Sunday, April 24, 2016

Уртын урт бичлэг буюу удаан уулзаагүй нөхөртөө хуучлах нь

Сайн уу? Блог минь. Удаан хугацаанд хийгээгүй уртын урт бичлэг оруулах гэж байна шүү. Бэлтгэлтэй байгаарай.

Завгүй амьдралдаа завсар гаргаж, цагийг түр ч атугай зогсоох гээд үзье. Завгүй гэдэг үгнээс маань залхаад, зарим нь бүр итгэхээ больж эхэлж байх шиг байна. Одоо яая гэхэв, заваа хүнээс нууж харамлаж үзсэнгүй дээ, өнөөг хүртэл.


Шинэ ажилд, тэр тусмаа нягтлангийн ажилд, тэгээд хоёр байгууллага хариуцаад ажилласан чинь... ёооё, ёстой майлдаг байна шдээ. май ай ай. Жилийн эцэст орсон болохоор өмнөх нягтлангийн хийсэн бүртгэлээр тайлан гаргаж таарна. Мэдэхгүй, танихгүй гүйлгээ, зөрүүнүүд... дээрээс нь энд тэндэхээс гэнэт нэхэх тайлан мэдээ, судалгаанд дарлуулаад үнэндээ л хэсэгтээ миарлаа шүү. Одоо бол яахав ээ, нэг үеэ бодвол яг юу хийдгээ гадарладаг болчихлоо. Гэхдээ л эрэмбэндээ орж, цэгцлэгдээгүй л байна. Юутай ч тогтмол хийгддэг ажилуудаа хувиар гаргаад эрэмбэлээд тавьчихдаг юм билүү дээ. Тэгэж байтал бусдынх нь учир олдох байлгүй. Ажил гарт ортол санаа амарч арай л боломгүй байна.

Би нээрээ Хятад хэл үзэж байгаа. Өнгөрсөн 10 сараас эхэлсэн юм. Сая HSK 3 гэдэг шалгалт өглөө. Нүдний булай болж тэнцээгүй байх вий дээ гэж их л санаа зовж байна. Тэнцэхгүй байх магадлал маш өндөр байгаа. Угаасаа ажлын ачаалалтай холбоотой хичээлээ таслах, даалгараа хийхгүй байх, ханзаа цээжлэхгүй байсан болохоор яаж ч сайжрах билээ. Шалгалтын өмнөх их сунгаанд надаас бусад нь тэнцээд би ганцаараа мултарч байгаа юм чинь... Тэгэхээр аюултай л байгаа. Одоо яая гэхэв, сурсан минь л тэр юм чинь. Шалгалт нь дууссан ч хичээлээ үргэлжлүүлэн хийх бодолтой байгаа болохоор цаг хугацаа явахын хэрээрээ сайжрах байлгүй дээ. Ажлын ачаалал ч буурах байлгүй.

Бусад сурах судлах ёстой зүйлс ч замбараагаа алдаж байх шиг байнаа. Осолдохгүй л мэргэжлийн дагуу мэдээ үзэх юм даа. Санаж явбал бүтнэ гэгчээр сэтгэлтдээ тээгээд яваа юм байна програмчлал маань намайг арай орхичихгүй байгаа. Нягтлангийн ажилд орсоных харин НББ бүртгэл овоо сайжирч байх шиг байна. Ашигладаг програмууд маань ч тун боломжийн олон функцтай юм. Гэхдээ өөрөө цаад учрыг нь ойлгож байж үйлдлээ гүйцэтгэхгүй бол тэгээд л юу ч сурахгүй, яг ялгаагүй л юм болно шүү дээ.
Ажлын эгчтэй төсөл маягийн юм хаая бичих тохиолдол гарч байгаа болохоор санхүүгийн тооцоолол талдаа таг болчихгүй, гал алдахгүй явж л байна. Гэхдээ л хүссэн шиг хурдан сайжирч их юм сурахгүй л юм даа. Маркетинг бол өнгөрч байх шиг байна өө. Угаасаа номын санд би маркетинг явуулна ч гэж юу байх билээ. Төрийн байгууллага миний маркетингаар ч яах билээ.

Гэхдээ өөр сонирхолтой хэд хэдэн юм үзлээ шүү. Сониноос шоронд орж үзэв. хэхэ. Хорин ангитай хамтарч ажилладаг юм байна. Гадуур зохиогддог ажилд оролцож шорон явж, хоригдлуудад шагайн тэмцээн явууллаа. Энүүхэн зуур сонин болгож ярихад хоригдол гэхээр л өнгө муутай, хүйтэн цэвдэг царайтай муухай амьтад байдаг гэсэн төсөөллөөс маань салгаж өгсөн сайхан явдал болсон шүү. Олон аавын хүүхдүүд, яахав дээ амьдралд алдахыг алийг тэр гэхэв дээ. Алдаж эндээд орсон залуус олон л байгаа байлгүй. Өнгөтэй байна лээ залуучууд. Түүнээс гадна тэд нарт шагай тоглуулахад хэн ч зарга залхай хийхгүй, жижиг булхай луйвар хийхийг оролдохгүй, шүүгчийн үгийг шууд хууль гэж хүлээж авч байна лээ. Ёстой мундаг. Ардын дунд, жишээ нь аль нэг байгууллага дээр яваад очсон бол ямар их хэл ам, жижиг булхай луйвар гарах байсан бол... Хүмүүжиж байгаадаа тэр юм эсвэл орчин нь тийм болохоор тэгдэг юм уу ямар ч л гэсэн булхай луйврын оролдлого хэн нь ч хийгээгүй юмдаг.

