Шарынгол сумын гэр хорооллыг Шаазгайт гэдэг. Сул шороо бужигнасан шаазгайтын гудамжинд тоглож өссөн дэрсэн ах дүү хоёр ээжтэйгээ амьдран суудаг байлаа. Ахыг нь Элдэв-Очир, дүүг нь Эрдэнэ-Очир гэдэг.
Ах нь хүн болгонтой найзалсан дуу шуутай, жижгэвтэр биетэй шар хүү. Харин дүү нь дуу цөөтэй, том биетэй бор хүү. Тэднийг тэр хавынхан бүгд танина. Шарынголын залуучуудын тал нь атаман, тал нь бүүр атаман байдаг тул энд тэнд бөөн бөөнөөр зогссон залуус хүүхэд шуухдаас тамхины мөнгө, арай жаахан ахимагханаас нь архины мөнгө нэхээд зогсох энүүхэнд. Гэхдээ тэд хэзээ ч ах дүү хоёрт халдаж байсангүй. Ах нь ч угаасаа хүн болгонтой найз нөхөр болж найрсаг явдаг тул дээрэлхэе гэх хүн гарахгүй. Гарсан ч нөгөө нь өмөөрөөд зодолчихно. Харин дүүд нь хаанахын хэн ч гэдэг атаман халдаж зүрхэлдэггүй дайчин эр.
Бүүр бага байхдаа нэг удаа гэр хорооллын шороо бужигнуулсан сагсны талбайд тоглож байхад том ах нар ирж бөмбөг булаажээ. Бөмбөгөө нэхэх зүрхтэн тэнд байсан хүүхдүүд дунд байсангүй. Дүү нь харин бөмбөгөө нэхэж тэдэнтэй зодолжээ. Том ах нар байсан тул ганц өшиглөөд л унагачихлаа. Гэтэл газар байсан том чулуу барьж босч ирээд толгойлогч бололтой шал шал гэсэн залуугын нүүрэнд цохиод унагачихав. Унасных нь дараа чулуугаараа толгойруу нь дахиад цохиж гарав. Хажуугаас нь өшиглөх гэж байсан баньдийг ах нь түлхэж унагаад нүүрлүү нь шороо цацчихаж билээ. Хэрэв томчууд ирж салгаагүй бол дүү нь хүн ч алж мэдэх байлаа. Ердөө л 3-р ангид байхдаа.
Хэдэн жилийн хойн түүнийг 7-р ангид байхад өөр гудамжны арваад банди нар түүнийг гудамжинд хүлээгээд зогсож байлаа. Тэдний нэг нь ахыг нь дээрэлхэх гээд байхад нь барьж аваад ганц мөргөөд унагчихсан юм. Дээрэлхэх ч гэж дээ, үгийг нь сөрөөд хэг ёг гээд байсан юм. Мэдээж ах нь салгаагүй бол ингээд орхихгүй байсан нь тодорхой. Гэтэл өнөө зодуур нь багадсан баньд гудамжныхаа хэдэн хүүхдийг дагуулаад ирчихсэн зогсож байлаа. Мань хүн хашааны банз хуга өшиглөн мулталж бариад тэдэнрүү дайран орж билээ. Ганцаараа үеийн арваад бандийг ёстой “багшаа байяаа” гэтэл зодсон нь түүний “суу алдар”-ыг шаазгайт байтугай Шарынгол даяар дуурсгав. Түүнээс хойш түүнд халдах хүн гарсангүй. Хүний ирүүнд оновчтой цохин ямар ч том биетэй хүнийг ганцхан цохилтоор унагадаг нь одоо бол түүний брэнд. “Ганц” Эрдэнээ гэхэд мэдэхгүй хүн үгүй.
Нэг удаа түүний найз охиныг хэдэн залуучууд хоргоож л дээ. Хашаандаа түлээ хагалж байсан Эрднээ найз охиныхоо “Боль л доо” гэж хэлэх ууртай дууг сонсоод сүхээ барьсан чигээрээ хашааныхаа халгаар гарчээ. Найз охиныг нь хоргоож байсан залуус түүнийг хараад үнхэлцгээ хартал айж, нохойд туулгасан хүн шиг пижигнэтэл гүйлдэн оджээ. “Сүхээрээ хүний толгойруу шаачихаж мэдэх гар. Ирээр нь биш юмаа гэхэд эргүүлээд буруу талаар нь бол элбэг шаана” гэж ярьж байсныг нь ах нь сонсож ирээд дүүгээ “хүн сүхдэх гээ юу?” гэж загнажээ. Эрдэнээ гайхан нүдээ том болгож “Юу яриад байгаа юм бэ? Би түлээ хагалж байгаад Сувдааг хашгирахаар нь сүхтэйгээ л хаалгаар шагайчихсан байна билээ. Яагаа ч үгүй байхад л тэд нар чинь чөтгөр харсан юм шиг гүйлдээд явчихсан шүү дээ. Яг үнэндээ би юу болсоныг нь ч ойлгоогүй” гэж бие өмөөрөхөд Элдэв “Чи л болсон хойно зүгээр байсан байхдаа. Хамгийн багаар бодоход л өмнөө аймар муухай харцаараа харсан даа” гэлээ. Сувдаа хажуугаас нь ярианд оролцож “Муухай хараагүй ээ. Тэд нар чинь өөрсөдөө л хашигралдаад гүйлдээ явчихсан шд.” Гээд Эрдэнээрүү эргэж “Хайраа нөгөө улаан фудволктой нь эргэж харж гүйж байгаа шонгийн мод мөргөөд уначихсан шд” гэж хэлэн бөөн инээдэм болгож билээ.
