Saturday, December 31, 2022

Шомбодойн балай

Сая биржээр хэсч яваад (Дарханыхан захаа ингэж нэрлэдэг) Шомбодойн балайнуудын нэгтэй таарав. Дарханыхан андахгүй л дээ. Их л олон хүн байх шиг байдаг юм.

Нэг нь Дарханы нэгдсэн эмнэлэгт бий. Анх архи уудаг нагац ах маань “Энэ өнөө Шомбодойн балай шд” гэж танилцуулж билээ. Өөрөө шууд л Шомбодой гэж дуудна. Гэхдээ дээрэлдэх, дарамтлах өнгө огт үгүй. Харин ч бахархах маягтай “Энэ чинь лаг том шд. Эмнэлэгийн дарга марга дээр шууд орно” гэж ярьж билээ. Аав харин нэрийг нь мэддэг юм байна. Аавд ч сайн юм. “Хүүе багш” гээд дуудна. Аавыг эмнэлэгт хэвтэхэд цуг нэг өрөөнд хэвтсэн юм байж л дээ. Аавыг хүн бүр л багш гэх болохоор Болдоо бас багш гэж дуудна.

Болдоо эмнэлэгийн морогт ажилладаг юм. Хүн гаргадаг өдөр маш эрт босч иж бүрэн цав цагаан хувцас өмсч үсээ толийтол самнан их л хүндэтгэлтэй гарна. Талийгаачийн цогцост хүрч, хувцаслах, засах гээд хүн дурлаад байхааргүй ч зайлшгүй бүх л ажлыг хийнэ. Талийгаачийг эмнэлэгээс гаргаж явуулсаны дараа Болдоо чихэр пичен гэх мэт амттантай өрөөндөө орж ирх нь оршуулах ёслолд оролцсон хүн бүрийн гарыг цайлгадаг монголчуудын л сайхан зан юм даа. Болдоо өрөөндөө орж ирээд “Багш алив наашаа суу. Гоё юм идье” гэх нь хүүхэд гэлтэй. Эмнэлэгийн охид хүүхнүүд, сувилагч, эмч нар орой үдэш орж гарах, дээшээ харанхуй агуулах явах гэх мэтдээ Болдоог үргэлж хань татна. Тэр мэтээр Дарханы төв эмнэлэгийн хаягтай хаяггүй хар бор ажилаас их хийлцэнээ.

Эмээ маань нас барж Дарханы төв эмнэлэгээс гаргахад Болдоогийн ажилаа хийж байгааг харсан юм. Чин сэтгэлээсээ, гүн хүндэтгэлтэй, царай төрх нь тэнд буй хүмүүсийн уй гашууг мэдрэх мэт гунигтай, зовинонгуй. Магадгүй манай эмээг мэддэг ч байсан байж болно. Нагац ах маань архичин хэдий ч тун олонтой нэгэн байсан тул тэдний хүрээллийн болохгүй бүтэхгүй гэж адлуулдаг болгон бараг бүгд эмээг маань мэддэг байсан төдийгүй цагаан сараар заавал ирж золгодог байлаа.

Бид өөрсдөөсөө ондоо, амьдралын боломж тааруу, магадгүй сэтгэцийн хувьд жаахан эрүүл биш хүмүүсийг ад үзэж шоглох маягтай боловсролгүй соёлгүй, тэнэг балай гэж нэр хоч зүүн амны зугаа болгох нь нэн түгээмэл. Гэвч тэдгээр нь бидэнд хор болох нь ховор. Харин бид боловсролтой сэхээтэн хэмээн өргөмжилж өөрсдийгөө төлөөлүүлэн илгээсэн хүмүүс нь бидний амьдралд хор болж ханахгүй юм. Болдоог Дарханчууд Шомбодойн балай хэмээн хочилж зарим нь магадгүй шоолдог ч биз. Гэвч Болдоогийн гараар талийгаачдаа бид эцсийн замд нь ёс төртэй үддэг билээ. Гэтэл аймгийн санхүү төрийн сангийн хэлтэсийн даргаас засаг даргыг 8 жил хийж, улмаар биднийг төлөөлөн УИХ-д 8 жил суусан нэгэн авилгын хэргээ ил цагаан наймаалцаад одоо айх аюулгүй амар жимэр суугааг Дарханыхан бүгд л мэдэж байгаа даа... Бид хэнийг хайрлаж, хэнийг хүндэлж, хэнийг хянаж, хэнийг зүхэх ёстойгоо сайтар бодож баймаар мэт.  

No comments: