Зүйр үгийн үлдсэн талыг нь санадаггүй ээ. Зохиож болох л юм. "Хол газар унаагаа мэд", "Хүний газар явдлаа мэд", "Ноёны газар дэгээ мэд", "Номын газар ёсоо мэд" гэх мэтчилэн зохиож болж байна. Гэхдээ энэ удаад би зүйр үг зохиох гэсэнгүй, харин "Олны газар үгээ мэд"-эх тухай тухай л ярих гэсэн юм.
Миний хэлэх дуртай үг байдаг юм. "Шудрага байна гэдэг тэнэг байхыг хэлдэггүй" гэж. Би л шудрага үнэнч хүн, хүний сайн мууг нүүрэн дээр нь хэлж нүдэн дээр нь засна гээд цагаа олоогүй цухал үгсийг хэлж хүмүүст ад болохгүй байх тухай л сургасан үг л дээ. Таны үг хэл, үйлс явдал чинь шудрага үнэнч байж болно, мөн таны эргэн тойронд шудрага бус үйл, худал хуурмаг үгс байж болно. Тэр болгонд өөг нь хэлж өөнтөгчин нэр зүүж, бурууг нь засах гэж буруутан болох албагүй. Аливаа юманд цаг хугацаа гэж бий. Хэрэв цаг нь болоогүй бол хэд давтаж хэлээд ч хүнд хүрэхгүй, харин цаг нь болвол хүн болгон шулганан хэлнэ, үгүй юмаа гэхэд ганц хэлэхэд хүн бүр хүлээн авна. Үг ч гэлтгүй үйл явдалд ч өөрийн цаг үе бий. Түүхэнд тийм баримт зөндөө бий. Спартакийн бослого бол түүхэн дэх цаг үеээ олсон бас олоогүй хамгийн том үйл явдал билээ. Тухайн цаг үеийн боолчлол арай дэндүү харгис хэрцгий болж хүний амиар наадах ноёдын зугаа хэрээс хэтрэх үед мэсчин боол /бидний хэлж заншиснаар ГЛАДИАТОР/ Спартак бослого гаргасан байдаг. Тэрнээс өмнө эрх чөлөөнийхөө төлөө тэмцсэн боолчуудын бослого олон гарч байсан боловч хамгийн их хүчээ авч олны хамарсан нь Спартакийн бослого юм. Хэдийгээр Спартакийн бослого цаг үеэ олж боолын эздэд "ухамсрын шанаа" өгөн боолчуудад арай хүнлэг энэрэнгүй ханддаг болгосон боловч боолчлолыг бүрэн арилгаж чадаагүй юм. Тиймээс энэ бол үнэндээ цагаа бүрэн олж чадаагүй гэж үзэж болно.
Хятадын алдарт зохиолч Лу Синь-н Буяны ерөөл гэж ном бий. /8-р ангид А Киюгийн үнэн түүх зохиолыг нь үздэг/. Тэр номын хамгийн сүүлд нэгэн бяцхан үлгэр бий.
"Багш нь шавьдаа үлгэр ярьж өгч гэнээ. Нэгэн айлд шинэ хүүхэд мэндэлж айл хөрш хотол олноороо найр хийхээр очиж гэнэ. Орсон нэгэн зочин "Энэ хүүхэд гуа үзэсгэлэнт нэгэн болж олны гайхашруулах нь ээ" гэж хэлээд найрын ширээний хойморт заларчээ. Бас нэгэн зочин "Энэ том болоод уянгалаг сайхан хоолойтой болж бид бүхнийг баясгах болно" гэж хэлээд мөн л хойморт уригджээ. Гэтэл өөр нэгэн зочин "Хэзээ нэгэн цагт энэ хүүхэд хорвоо ертөнцөөс одох л болно" гэж хэлээд найраас хөөгдөн гарчээ. Ор тас худал байж мэдэх үгийг хэлсэн хүмүүс хойморт уригдаж байхад цор ганц үнэнийг хэлсэн хүн найраас хөөгдөн гарах бөлгөө хэмээтэл шавь асуув. Багшаа үнэнийг хэлбэл хүнд аз үзэгдэн, худал хэлбэл ёсонд харшилна. Хожим бас худал болвол нэрэнд муухай. Тэгээд юу хэлэх ёстой юм бэ? гэсэнд багш нь "Хай... энэ хүүхдийг хар даа, хэхэ хай, энэ ээ.... Гүй энэ хүүхдийг ээ. хэхэ..." л гэхгүй юу."
No comments:
Post a Comment