Энэ жилийн олимпийн эрхийг аваад зогсохгүй хоёр жилйн дараа болох хөлбөмбөгийн дэлхийн аваргыг өөрийн эх орондоо зохиох эрхийг аваад байгаа, одоогоос хэдхэн жилийн өмнө өөрсдийн үсрэнгүй хөгжлөөрөө дэлхий дахиныг байлдан дагуулж бас алмайруулж чадсан Монгол улс өөрсдийн хөгжлийн нууцаа бидэнд дэлгэж байна.
Үнэндээ дэлхийн тэргүүлэх эдийн засагчид, судлаач, шинжээчид Хятад улсыг л үсрэнгүй хөгжил хийн дэлхийн тэргүүлэх эдийн засагтай улс болно хэмээн төсөөлж, ярьж бичиж байснаас биш хойд хөрш нь болж мөнхийн өрсөлдөж байсан монгол хэмээх цөөхөн боловч зоримог ард түмэнтэй “бяцхан” улсыг ийм том КВАНТ үсрэлт хийнэ хэмээн хэн ч тааварлаж байгаагүй билээ. Мэдээж 20-оод жилийн өмнөөс нээгдэж дэлхий дахины анхаарлыг татаж байсан газрын баялгаараа хөгжинө гэдэг хүлээлт байсан боловч ийм том үсрэлтийг бол харин хэн ч төсөөлж байгаагүй юм. Гэхдээ Монголчуудаас бусад нь...
Тэд өөрсдийн хувь заяандаа итгэлтэй, зоригтой, хүчтэй ард түмэн гэдэгээ өнөөдөр дэлхий дахинд нотлон харуулаад байна. Яагаад “нотлон” гэж байна вэ гэвэл тэд өмнө нь мөн л дэлхийг сэлмийн хүчээр байлдан дагуулж байсан юм. Түүхч судлаачид 800 орчим жилийн өмнөх Монголын байлдан дагуулал өнөөгийн байлдан дагуулалтайгаа олон талаар төстэй байгааг ярьж байна. Хүн ам цөөхүүл байсан, олон тархай бутархай байсан, өрсөлдөгчид нь хүчирхэйг том байсан, хэрэв үсрэлт хийгээгүй бол “хэн нэгний” тодруулбал Хятадын эрхэнд орох байсан зэрэг нь тэдний энэ их хоёр байлдан дагууллыг үнэхээр адилхан болгож байгаа юм.
Одоогоос ердөө арван тавхан жилийн өмнө тэдний хөгжлийн гарц бол уул уурхай гэдэгтэй хэн ч маргадаггүй байлаа. Ялангуяа дэлхий дахин... Харин монголчууд тэр тусмаа одоо эдийн засаг, бизнес, урлагийн салбарыг тэргүүлэн авч яваа бизнесийн эзэд, ноёд хатагтай нар үүнд эргэлзэж байсан гэдэг. Тэд тухайн үед ердөө л хорин тав орчимхон настай байсан билээ. Тэдний ажиглаж харсанаар уул уурхайн салбар нь, газрын нөөц баялаг нь тэднийг улам л хагаралдуулж, улам холдуулж байгааг харжээ. Бас улс төрийн хувьд тогтворгүй болгож байсан гэдэг. “Их баялагт” шунасан өөрсдийн үеийн олон чадварлаг залуус улс төрд зүтгэн орсонд тэд одоо болтол харамсдаг юм билээ.
Үнэндээ Монголын үсрэнгүй хөгжлийн нууц нь тэр залуус улс төр уул уурхайгаасаа зоригтой татгалзаж чадсанд байгаа юм. “Хөгшчүүл газраа онгич, харин бид оюунаа онгичино” гэсэн уриа хэлц тухайн үед хүчээ авч залуус ч өөрсдийн оюун ухаанаар бизнес эрхлэх болсон байна. Тэр нь ч үр өгөөжөө өгөн Монголчууд өнөөдөр дэлхийн тэргүүлэх технологийг нээж нэвтрүүлж, программ ханагамж, мэдээллийн технологийн салбарт өөрсдийн ур чадвар мэргэн оюунаараа хаанчлал тогтоож байна.
Арваадхан жилийн өмнө интернет хайлтын системд гүүглэ гэдэг компани ноёрхож, хэрэглээний компьютерийн программ хангамжийг майрософт компани эзэрхэж, гар утас, зөөврийн компьютер, чихэвчний хөгжмийн борлуулалтаараа Аппле хэмээх компани тэргүүлж байсан гэвэл өнөөгийн залуус лав итгэхгүй дээ. Гэвч энэ үнэн юм шүү. Тэд тухайн үедээ хэзээ ч буухгүй юм шиг эзэн суусан байсан юм. Харин монголчууд тэдэнд гайхамшиг гэдгийг үзүүлсэн, тиймээ тэд үнэхээр харуулсан юм шүү.
Өнөөдөр бид бүхний хэрэглэж байгаа энэ тэргүүлэх технологи бүхэн бараг бүгд монгол хүний оюунаас төрсөн гэвэл “хилсдүүлсэн” болохгүй л байх. Ямартай ч бидний энэ амьдрах тав тухыг бүрэн шийдсан, хялбар, хурдан, хамгийн гол нь байгаль орчинд ээлтэй “ногоон” технологийн шийдлийг Монголчууд нээж нэвтрүүлсэнээрээ өөрсдийгөө төдийгүй, удахгүй сүйрнэ гэгдэж байсан дэлхийгээ хүртэл аварсан билээ. Үүгээр ч зогсохгүй тэд урлаг соёл, уран зохиол, дуу хуур, хөгжим бүжиг гээд хүний оюунаас төрөн гардаг бүхнийг шинэ шатанд авч ирсэн юм.
Иймээс ч бид Монголчуудыг хүндэлдэг, хайрладаг. Бид тэднээс суралцах ёстой, бид тэднийг даган дуурайх ёстой.
Юуг нь гэж үү?
Мэдээж тэднийг амжилтанд хүргэсэн шинээр сэтгэх, өөрөөр харах, гол нь хувь заяандаа итгэлтэй зоригтой байхыг нь сурах ёстой.
Дэлхий ертөнц минь энэ хэвээрээ үргэлжид ногоон, аз жаргалтай байх болтугай.
Рита Стикер.
2 comments:
Сайхан бичсэн байна
bayarlalaa.
Post a Comment