Ах нь үргэлж өөдрөг сайхан үлгэр шиг зүйл ярьж хүн амьтан инээлгэж баярлуулж явна. Ээж нь “Элдэвээ чи ямар янзын хайзгай муруй гишгэдэг юм бэ? Энэ гутлаа хар даа” гээд өсгийнийх нь тал нь цавччихсан юм шиг ташуулдаад алга болчихсон гутлыг нь харуулахад Элдэв “Бөх хүний алхаа нэг иймэрхүү байдаг юмөө ээж минь. Хүү нь ингэхэд бөх болох уу? Дуучин болох уу?” гэж асууна. “Миний хүү бөх болж ясаа хэмхчүүлээд яахав” гэхэд нь “За бараг ч тийм дээ. Тэгэж бусдын ясыг хэмхчин нүгэл үйлдэж байхаар дуучин болж олныг баясгаж явнаа.” Гэж ярьсаныг нь гуйвуулан ярьна. Тэгээд мөн эргэж “Дуучин болоод баяжихаараа ээждээ ягаан өгнийн кадилак авч өгнөө” гээд өөрийн ярьсандаа өөрөө баясан хөхрөн инээнэ. Ийм л нэг хийсвэр хөөргөн нэгэн. Харин дүү нь амьдралд хамаагүй нухацтай бодитой хандана. Эрт найз охинтой болж гэр бүлийн амьдрал зохиож байгаа болоод ч тэрүү хамаагүй буурьтай. Хүмүүс бол хэрсүү л гэдэг. Харин ах нь хар залуугаар хөгширчихсөн гэж хэлдэг байлаа. Үнэхээр ч залуугаараа бараг хүүхдээрээ шахуу амьдралын төлөө зүтгэж байгаа билээ. Найз охин Сувдаагынх нь амьдрал бас тийм сайнгүй. Аав нь гэж засархаасаа өнгөрсөн архичин. Сүүлийн хэдэн жил хүргэнээсээ айгаад харин агсам тавихаа болчихоод байгаа юм.
Шарынголын эргэн тойронд алтны уурхай олон. Амьдралаа дээшлүүлэх гэсэн, амь зогоох гэсэн олон хүн тэнд нинжа болон газар малтана. Амьдралын эрхээр Элдэвээ, Эрдэнээ хоёр ч тэнд нинжа болжээ. Гэхдээ хөдөлмөрийн бүтээмж нь шал өөр. Ёстой нь өнөө Жигмэд Тогмид хоёр. Эрдэнээгийн үүрч ирдэг шороо, шороогоо угаадаг түмпэн нь Элдэвийнхээс худалч хүнд бараг хоёр дахин том. Тэр ч хэрээрээ олз омог нь ахаасаа арай илүү. Түүнээсээ ч болдог уу эсвэл угаасаа амьдралын төлөө гэх тэмцэх тэмүүлэл ихтэй болоод ч тэрүү шунал хүсэл нь ч бас ахаасаа илүү. Харин ах нь тэр хавийнханыг хошин уран яриагаараа хөгжөөн байсгахынхаа завсар ажлаа хийнэ. Угаасаа ч бодь амгалан бодолтой хүн болоод “өгөхдөө өгөөд өгөхгүйдээ бол хялайлгадаг ч гүй юмаа энэ алт чинь” гээд нээх улайран зүтгэж гүйхгүй.
