Ааваа, би танд
захиа бичиж байна. Энэ захиа танд яаж очихыг ёстой мэдэх юм алга. Ээжээс
асуусан чинь шувуугаар явуулна гэж хэлсэн. Би итгээгүй л дээ, гэхдээ ямар ч
байсан бичих нь зөв гэж бодлоо. Манай ангийн хөвгүүд надад захиагаа өөрсөдөө л
аваад ирдэг. Хэрэв захиагаа танд өөрөө аваачиж өгөх бол захиа бичих ямар хэрэг
байна... Би ээжид ингэж хэлсэн боловч шувуугаар явуулчихна гээд байсан болохоор
бичээд үзье гэж бодлоо.
Дүү тэнд,
ширээний нөгөө захад суугаад танд бас захиа бичиж байна. Баахан л юм захиж байгаа
бололтой. Цагаан цамц, ногоон өнгийн бал, зургийн гоё дэвтэр гээд л амандаа
үглээд байна. Бас Номиогийн өмсдөг шиг улаан туфль захиж байгаа байх. Би дүүд
хэлмээр л байна, “тэнэг минь ийм их юм захихаар чинь шувуу буцаж ирэхдээ авч
ирж чадахгүй шүү дээ. Нэг хөлөндөө чиний захиаг, нөгөө хөлөндөө миний захиаг,
амандаа ээжийн захиаг авах байх. Тэгээд хаанаа чиний энэ олон захисан юмыг авч
ирэх болж байнаа” гэж. Даанч тэр одоо миний хэлж байгааг анзаарахааргүй
байдалтай байна. Хамраа үрчийлгээд сууж байхаараа юу ч сонсдоггүйг нь та мэднэ
шүү дээ.
Таныг хотод юу
хийж байгааг ээжээс асуухад сурч байгаа гэж хэлсэн. Би гурван жил сурахдаа
уншаад, бичээд, тоо бодоод сурчихлаа. Одоо дахиад 7 жил сурах хэрэг байна уу
гэж бодож байхад та аль хэдийн 10 жилээ төгсчихөөд дахиад сураад байгааг чинь
би ойлгохгүй л байна. Яахав, сургуульд сурах нь найзуудтай болоод сайхан л даа.
Гэхдээ таны бүх найзууд чинь энд байхад та сургуульд сурах гээд хотруу явж
байгаа чинь үнэхээр ойлгомжгүй.
Эртээр Дэмид ах
согтуу орой ирээд хаалга зөндөө цохисон. Ээж бид гурав айгаад зөндөө уйлсан. Ээж
таныг байсан бол энэ муу согтуу Дэмид ингэж ирэхгүй байхгүй юу гэж байсан. Бид
гурав айгаад хөдөлж ч чадахгүй байсан. Гэрэл унтраалттай байсан ч босоод гэрэл
асаачих зоригтон бид гурваас гараагүй. Бүүр орой болсон хойно Дэмид ах явсан
байх. Ээж бид гурав суугаагаараа унтчихсан байна лээ.
Дээр бас өглөө
эрт эмээ ирээд ээж уйлаад юм ярьж байхыг нь сонссон. Яриаг нь бүрэн ойлгоогүй ч
ядаж гэрээ цэвэрлээд тусалчихдаг байх хэрэгтэй юм байна даа гэж бодсон. Миний л
бодлоор уншаад бичээд сурчихсан юм чинь заавал сургуульд сурах гээд яахав. Ээждээ
л жоохон тусламаар санагддаг юм.
Манай энүүгээр
согтуу хүн зөндөө болсон. Доод давхрын баян Баараа гэртээ архи зарж байгаа
гэсэн. Эртээр гадаа зогсож байхад тэгэж ярьж байсан юм. Тэгээд нээх муухай
шүдгүй амаа том ангайгаад л ардчилалын буяаан гээд байгаа юм даа. За за
цаас дуусчихлаа. Монгол хэлний дэвтрээсээ дахиад цаас авмааргүй байна. Тэгээд ч
энэ захиа очоо ч билүү гүй ч билүү.
Баяртай. Таны
хайрт охин Зулаа.
2 comments:
Хэхэ.нам андуурав
Зохион бичлэг гэж бодсонгүй юу? ккк. Гэхдээ тэр юм захиж захиа бичдэг хүн бол ойрхон байгаа шдээ. Андуурч мандуураал байж байдгийн. ккк
Post a Comment