдаа наад тариагаа тарьчих л даа. Тэгээд нэг цагийн дараа наад улаан тариагаа тарьчих. Тэгээд л ах нь үхээд өгнө.
- Та тэгэхгүй л дээ. Би таньд энэ цагаан тариаг тарьж чадахгүй нь. Ёстой уучлаарай. Гэхдээ одоо та бараг 10 минут шаналана. Би түргэтгээд энэ улаан тариаг тариад өгч болох юм . Өвдөөд ч хамаагүй 10 минут амьдармаар байгаа бол та амьдарч болно.
- Ёстой адгийн амьтан юм даа чи гээд булиа залуу дахин татгас хийв. Шүдээ хавьран түүнрүү харах нь чаддагсан бол тасдаад хаячихсан гэсэн байдалтай харагдана.
- За за тийм бол яая гэхэв. Би одоо явъя даа.
* * *
- Та тэгээд орхиод гараад явчихсан юмуу?
- Тиймээ, тэрнээс хойш хоёр хоногийн дараа цагдаа нар олж мэдэж шалгаж эхэлсэн.
- Тариа тарьчисан юм бол яагаад үхлийн шалтгаан нь тодорхойгүй гэж бүртгэгдсэн юм бэ?
- Тэр үнэндээ үхлийн тариа байгаагүй юмаа. Хамгийн гол нь би түүнийг сэтгэл санаагаар нь аль хэдийн үхүүлчихсэн юм. Хэрвээ чи анзаарсан бол би үхлийн тухай маш их ярьж, удахгүй үхэх гэж байгаа нь сануулаад байсан. Хэдийгээр тэр бие мах бодийн тэвчээрийг давч өөрийгөө хөгжүүлж чадсан боловч сэтгэл санаагаар тийм ч чанга эр биш байсан юм билээ. Ер нь ч тэгээд аймхай хулчгар дорой хүмүүс түүнийгээ нуух гэж бие бялдараа хөгжүүлэн бусдыг дээрэлхэж дарамтлах гэсэн хандлага их байдаг юм шүү дээ.
Үүгээр бидний яриа өндөрлөж би дуу бичлэгийг хураагууртаа сонирхолтой ярианы бичлэгтэй толгойдоо бөөн бодолтой ажил дээрээ хүрч ирлээ. Өвгөн багшийн тухай нийтлэх эсэхээ бодож хэд хонож байтал уулын сүмийн өвгөн багш маань бурхан болсон мэдээ дуулдаж билээ.
No comments:
Post a Comment