Хоёр ч арга хэмжээ хөтлөв. Би ч угаасаа тохиол нь таарвал ойр зуурхан юм хөтөлдөг л дөө. Гэхдээ л байгууллага, хамт олны л хэмжээнд шүү дээ. Харин энэ хоёр удаагийнх олон нийтийн ажил байсан болохоор жаахан онцлог байлаа. Мэдээж би бүрэн төгс хийсэн гэж хэлэхгүй. Угаасаа миний хоолойны хүч тийм өндөр гардаггүй болохоор микрофонгүй чанга ярьж чаддаггүй юм. Тэрийг маань ч хүмүүс хэлж байна лээ. Түүнээс гадна миний яг өөрийн хоолой хөтлөх үед гаргадаг бүдүүн хоолойноос арай нарийхан болохоор чанга дугарвал тэр нарийвтар хоолойгоороо дугарчих гээд байдаг юм. За тэгээд туршлага дутсан юм гараа л байлгүй. Өө хэлчихмээр хүнд олон л юм гараа байлгүй. Өөрийгөө бол харин болчихлоо шүү л гэж бодож байна. Гол нь алинд нь ч би сандарч мэгдээгүй, хоолой чичрээгүй юм чинь эхний удаад бол болно л гэж бодож байна даа.

Өөр нэг асуудал хоолойд тулсаан... Гэр бүлтэй болох асуудал оройтох араандаа ороод явчихлаа. Үүнтэй холбоотой нэг сонин юм ярьж өгие. 3 жилийн өмнө нэг эгч дээр очиж үзүүлэх тохиол гарвөө. Давхиад очлоо. Би уг нь бол ажил, бизнесээ л асууж ярьсан. Харин үздэг хардаг эгч маань өөрөө санаачлагаараа миний гэр бүлтэй эсэхийг асуугаад дараа нь надад анхааруулж хэлсэн юм. "Чи хоёр жилийн дотор хүнтэй суухгүй бол чамтай учруулахаар бэлдсэн бүсгүйн чинь хувь заяа төөрөөд өөр хүнтэй суугаад явчихна шүү. Тэгээд чи нэг бол хүүхэдтэй эсвэл сэтгэлд хүрээгүй хүнтэйгээ суух магадгүй шүү. Иймээс яараарай" гэж билээ. Би хоёр жил хаа байсын, тэр хооронд нэг юмтай таарч л таарна шүү дээ гэж бодож явлаа. Тэгсэн өнөөдөр ганцаараа явна гээд боддоо. Гурван жил өнгөрчихсөн байхад байдаггүй шүү. Өнөө бүсгүй маань төөрч өгөө байлгүй дээ. Би л ухаантай байсан бол болчих байсан хоёр ч бүсгүй анзааралгүй өнгөрөөчихсөн байх юм. Анзааралгүй гэж... үнэндээ бол би тоогоогүй, тэднээс илүүг хайсан юм л даа. Одоо бол тэр хоёр хоюулаа надаас холдсон болохоор асуудал нэгэнт шийдэгдсэн гэсэн үг. Ийм л байна даа... Хувь заяа гэж бас сонин юм шүү.

Ингээд сүүлийн хэсэг буюу бизнес ажил хэргийн асуудал. Би шинэ бүтээгдэхүүн санаачилж патент авсан. Гагцхүү бизнес болгож чадаагүй явна. Би тэрхүү санаагаа тун ирээдүйтэй гэдэгт итгэдэг. Гол нь бизнес болгоход капитал хэрэгтэй байна. тухайлбал үйлдвэрлэлд оруулах, туршил хийх мөнгө, зах зээлд нийлүүлэхэд хамтарч чадах чадварлаг маркетер, эсвэл үйлдвэрлэл хариуцаж чадах хариуцлагатай менежер гэх мэт... Хийвэл ажил их байна. Хичээвэл боломж ч их байна. Хоосон хүн, хамтрагчгүй хүн хоёр л урагшилдаггүй хорвоо юмуу даа гэж ойлгоод хуримтлал үүсгэхээр хичээж эхэлж байгаа. Тэр далимдаа хүн хартай сайн танилцаж олон нөхөдтэй болохыг эрмэлзэж байна даа...  За ингээд болох шив дээ. Дараагийн пост хүртэл түр баяртай.  

1 comment:

Peta said...

Сайн уу чи бүр ололттой яваа юм байна баяр хүргэе ээ би бол бараг байдгаараа л байна.