Friday, October 7, 2011

Умартахуй

Оройд нэг жоохон юм хийчихдэг байх юм сан. Англи хэл ч юмуу, зохиол бүтээл ч юмуу, эсвэл програмчлалыг ямар нэгэн жижиг юм ч юмуу... юу ч байсан яахав. Жоохон л үр бүтээлтэй байвал болчих гээд байна. Дэлхийрүү бууж ирэхээсээ өмнө “Амжилт гуйтай” уулзах болзоо тавьсан юмсан. Одоо болтол уулзсангүй, хальт хальт тааралдах ч юмуу толгой дохих төдий зөрөөд өнгөрсөнийг эс тооцвол. Уулзаад уг нь найзалчихвал амьдралын том зорьлого биелэх сэн дээ...



Уулзах болзоондоо яараад, сандраад, адгаад бэлдэх гэж мунгинаад ядаж явахад бараг хүн болгон “Хэзээ хүнтэй суух гэж байна?” гэсэн улиг асуултыг дуулал болтол асуух юм. Би л гэж нэг хүнтэй сууж чадалгүй насыг ганцаараа элээчих өрөвдөлтэй хүн харагдаад байгаа юм байхдаа. Эсвэл хүнтэй суухдаа дэлхийг донслогосон дуулиан, шуугиан, далай их найр хийх гээд түүнд нь яараад байгаа юм болов уу?


Биеийнхээ үлдсэн хагасыг олчихвол хойш суугаад байх ч юм алга л даа. Угаасаа ч “амьдралыг хоёр талаас нь босгож барьдаг” гэж би боддог болохоор гарцаагүй хань ижилтэй болж л таарна. Гэхдээ амьдрал гуйтай уулзаж найзлахаасаа өмнө амжилт гуйтай уулзаад нөхөрлөчихвөл амьдрал гуай намайг ядаж хүнлэн уудзах байлгүй дээ. Хүнээс сонсохнээ, номноос уншихнээ амжилт гуайн аягалж өгдөг дарсыг их хатуу гэх юм билээ. Мансуурч согтох нь амархан, онгироо, сагсуу ойворгон зантай хүн бол амьдрал гуайд агсам тавиад өөрөөсөө хөөж явуулаад балардаг гэх юм билээ. Харин амьдрал гуайн аягалж өгдөг дарс хатуу , зөөлөн , чихэртэй, гашуун олон янз амтагддаг болохоор хүн хэзээ ч уйддаггүй гэж бурхад ярилцах юм билээ.


Уулзсан бол эргэж буцахгүй үүрд найзлах учиртай нь амьдрал гуай болохоор, уулзаж найзалсан ч өгсөн дарсанд нь согтоод тасарчихвал хаяаад явчихдаг гэмтэй нь амжилт гуай болохоор эхэлж амжилт гуайтай уулзах нь зөв байх. Уулзаж байгаад л ууж танилцая даа... Ухаанаа гэхдээ алдаж болохгүй.

Харин уулзах болзоогоо умарталгүй бодсон зорьсоноо хийгээд явбал улзах мөч чинь ойртоно шүү гэж амжилт гуай надад хэлсэн юм. Тэрээр “Чи бид 2-г зааглаж байгаа цагийг чи идэж дуусгах хэрэгтэй. Цагийг чи үр бүтээлтэй өнгөрүүлбэл л чи бид 2-н дундах цаг хорогдохоос биш жамаараа эргээд л байвал энэ огт цөөрөхгүй шүү” гээд бид 2-н дунд байгаа, үр бүтээлээрээ идэж дуусгах ёстой цагийн минутыг хэлж өгч байсан боловч би мартчихаж. Тэгээд түүнээсээ би хэдийг нь идэж дуусгаад байгаагаа ч мэдэх юм алга. Идэж явсаар л цаана нь гарах ганц замтай үлдсэн хүн дээ би.
God of Wine, Dionysus Дарсны бурхан Дионис

No comments: