Wednesday, January 19, 2011

Өнгөрсөн жилийн цагаан сарын паян


ПАЯН
Төмөр бар жилийн шиний нэгнийн өглөө. Уламжлал ёсоор нагац эмээгийндээ очлоо. Мөн л уламжлал ёсоор ээжийн маань дүү нар ирсэн байна. Намайг дөнгөж эмээтэй золгочихоод жижиг өрөөнд орж иртэл ээжийн том дүү үүдрүү нэг хараад л надруу нэг хараад аяархан хүрч ирлээ...
-          Бообоо,.. хаан байгаа? Гээд асуусан нүдээр надруу харна. Би гайхав.
-          Юу?..
-          Яагаав, жижигхэн, булцгар цагаан.... гэв. Би хөмсөгөө зангидлаа. Намайг ойлгохгүй байгааг анзаарав бололтой үргэлжлүүлэн
-          ногоон нүдтэй гэж гүйцээв. Миний нүд дэмий тэнэж, өрөөгөөр хэсч байгаад буцаад эгч дэр буулаа. Надруу асуусан харцаар харсан хэвээр. Би духаа маажив...
-          муур уу?
-          Юун муур...?
-          Жижигхэн, булцгар, цагаан, ногоон нүдтэй... муур биш юмуу?
Хэргийн эздийн тэсвэр алдагдав. Пис пас, тас няс, хаха, хэхэ. Өрөөгөөр дүүрэн инээдэм.
ТАЙЛАЛ
Дүү маань эмээгээр тоглох гээд намайг найз охинтой болсон түүнийгээ дагуулаад ирсэн гэж эмээгийнд битүүрч байсан олонд буюу хоёр нагац эгчийн маань гэр бүлд бас эмээд маань зарлачихаж ээ. Мөн дүүг гэр хүргэж ирээд буцсан бага нагац эгчийн нөхөр, тохитой томоотой, худлаа хэлэхээргүй хөөрхөн бор залуу хамт хуувилдаад, жижигхэн булцгар цагаан охин байна лээ гээд гөвөөдхөж. Зүггүй бага эгч маань өөрөө хараагүй ч нөхөртөө итгэж байсан ба угийн сахилгагүй зантай тул ногоон нүдтэй гээд нэмчихэж... Битүүний оройжингоо миний найз охины тухай ярилцсан юм байхаа.
Найз охин энэ тэр гэж дуулиан тарьдаггүй намайг найз охинтой болсон сураг олон хүний анхаарлыг татав бололтой. Битүүхэн хүлээгээд л байгаа юмаа даа. Энэ жил бас энэ сэдэв хөндөгдөх л байх даа. Гэхдээ энэ чинь цаанаа бас учир жанцантай юм шдээ. Эн тэргүүнд гэвэл үнэхээр таалагдсан, чаргууцалдаад гүймээр сайхан охинтой учраагүй л байна. Нөгөөтэйгүүр би онц яарахгүй байна. Ялангуяа гэр бүл зохиох тал дээр. Надад өөр төлөвлөгөө байна...

2 comments:

Oyuka said...

Xaa negtee jijigxen, bultsgar tsagaan tsaraitai, nogoon nvdtei oxin chamaig xvleegeel xezee nad deer irj tsagaan saraar gertee daguulj ochix ym bol oo geel baij baigaa daa...

Batbold said...

Энэ харин үнэн байх шүү. Түүнийг олтолоо дэмий тэнэнээ гэж... хэхэхэ.