Би гэдэг хүн жилийн өдийд л нэг үхчих гээд байх бололтой юмаа. Өнгөрсөн жилийн өдийд яасан?[1] Танихгүй эм туршаад тамруу явахаа дөхсөн. Энэ жилийн өдийд яав? Айраг уугаад амиа хорлох дөхлөө шүү дээ.
Ийм юм боллоо л доо. Бидний хэдэн нөхөд нөхөрлөж эхлээд 5 жил болж байгаа юм байна. Уулзаад, тойрч суугаад хоол унд идээд нэгнийдээ (яг үнэндээ бол хоёрындоо) хөзөр тоглоод суув аа. Манайхан нэг дарс марсхан амсаж тавиад би мэт нь ус ундаахан эргүүлээд сууж байсан нэг маань айраг байгаа шдээ, уух уу гэж байн шүү.
Би яг тэр өглөө гэрээсээ гарахдаа бодсон юм: “За харшил арай эхлээгүй байгаа дээр өнөөдөр ганц аяга айраг олоод уучих юм шүү.” Гэж… Таг мартцан явахад ингээд гулгаад ороод ирэх гэж байх уу даа… Бүр инээд хүрээд л баярлаад л… нэг их дуртай амьтан шиг тэгие гэж ирээд л аяга айраг урдаа тавьлаа. Орой ч болсон байсан юм.
Талдаа орж байх үед… хоолой нэг л биш шүү. Заслаа… хм. Байдгүй шүү. Нэлээд боох янзтай боллоо. Найтайлаа. Хэд хэд угсраалаа. Нус суга ш**дым байгаа биддээ. Ванны өрөө явлаа. “Хуучин хүү жолоогоо тас хийтэл сойгоод, нусаа хүр хийтэл нийгээд гэрт орох”[2] гэсэн чинь юу вэ? Тольруу харсан нүд бүр улайгаад бүлтийчихэж… Яахав бусад хүмүүс хараад бүлтийсэн гэж мэдэхгүй л дээ. “Би ч нэг муу юм ялгаад байгаа юмаа”[3]… Хоолой бүр аймар боогоод эхэллээ. Ширээнийхээ ард жоохон суулаа, гайгүй болохыг нь хүлээлээ. Байдаггүй шүү. Найзууд бол аль эрт сандраад эхэлчихсэн л дээ. Нэг харшлийн эм гээд эмэгтэй найз маань өглөө. Жаахан суулаа. Ер нь л явах нээ. “Айлд амьтан болж байхаар гарч үхье.” гээд гарлаа. Ганцаараа бишээ, эрэгтэй найзаа дагуулаад гарлаа.
Ойролцоо ээжийн найз эмч эгч байгааг санаад залгав. Эгч байдлыг сонсоод их л сандарлаа. Зөвлөгөө нь “Яаралтай хлорфинамин авч уугаад, сайдуудын 2-р эмнэлэгийн яаралтай тусламжийн хэсэгт очиж үзүүл” гэлээ. Эгчийн зааврыг ёсчлон биелүүлсэн шүү. Эхлээд эмээ авлаа, уулаа. Нусаа чирсээр хамгийн ойр байгаа эмнэлэг болох 2-р эмнэлэгрүү явав. Энэ үед хоолой боогдсоор ярихад бүр хүндрэлтэй болчихсон байв.
Эмнэлэгийн үүдээр орлоо. Тэгсэн харин сувилагч нь “Харъялалаараа явж үзүүл” гэж байна шүү. Баянголын төврүү явах юм гэнэ. “Өө тийм үү” гээд гарах гэсэн цаанаас нь эмч нь гараад ирлээ. Ганц нэг юм асуугаад дараа нь чагнаад үзье гэлээ. Энэ үед бүр оргилдоо хүрч арай л гэж ярьж байв. Бас нүд хавдсан бололтой, зовхи доороос түрж харахад үнэхээр зовиуртай боллоо. Сүүлд найз хэлэхнээ нүд бүр аймар улайчихсан гэсэн. Эмчид чагнуулж байх үед биеэр юм туурч эхэллээ. Эмч сувилагч нар сандрах хандлагатай боллоо. Цаашаа өрөөрүүгээ дуудлаа, яаралтай тариа хийх боллоо. Юу ч гэдэг билээ, “халуун тариа хийнэ шүү” гэж байна. Би мэднээ, бөгсний үзүүр хүртэл халуу оргидог юм гээд золтой л хэлчихсэнгүй. Хоолой зүгээр байсан бол хэлэх л байсан байх л даа. Ганц хоёр тариа хийлгэх гэж гараа гурав цоолуулав. Судас нь хагараад байна гэсэн. Уг нь санаа нь их зөв. Эхэлж халуу оргиулаад дараа нь харшилийн эсрэг тариаг тэр зүүгээрэ шахчихъя гэж бодсон юм билээ. Гээд ялгаагүй 3 цоолуулж тариулж дууслаа. Энэ хооронд харахад улам хэцүү болоод байсан болохоор нүдээ аньчихсан байсан юм. Тэгсэн сувилагч нэлээд сандарсан байдалтай “Чи яагаад нүдээ аниад байгаа юм бэ? Хар л даа” гэж байна. Арай л “Цагаан гэрэл харагдаад хүн дуудвал битий очоорой” гэх нь халаг.
Тариа хийлгээд нүдээ аниад сууж байх зуур эмч хоёр хуудас зохиол тэрлэчихэж. Тэрнийгээ надад өгөөд Баянголын эмнэлэг дээрээ очоод тэндээ ажиглуулж хоноорой гэж байна. Энэ бичгийг өгөөрэй гэж байна. Миний онош, 3 үеийн намтар, туулсан амьдрал, гэрээслэл маань бололтой их юм бичсэн байна лээ шүү. Гараад найз хэллээ. “Эмнэлэг шаах уу?”. “эмнэлэг шаахгүй ээ. Гэр рүү чинь явъя. Тэнд ажиглуулж суух хүсэл алга”.
Тэгээд л эргээд айлдаа очсон доо. Удалгүй хоолой ч дээрдээ ирлээ, нойр ч хүрээд явчихлаа. Шөнө аймар хурхирсын гэнэлээ. Манайхан бараг баярласан байхөө. Үхэхгүй хурхираад байгаад нь…
Ай хөөрхий, харшилаа гэж. Айраг гэдэг идээтэй намраас нааш ч уулзалтгүй нь дээ.
[2] Д.Нацагдорж “Хуучин хүү” зохиолын хэсгээс
[3] Ч.Лодойдамба “Энэ хүүхнүүд үү” жүжгийн зохиолын хэсгээс
No comments:
Post a Comment