Saturday, May 8, 2010

Дуу, үнэр хоёр дурсамж хадгалдаг

Та үүнтэй санал нийлэх үү? Би л хувьдаа тэгэж боддог юм. Миний хувьд дурсамжтай үед сонсож байсан дуунуудыг хожим сонсоход тэр үе шууд нүдэнд харагдах шиг санагддаг. Зовлон гуниг, баяр жаргал бүхий л мэдрэмж буцаад хүрээд ирэх шиг санагддаг. Гоё шүү. Ихэвчлэн аз жаргалтай үедээ дуу сонсдог болохоор тэрхүү аз жаргтай үе маань эргээд ирэх нь надад мэдрэгддэг юм. Гуниглан шаналж байсан үе маань ч эргээд дурсахад аз жаргал байдаг юм дөө. Тийм болохоор нэг бодлын дурсамж бүхэн аз жаргал болно. Дурсамж бүхэн аз жаргал юм бол дурсамжийг дуудаж авч ирдэг дуу бүхэн аз жаргал болж таарна. Гайхалтай гаргалгаа хийлээ шүү. Хэхэ


Үнэр мөн яг адил. Хаана хэзээ үнэртэж байснаа тэр дор нь санадаг. Мэдээж түгээмэл дандаа байдаг үнэрийг санхгүй л дээ. Жишээлбэл өдөр болгон иддэг хоолныхоо үнэрийг дурсан санаад байх нь үгүй. Харин хаа нэг газар идсэн гайхалтай сайхан амттай бас гайхамшигтай сайхан дурсамжтай хамт идсэн хоолны үнэрийг үнэртээ л бол санана шүү дээ. Сайхан үнэртэй саван, шинэ хувцасны үнэр, агаар салхины үнэр, айлд орсон үнэр... Бүгд өөр өөрийн үнэртэй, өөр өөрийн дурсамжтай. Гэхдээ хамгийн гайхалтай нь бүсгүйчүүдийн усны үнэр. Хэхэ. Хэн гэдэг бүсгүйгээс хэзээ үнэртсэнээ санана. Санахад жаахан төвөгтэй. Яагаад гэвэл гудамжаар зөрөөд өнгөрсөн танихгүй бүсгүйгээс хүртэл сайхан үнэр үнэртдэг болохоор тэр болгоныг санахад үнэхээр жаахан төвөгтэй. Бүсгүйчүүд усаа нэлээд зайнаас үнэртэхээр цацдаг. Тэдэнд нэг алхам ойртоход л усных нь үнэр үнэртэнэ.
Харин эрчүүд усыг ханхлуулаад цацаад байх нь буруу гэж би боддог юм. Бүсгүй хүн мөрийг нь дэрлээд суухдаа, хүзүүгээр нь тэврэхдээ, уруулаа өгч үнсүүлэхдээ л залуугынхаа үнэрийг үнэртдэг байх хэрэгтэй гэж би боддог. Тэгвэл бүсгүй хожим дурсахад ч сайхан шүү дээ.
Бас салхины үнэр үнэхээр сайхан. Бүхэл улирлынхаа дурсамжийг бүхлээр нь сэргээдэг болохоор тэр байлгүй дээ. Намрын шаргал өдрийн навч сэрчигнүүлсэн зөөлөн сэвшээ салхины үнэр дурсамж заавал үлдээнэ. Дараа нь заавал дурсагдана. Тэрхүү намрын дурсамж гэдэг нь найзуудтайгаа наргиж зугаалж явсан өдрүүд, нэгэн охиныг бодож шаналж явсан өдрүүд, хичээл тараад хайчихаа мэдэхгүй бөөнөөрөө тэнэж явсан өдрүүд билээ. Аз жаргалтай сайхан өдрүүд биш гэжүү.

За ингээд танд дурсамжийг минь сэргээдэг зарим нэг дуу, үнэрнийг ярьж өгие.
Гайс 666-н “Хайрын бүжиг” гэдэг дуу байна. Энэ дууг сонсох тоолонд 9-р ангид байсан маань дурсагддаг юм. Сайхан өдрүүд байжээ. Бас сайхан дуу байжээ. Бас нэг хөөрхөн охин байсан юм. Түүндээ утасаар энэ дууг дуулж өгч байж билээ. Утасаа улайстал ярьдаг байжээ. Хэхэ

Би тэр усны үнэрийг мэддэггүй юм. Гэхдээ таарвал шууд танина. Үнэртэхээр нэг л хуурай сэрүүн мэдрэмж төрдөг. Ам цангаад байгаа ч юм шиг санагддаг. Тийм үнэртэй ус цацдаг охин манай ангид шинээр шилжиж ирсэн л дээ. Нэг удаа тэр усны үнэр үнэртээд, би түүнтэй адилхан ус хэрэглэдэг хүн байна даа гэж бодоод сууж байсан чинь ард ирчихсэн зогсож байсан юм билээ. Хөөрхөн охин байсан шүү. Одоо бид сайн найзууд. Ойрд уулзаагүй л болохоос биш...


Танд ч мөн дурсамж сэргээсэн дуу, үнэр байдаг бол надтай хуваалцаарай.

2 comments:

пета said...

тийм шүү,санал наалджийнаа, би бас саяхан хочр гурван жилийн өмнө түрхжиысэн усаа түрхсэн чинь шууд л айр дурсамж нүдний өмнүүр гүйгээл ккк аймар тод санагддийм бнлээ,блог чинь таалагдлаа.

Batbold said...

"Санал наалдах" сонирхолтой сайхан хэлц байн. Бичлэгтээ ашиглаж байнаа. ккк. Урмын үгэнд чинь баярлалаа, улма хичээх болноо.