Monday, April 23, 2012

Диваажин хаана байдаг вэ? (Эргэцүүлэмж 100-150 үгтэй)


Диваажин хаана байдаг бол дандаа надад бодогддог. Тэртээ алсад, тэнгэрт байдаг болов уу? Яг л хүүхэлдэйн кинонд гардаг шиг үүлэн дээр үлгэрийн оронруу орох алтан хаалгатай байдаг болов уу? Эсвэл эсэргээрээ газар доор, гал халуун лаваар хүрээлэгдэн үзэсгэлэн төгөлдөр диваажин маань байдаг байж болох юм. Тэгээд эсэргээ там нь тэнгэрт байж, буруу хэрэг хийсэн нэгнийг хий газар дүүжилж зовоодог байж магадгүй.
Эсвэл магадгүй диваажин зүгээр л дэргэд чинь байдаг байх. Өглөө болгон хагацаж ядан босдог оронд чинь, өлсөөд ирэхэд ээж чинь амтат хоол хийж өгдөг аяганд чинь, болзоонд гарах гээд баяраа хуваалцаж ядан байн байн өмнө нь очиж эргэлддэг толинд чинь, хааяа бүр холын хол явмаар санагдсан ч орой болгон очихоос өөр аргагүй байдаг гэрт чинь байдаг байх.
Бурхны шашинд хүн диваажинд очих гэдэгийг дахин хүн төрлийг олох гэж хэлсэн байдаг. Хэрвээ тийм бол та яг одоо диваажинд байна, тийм биш гэж үү?

Friday, April 20, 2012

Диваажинд өрөө захиалъя (уншдаггүй, үздэг нийтлэл)

Байна уу? Бурхан уу? Аа би зөв мэдлэгт хөтөлдөг Батболд байнаа. Диваажинд чинь өрөө захиалах гэсэн юм. Миний хэзээ очихыг та мэдэж байгаа болохоор миний очихыг дөхүүлж байгаад энэ өрөөг бэлдчихнэ биз дээ. Гал тогооны өрөөний зураг оруулсангүй шүү, диваажинд өлсдөггүй гэж бодсон болохоор. Хэтэрхий эртэч зан гаргасанд уучлаарай. Гэхдээ дөхүүлж байгаад гэвэл мартчих байх гэж бодоод. Та бурхан юм чинь мартахгүй байлгүй гэж найдсан юм. Ер нь тэгээд энэ дэлхий дээр чинь танд найдаж танай диваажинд очих гэсэн түмэн хүн л байна. Зарим нь маань уншиж байхад зарим нь танд итгэдэг болгох гээд л цаас тараагаад байна. Өө нээрээ санаснаас ингэхэд таныг Будда гэдэг юмуу, Есүс гэдэг юмуу? Эсвэл Аллах юмуу?...

Wednesday, April 11, 2012

Баян монгол

Хүү: - Ааваа таны утас яагаад холбогдохгүй байна
Аав: - Аав нь онгоцонд явна. Ганбаа ахтай нь Саванны ойд очиж арслан агнахаар явж байна.
Хүү: - Өвөө чоно агнах дуртай байсан, та арслан агнах дуртай болжээ...

Thursday, April 5, 2012

Хавар (100-150 үгтэй өгүүлэмж)

Улирал, цаг агаар, орчлон хорвоод болдог байгалийн бүхий л үзэгдлээс хавар хамгийн найрсаг зантай нь билээ. Жишээ нь өвөл цасан хучлагаараа дэлхийг заавал хучих ёстой. Тэгээд сайхан ааштай бол тогтуун сайхан байж хүмүүсийг баярлуулах ёстой бол ааш муухай үедээ шуурч салхилан бүхнийг тас хөлдөөнө. Гэтэл хавар ямар найрсаг зантай гээч. Тэр гуйсан бүхэнд зөвшөөрнө. Хэрэв өвөл “Найз нь явмааргүй байна, одоо жаахан шуурчихъя гэвэл” тэг л гэж хэлнэ. Зүггүй салхи хүрч ирээд “Хавараа, биеийн чилээгээ гаргаж үүгээр жаахан зугаалъя” гэхэд дөнгөж өглөөхөн нь л зун хүрч ирээд “Би хурдхан хүмүүсийг амраамаар байна. Иймээс одоо байгаа цасыг бүгдийг нь хайлууллаа шүү” гэж хэлсэнийг ч санахгүй зөвшөөрч л орхино. Зүггүй салхи, зуны халуун, өвлийн хүйтэн, намрын найрсаг салхи, хүчтэй аадар, намуухан бороо, ширүүн мөндөр гээд бүгд л найрсаг зантай болохоор нь хавартай найзлана. Бас байн байн зочлон ирж өөрийн чаддаг бүхнээ хавар найздаа сонирхуулна.