Sunday, January 6, 2013

Дурсамж


Хурааж байсан мөнгөө хулгайд алчихвал хэр их харамсах вэ?
Компьютерт чинь хадгалаастай байсан файлууд бүгд устчихвал хэр харамсдаг вэ?
Утсаа гээсэн хүн үнэтэй утсандаа гэхээсээ илүү түүн дээр хадгалсан байсан дугаарууд, мессежүүд, зурагнууддаа илүү харамсаж харагддаг. Та алинд нь илүү харамсах вэ?



Тэгвэл таны хайртай хүн толгойдоо байсан бүх дурсамжаа алдчихвал та хэр харамсах вэ? Сайхан, муухай, санамсаргүй, гэнэтийн, уйлмаар, уярмаар, санаа алдаад суумаар олон олон дурсамжаа одоо тэр хүн чинь тантай хуваалцаж чадахгүй болчихсон гээд төсөөл дөө. Эсвэл бүх дурсамжаа биш зүгээр л сүүлийн нэг жилийн дурсамжаа алдчихлаа гээд л төсөөл л дөө. “Хайран юм...” гэж санагдаж байна уу?

Зөндөө л Солонгос кинонд дурсамжаа алддаг болохоор эмзэглэж боддоггүй байж. Гэвч жинхэнээрээ бол энэ чинь хамгийн том гарз байж. Шрекийг сана л даа. Тэр хайртай Фионадаа очиход тэр нь юу ч санадаггүй, өөрийнх нь тухай бүх үнэнхийг хэлсэн ч итгэдэггүй. Сайн найз Илжиг нь, үнэнч туслах Муур нь ч адилхан. Энэ тохиолдолд Шрек Фионаг өөртөө дахин дурлуулдаг. Үүнээс өөр сонголт түүнд байхгүй. Өөрөөр хэлбэл тэрээр дахин шинээр дурсамжийг бий болгодог. 

Өөр нэгэн жишээ. “Өлсөглөн тоглоом” гэж сайхан зохиолын төгсгөлд Пит гэх залуу аймшигтай тамлалтын дараа хайртай бүсгүй Китнестээ эргэлздэг, өөрийнхөө хийхийг, бүтээхийг хүсч байсан зүйлийнхээ мөн чанарыг мэдэхээ больчихсон байдаг. Харамсалтай. Тэр тусмаа зохиолыг эхнээс нь уншаад тэднийг хэрхэн учирч, хэрхэн нэг нэгэндээ хайртай болж, хэрхэн хүнд хэцүүг хамтыг хүчээр давж, хэн хэндээ өөрийгөө зориулахад бэлэн байгааг мэдэрч бүх цаг үед нь хамт байсан уншигч “найз”-д нь бүр, дэндүү харамсалтай санагсан. Гэхдээ Пит ухаантай залуу болохоор тэр хүнд бэрх, их эргэлзээг даван гардаг. Тэд нэг гоё тоглоом Питэд зориулж зохиосон нь “Үнэн ба худал” гэдэг  нэртэй. Пит өөрийнхөө мэдэхгүй үнэн худалд эргэлзэж байгаа зүйлээ хэлж бусад нь үнэн, эсвэл худал гэж хэлдэг. Зохиолын төгсгөлд Пит “Бид бие биедээ хайртай байсан, хамт амьдрахыг хүсч гэрэлсэн. Үнэн, Худал” гэх хэлэхэд Китнэс “Үнэн” гэж хэлдэг. Ёстой гоё төгсгөл.

Өчигдөр орой үзэж дуусгасан “Чак” нэртэй адал явдалт, инээдмийн, романтик олон ангит киноны төгсгөлд сайхан бүсгүй Саара мөн дурсамжаа алддаг. Сүүлийн таван жилийн дурсамжаа алдсан нь яг хайр дурлалтайгаа учирч амьдарал нь өөрчлөгдөж эхэлсэн жаргалтай үеийнхээ дурсамжийг алдчихсан явдал болдог. Үндсэндээ бол тэр дурсамжаа алдана гэдэг нь тэр сайхан амьдралаа алдчихлаа л гэсэн үг болдог. Маш харамсалтай. Хичнээн их зовлон жаргалыг туулж, хичнээн их сайхан дурсамжийг хамт бүтээлээ дээ. Асар том цөмийн бөмбөг дэлбэрэх гэж байна гэж бодохдоо Чакыг анх үнссэн нь, найзыгаа аврах гээд машинтай дэлбэрээд үхчихлээ гэж бодоод уйлсан нь, тагнуулыг газрын оргодол босуулууд болоод явж байхдаа буудалд өглөө сэрээд үнсэлцсэн нь[1], Францад ажилаасаа муриад галт тэргээр зугаалсан нь, валентиний баяраар бие биедээ гэнэтийн бэлэг бэлдсэн нь гээд үзэж байгаа надад амтагдам сайхан дурсамж байсан чинь бүгд будаа... “Хайран юм” гэж санагдуулсан төгсгөл.

Миний үзэх дуртай “Соффигийн өшөө авалт” (Sophie’s revenge) гэж гоё Хятад кино байдгийн. Кинонд гардаг гоё байшингууд, гоё бенз, гоё спорт клубын тухай энд ярихаа больё. Харин нэгэн гоё түүхийг нь энд ярьж өгие. Толгойдоо хайрцагтай нэг жаал байж гэнэ. Тэрээр амьдралдаа тааралдсан сайхан бүхний бичээд тогойныхоо хайрцагт хийдэг байж. Хайрцаг нь маш олон сайхан дурсамжаар дүүрч байтал тэрээр машинд мөргүүлж хайрцаг дахь бүх цаасаа салхинд хийсгээд алдчихаж гэнэ. Хүү дурсамжаа хайсан боловч эргүүлж олж чадсангүй. Түүний амьдрал хий хоосон, утгагүй, уйтгартай санагдаж гунигт автаж байтал нэгэн охинтой тааралдаж гэнэ. Энээн цэцэгтэй бошинзтой хийл тоглож буй охин. Түүнийг хараад түүний амьдрал дахин баяр жаргалтай болж тэр амьдралаас дахин өөр олон сайхан зүйлсийг цаасан дээр бичин толгой дахь хайрцагтаа хадгалж эхэлжээ. Сонирхолтой шийдэл...  Энэ киноны хэсгийн 7.04 секундээс тэрхүү хэсэг нь эхэлж байгаа.


Дуу, үнэр, зураг гурав дурсамж хадгалдаг. Өмсөх дуртай байсан хувцас чинь шкафний чинь мухраас олдлоо гээд боддоо. Эсвэл хайртай дүүгийн чинь багадаа өмсдөг байсан хувцас. Татаж авч ирээд л үнэрлэхэд тэртээх сайхан өдрүүд нүдний өмнө жирэлзээд л ирнэ. Сонсох дуртай байсан дуу чинь аль нэг ФМ-ийн хуучны дууны цагаар эгшиглэснийг сана даа. Хамт сонсож, дагаж дуулж хөөрдөг байсан найзууд хамт өнгөрүүлсэн гэрэлт мөчүүд цуг л хүрээд ирдэг биз дээ. Бичиг цаасаа цэгцэлж шүүгээгээ янзалж байхдаа хуучин альбомоо дэлгэтэл хамгийн сайн найзтайгаа санамсаргүй авахуулсан зураг чинь өөдөөс чинь инээж байна гээд төсөөл дөө. Уруул дээр чинь өөрийн эрхгүй инээмсэглэл ирдэг биз дээ. Энэ бол дурсамж ямар амттай байдгийн баталгаа. Тиймээс амьралаа дурсах дурсамжаар дүүрэн баялаг байлгаарай.

Дуртай үнэртэй усаа дуусгалгүй жоохон үлдээгээд шүүгээнийхээ мухарт хадгалчих. Үнэр ямар хүчтэй дурсамж хадгалж чаддаг гэж санана. Сонсох дуртай дуугаа компьютертээ татаад хадгалчих. Эсвэл үгийг нь аль нэг дэтэрийнхээ арын хуудсан дээр бичээд үлдээчих. Эргээд шүлгийг нь харах төдийд л ая нь өөрөө орж ирнэ. Дуу ч бас дурсамж хадгалах хүчтэй хэрэгсэл мөн. Бас зөндөө олон зураг, зөндөө олон бичлэг хийж бай. Зураг дээр муухай сайхан гардаг чинь хамаагүй, өмссөн хувцас нь сайн муу нь хамаагүй. Нүүр чинь халтар, нүд чинь бөлцийсөн, үс чинь арзайсан байсан ч хамаагүй. Үнэндээ бол тэр тусмаа сайн. Тэгэж гэмээ нь л дурсамж үлдээнэ. Гол нь дурсамж үлдээх сайхныг, хөгжилтэйг, тэнэгийг зоригтой хийж бай. Жинхэнэ дурсамж чинь дуунд ч тэр, үнэрт ч тэр, зурганд ч тэр байдаггүй юм. Жинхэнэ дурсамж чинь зүрхэнд үлддэг юм. Тэгээд гол нь дурсамжаа алчихгүйн тулд шатаар болгоомжтой бууж бай.



  [1] Энд нээрээ нэг сонин юм хэлэхэд тэр хоёр өглөө хамт сэрээд удаан хүлээсэн хайраа мэдэлцээд, үнсэлдээд ноололдоод яг хийдгийн даваан дээр Чак түрийвчээ үзсэн чинь бэлгэвч нь байдаггүй. Та бол яах байсан бэ? Би бол бэлгэвчгүй ороод л явчих байсан байх. Тэгсэн америкчууд чинь тэгдэггүй юм шиг байна лээ шд. “Чи байжаагаараа за юу. Би одоохон” гээд гардаг наасан. Энэ мөчийг хичнээн удаан хүлээлээ дээ. Тэгээд цаг хугацаа ямар давчуу байгаа билээ. Араас нь Америкийн тагнуулын газар болон түүнтэй зэрэгцэх хүчний байгууллага хөөцөлдөж байхад шүү. Би бол “ёстой тэнэгийг дээ” л гэж бодсон.

2 comments:

quarelle said...

sain uu?yostoi goyo bichleg bna shuu,duu uner dursamj hadgaldag gedegtei uneheer ih sanaa niilj bna nzaa!

Batbold said...

:) Bayarlalaa. Bi deer ued duu uner dursamj hadgaldag gsn post oruulj bsn. Ene udaagiinh ni iluu media ashiglasan kkk. Suuliin ued ali boloh chimeg zuragtai, duutai, ayalguutai bichleg biihiig hicheedeg bolson. Devshij baina gej ooriigoo bodood baigaa shdee. :)