Зуны дунд сар эхэлчихсэн явж байхад блогтоо ганц мөр ч нэмэлгүй сууж байдаг... Анне Франкийн өдрийн тэмдэглэлийг уншихаар бүүр нэг гоё юм бичмээр болох юм. Дэлхийн бүх цаг үеийн шилдэг зохиолчдод Анне Франк орсон байдаг юм билээ. Би хүлээн зөвшөөрнөө. Тэр бол өөрөөсөө уран зохиол цацруулагч. Ердөө л өдрийн тэмдэглэл бичиж байгаа гэхэд дэндүү уран тансаг. Хэрэв бодож төсөөлж, жинхэнэ зохиол бүтээл туурвисан бол түүнийг ямар гайхалтай юм бүтээх байсныг нь төсөөлөхөд ч амархан байна. Тиймээс Анне Франкийг мундаг зохиолч гэдгийг хүлээн зөвшөөрнөө.
Би түүний тэмдэглэл номыг их удаан уншиж байгаа. Бариад л... тавиад л... бодоод л... Угаасаа ч их юм бодогдуулсан ном санагддаг юм. Уншаад дуусах цагт яана даа. Ном уншаад дуусахаар нээх сайхан хууч хөөрч байсан найзыгаа баяртай гээд явуулж байгаа юм шиг санагдаад байдаг юм. Ном уншиж дуусах тоолондоо би тийм мэдрэмж авдаг. Тиймээс би их олон найзыгаа үдэж явуулсан хүн байна шүү. Гэхдээ тэдгээр найзууд маань эргээд уулзахад яг л анх уулзсан шигээ хөгжилтэй, адал явдал нь үргэлж шинээрээ, нас нь хүртэл яваагүй байдаг билээ. Нээрээ ном уншихад зохиолын баатруудтай бүүр хэзээний сайхан найзууд болчихсон санагддаг юм. Гудманд таарвал тэд ч бараг намайг танихаар юм шиг санагддаг шүү. Удаан уншсан ном бол ялангуяа...
Майн Ридийн “Зоригт анчин бүсгүй” номын баатруудын нэрийг л би санадаггүй юм. Тэр ч аргагүй дээ. Ганцхан шөнө уншаад дуусчихсан юм чинь. Майн Ридийн зохиолуудыг уншихдаа өмнөх үгийг нь харахаар “Зоригт анчин бүсгүй”, “Зоригт анчин багачууд” гэсэн хоёр номыг л хараагүй бусдыг нь уншчихсан эсвэл уншаагүй ч гэрт байж байдагсан. (“Зоригт анчин багачууд”-г би одоо болтол уншаагүй л байгаа.) Тиймээс энэ хоёр зохиолд маш их хүлээлттэй байсан, түүнээс гадна хүнээс гуйж авсан ном байсан болохоор тийм хурдан уншчихсан юм. Аймгийн хүүхдийн зөвлөлийн тэргүүлэгчийн хурал дээрээс нэгнээс нь гуйж аваад гэртээ 7 арай болоогүй байхад орж ирэн, уншиж суусаар өглөө 6 цаг гэхэд дуусчихаж билээ. Тэр завсар дүү хоол авч ирж өгч байсныг л санаж байна. Сонирхолтой сайхан ном байсан шүү.
No comments:
Post a Comment