Хаврын шар нар хамаг хүчээрээ шаран байж хатуурч чангарсан цасыг арай хийн ханзлан хэсэгхэн бор газар гаргаад иртэл хаврын тэнгэр аашаа үзүүлэн нэг шөнийн дотор газар дэлхийг эргүүлээд ганган цагаан цасаар хучиж орхилоо. Өглөө босоод цонхоор хартал өөгүй цагаан цас эргэн тойрон бүгдийг бүрхэн хуччихсан байхад өнөө нар маань урьдын адил урьхан инээмсэглэлээрээ инээж ялагдсан шинж өчүүхэн ч гаргаж бүүдийсэнгүй. Арга ч гүй биз дээ, бяр чадал нь өдрөөс өдөрт өсч өөрийнх нь цаг үе ойртон ирсээр байхад энэ зэрэг бол харин ч хүч чадлаа харуулан гайхуулах боломж болон харагдана биз... Хаалга тогшиход нээвэл хоёр найз маань зогсож байна. Өвлийнхөө куртикийн эргэрийг задгайлаад ороолтоо сулалж гартаа малгайгаа барьчихсан, толгойноос нь уур савсаж нүүрэнд нь томоос том инээмсэглэл таг наалдчихсан байлаа. Орцонд хичнээн дэвсэлж байж орсон мөртлөө орж ирээд зогсохдоо намайг хувцасаа өмсөх хооронд шалаар нэг шавхай тарьчихсан байж билээ. Гэхдээ би хүүхэд байсан болохоор тоогоогүй л дээ, харин оймсоороо тэр усан дээр гишгэхгүй байхыг л хичээсэн... Гадаа гараад харвал цас их гүнзгий оржээ. Бид адал явдалт зохиол уншаар байгаад өөрсдийгөө анчид гээд итгэчихсэн байсан юм. Нохойн мөр олж мөшгиж хөөгөөд барааг нь харвал чулуугаар нүүлгэдэг анчид. Од нь харвасан хийморьгүй ноход цагаа олж хүний урдуур гарах юм даа. Хогийн цэгээс хоол олсон ч юмуу үгүй ч юмуу ямар ч байсан нэг нохой байрны хойд жалгыг зүглээд шогшиж явлаа. Индианчууд уулгалан довтлох нь тэр. Бидэнтэй өмнө нь таарч байсан нохой бололтой, эсвэл бидэн шиг анчид цөөнгүй болсон бололтой. Ямар ч байсан нохой цасан дээр том том харайлган давхиж одлоо. Бид араас нь элдэж яваад гүйцсэнгүй жалга хүрэхэд өөр сонин гоё юм харав.

(үргэлжилнэ)
No comments:
Post a Comment