Нэгэн цооногт нэлээд малталтаж шороо шуудайлсны дараа Элдэв “За одоо гаръя ахын дүү. Энэ хэдийгээ угааж үзэе” гээд татах гэхэд Эрдэнээ “Агаа түр хүлээж бай. Энэ хавь судалтаж харагдаад байна. Нэлээд юм байгаа байхаа.” Гээд дахин цааш малтан явав. Гэтэл доор нуралт үүсч Эрдэнээ шороонд дарууллаа. Бүсэлхийгээр нь уясан уяанаас татхад хөдлөх ч янзгүй байв. Нэлээд шороонд даруулсан бололтой. Элдэвийн нүүр зэвхий даан “Ахын дүү түр тэсээрэй ах нь одоохон” гээд араас нь ухас хийн нүхрүү оров. Хүмүүс тэдрүү анхаарал хандуулан ах дүү хоёрт сайн нэг нь гүйж ирж байлаа. Элдэв доошоо орж гараараа шороо самардсаар дүүгийнхээ нүүрийг гаргаж ирэв. Дүүгийнхээ амьд сэрүүн царайг харсандаа баярлан инээмсэглэв. Нүүрэнд нь байсан шороо арилж ахынх нь царай харагдахад дүү нь баярлан инээмсэглээд “Балрах шахлаа шүү” гэлээ. Ах нь бусад шороог малтан холдуулж эхэллээ. Хүмүүс дээрээс нь “Та хоёр зүгээр үү? “гэх хашиграхад Элдэвээ “Зүгээрээ. Та нар харин жоохон хол зогсоорой. Энэ хавийн шороо сул болчихсон байгаа. Олон хүн гишгэвэл дахиад нурж магадгүй” гэлээ.
Тэндээс Сувдаагийн аав хүнд бакалтай пар пар хийн гүйж айсуй. Хүргэн нь шороонд даруулсан сургаар сандран гүйж яваа түүнийг хүмүүс “Та цаашаа цаашаа, цаанаа байж бай” гэхэд уур дургүйцэл нь хүрэн хар гүйхээрээ гүйж ирээд нүхний амсар дээр өвдөгөн сууж “Миний хүү зүгээр үү?” гэж хашигирлаа. Түүний хүнд гишгэлтэнд улам суларсан байсан шороо хашиграх чимээнд нь дахин нурлаа. Энэ удаа зөвхөн доороо нурсангүй дээрээсээ нурж газар цөмрөн орж, ах дүү хоёр шороонд дараглаа...
х х х
Хүмүүс хашигиралдан яахаа олж ядна. Экскаватор зугуухан шороо малтана. Ах дүү хоёр шороонд даруулаад бараг тавин минут болжээ. Бараг 5 мертийн гүнд байгаа хүмүүсийг гараараа малтаж гаргах нь худлаа тул экскаватор гуйжээ. Элдэвийг таньдаг жолооч хар хурдаараа ирсэн нь гучин минут.Алтны дошин дээр саарал эксэл хар хурдаараа давхин ирж тоос босгон тормозлон зоглоо. Ах дүүсийн ээж, Сувдаа охин хоёр гарч ирэн гүйхээр ирлээ. Хоёрын хоёр хүүгээ хүний зэрэгтэй хүн болгож өсгөн өдий хүргэчихээд ингээд алчихна гэдэг эх хүний сэтгэлд яахын багтах билээ. Уйлан хайлж шороо самардана. “Элдэвээ миний хүү ухаантай шүү дээ. Эвийг нь олоод гараад ир л дээ. Эрдэнээ миний хүү хүчтэй шүү дээ. Зад цохиод гараад ир л дээ. Хайртай Сувдаа чинь хажууд байна. Хүний дайтай амьдрал бүтээх гээд хүлээж байна шүү дээ чамайг. Элдэвээ миний хүү ээждээ дуучин болох гээд гараад ир л дээ. Ээжид нь ягаан кадилак хэрэггүй ээ. Та хоёр минь байхад л болно. Бурхан минь буцаагаад надад өгчих л дөө эднийг минь...”
Элдэвээ Эрдэнээ хоёрыг цаг илүүгийн дараа олж гаргаж иржээ. Цаг үргэлж инээж явдаг Элдэвийн царай сандарсан хөмсөгөө зангидсан байлаа. Тэр дүүгээ аварч гаргахаар сандран хүчлэн оролдоно. Харин дүү Эрдэнээгийн царай баярлан гэрэлтсэн харагдана. Том болоод атаман болж бас амьдралын төлөө махран зүтгэсэнээсээ хойш ахдаа эрхлээгүй билээ. Харин үхэлтэй уулзахаас хэдхэн минутын өмнө тэрээр ахдаа дахин эрхэлжээ. “Балрах шахлаа шүү.” Гэхэд нь баярласан ах нь дүүгийнхээ духан дээр үнсэжээ...
2006 оны зун Шарынгол сумын нутагт гар аргаар алт олборлогч ах дүү хоёр шороон даруулж нас барсан билээ. Дүү нь шороонд дарагдахад ах нь араас аврах гэж ороод мөн шороонд даруулжээ. Зохиогч миний бие хажуугаар нь өнгөрөхөд ээж нь болотой эмэгтэй уйлан хашгирч шороо самардан хүмүүс татаж чангаан хойшлуулж байсан. Харин малтаж байгаа экскаватор нь тийм их яарч байгаа харагдаагүй шүү. Төмөр ч хүний зовлонг ямар ойлгох биш дээ.
No comments:
Post a Comment