Блог бид хоёр нөхөрлөөд 4 жил болж байна. Анх нээхдээ эссэ болон илтгэл бичиж байхаар бодож нээсэн боловч тэр бүр хүссэн шигээ олон сонин, содон, шинэлэг эссэ, илтгэл нийтэлсэнгүй байсаар өнөөдөртэй буюу блогынхоо шинэ чиг хандлагыг зарлах өдөртэйгээ золголоо. ккк
Блогтоо шинэ лэбэл (үүлэн шошго) нэмэх ёслолын нийтлэлд маань тавтай морил. Энэхүү ёслолын нийтлэлийг би улаан хивсний ёслолоор нээе гэж бодож байна. Тэгэхээр уншигч та хамгийнхаа гоё хувцсыг өмсөөд компьютерийнхээ ард загвар өмсөгч шиг тэгшхэн сууж улаан хивсээр алхсаар нийтлэлийн үргэлжлэлийг уншаарай.
Нээлтийн ажиллаагааны хамгийн эхэнд миний хүсэл сонирхол өөрчлөгдөөгүй гэдгийг заавал хэлэх хэрэгтэй байна. Өөрөөр хэлбэр блогийн маань хуучин нэр хүнд бүхий эссэ ба илтгэл гэсэн сэдэв маань урьдын адил нэр хүндтэйгээр блогийн маань хойморт заларсаар байх болно. Харин хүссэн ч эс хүссэн ч блогоор маань байнга эргэлдээд байдаг тэмдэглэл маягийн миний сайн муу сайхан муухайг хүн амьтанд дэлгээд байдаг өчил үгс лэбэлийг албан ёсоор баталгаажуулж “миний үнэн, миний худал” нэртэй болгон өөрчилж байна. Ингээд “Миний үнэн, Миний худал” лэбэлд баяр хүргэе.
“Өдөн үзэгний хошууг бэхэнд дүрээд...” гэдэг лэбэл маань уг нь миний хамгийн дуртай буюу уран зохиолын шошго боловч хувцас нь нэг л зохихгүй байгаа тул хувцсыг нь сольюу гэж бодож байна. Нөгөөтэйгүүр бас блогынхоо албан ёсны лэбэл болгоё. Тиймээс “хөнгөн бийрийг хөшихүй” гэж нэрлэе. Энэ бол их зохиолч Инжинашын хэлсэн үг тул энэхүү лэбэлд яг тохирно.
Одоо шинээр нээгдэж буй лэбэлийг танилцуулъя. Дээрх уран зохиолын лэбэл нь миний хобби мөн боловч миний хобби дотор хөгжүүлэх учиртай нэгэн чухал чиглэл байдаг нь богино өгүүллэг юм. Иймээс зөвхөн богино өгүүлэг бичиж байх “ Охор ташуур” нэртэй лэбэлийг танилцуулж байна. Охор ташуур гэж нэр өгсөн нь учиртай. Охор буюу богино ташуур нь хурдан морь унах хүүхэд хэрэглэдэг тул надад шандас нэмж авъяс билгийг маань улам нэмэгдүүлж байх бэлэгдлийг бодож өгсөн юм. Бас нэгэн учир гэвэл Юань улсын гарамгай жанжин, нэрт шүлэгч Баян чинсаны Хятад хэл дээр бичсэн ташуур хэмээх шүлэг байдаг юм байна. Түүнээс ишилбэл
Алд хүрэхгүй охор ташуурт ир мэс үгүй боловч
Алмас /эрэлхэг/ баатар зуун түмэн, түүний дохилгыг дагамуй.
Алмас /эрэлхэг/ баатар зуун түмэн, түүний дохилгыг дагамуй.
гэжээ. Шүлгийн тухай нийтлэлийг энэ линкээр орж уншиж болно. http://www.literature.mn/2010/05/%D1%8F%D1%80%D1%83%D1%83-%D0%BD%D0%B0%D0%B9%D1%80%D0%B0%D0%B3%D1%87-%D0%B1%D0%B0%D1%8F%D0%BD%D1%8B-%D1%82%D0%B0%D1%88%D1%83%D1%83%D1%80-%D0%B3%D1%8D%D0%B4%D1%8D%D0%B3-%D1%88%D2%AF%D0%BB%D0%B3%D0%B8/
Дахин шинээр нээгдэж буй нэгэн лэбэл буй. Энэ нь миний шинэ хобби, судалгааны чиглэл болсон хувь хүний харилцааны тухай нийтлэл байх юм. Хүний амьдралд харилцаа гэдэг ямар чухал билээ дээ. Гэтэл хүн хүнтэйгээ сайхан харилцах, зөв харилцах аргаа одоо болтол олоогүй л байна. Хэдийгээр олон нийттэй харилцах тухай PR /урлаг гэж хүмүүс хэлдэг/ гэж байдаг боловч хувь хүнтэй хэрхэн зөв сайн харилцах тухай миний мэдэх юм алга. Иймээс энэ тухай судалж бичиж байх болно. Энэ лэбэлээ би “Толин тусгалтайгаа зөвлөлдөхүй” гэж нэрлэсэн юм.
За ингээд блогийн маань шинэ лэбэл танилцуулах ёслолын ажиллагаа дууслаа. Хүрэлцэн ирсэн та бүхэнд баярлалаа. Аан тийм удахгүй бас блогтоо засвар хийх байхаа.
No comments:
Post a Comment