Monday, March 4, 2013

Зорилго нь гэгээн юм даа, зайлуул



Хүн болгон тамхины хуулийн тухай ярьж байхад би яаж дутахав, нэг дусал нэмэрлэе.

Тамхи гэдэг болбосу хортой нь хортой. Хортойгоор зогсохгүй хорлонтой, эдийн засагт ч тэр, эрүүл мэндэд ч тэр, гоо сайханд ч тэр. Бага багаар мөнгийг чинь шоглоод л байна. Бас л анзаарагдахгүйгээр эрүүл мэндийг чинь доройтуулаад л байна. Мөн тийм ч хүчтэй бишээр гоо сайхныг чинь үгүй хийсээр л байна. Нэг л мэдэхэд шар шүдтэй, батгатай нүүртэй, цээжиндээ цэртэй, тооцоод үзвэл нисдэг тэрэг авч унах байсан мөнгөөр тамхи аваад татчихсан байна. Хэрэв тиймгүй байсан бол, хэн нэгэн тамхи татаад л хамаг мөнгөө шавхчихдаг байсан бол эсвэл тамхи татаад л тахир дутуу болдог, эрүүл мэнд нь шууд доройтдог эсвэл үүдэн шуд нь шууд унадаг, нүдэнээн шууд "тен тавиулсан" юм шиг хөхөрдөг үгүй ядахдаа л өндрөөс унасан юм шиг өвддөг байсан бол хэн ч тамхи татахгүй л байсан. Тиймээс тамхи гэгч нь хорлонтойгоор хүнийг, нийгмийг хохироож байдаг ажгуу. Аажимхан янаглан хорлогдог тул хүмүүн тамхинаас татгалзаж чададгүй аж. Тамхинд мөн донтоно гэж юм бий. Донтсон хүн бол харин татахгүй байвал өвдөнө, шаналана.


Нэг ийм онигоо ч гэх үү явган яриа байдаг. “Ээжээ та яагаад намайг бага байхад шөвөг өгчихсөн юм бэ?” гэж хүү нь асуухад ээж “Нэхээд уйлаад болохгүй болохоор нь өгчихсөн юм аа” гэж. Тэгтэл хүү нь “Яаж байгаа юм бэ дээ, ээж минь. Би хичнээн уйллаа гээд нүдээ сохортол уйлахгүй шүү дээ” гэж. Төр засаг нь ч юмуу, эцэг эх нь таг хорьж барьж цагдахгүй бол “цаас хичнээн нимгэн ч чичихээс нааш цоорохгүй”. Иймд, шулуухан хэлэхэд төрөөс ийм хатуу бодлого гаргаж тамхи татдаггүй иргэдийн эрүүл мэндийг хамгаалах нь зөв.

Харин хэрэгжих боломжийг нь бодолцож үзэх байсан юм. Тамхи татах газаргүй болчихвол бүх газар татаж болдог болно. Тамхи татахгүй бол амьд явж чадахгүй болсон хүмүүс бий шүү дээ. Тэднийг ямар нэгэн газар шингээж яаж ийгээд нэг утаа гаргадаг байлгахгүй бол тамхичид бослого ч гаргаж мэднэ. Ийм ноцтой, массийг хамарсан том донтолтыг шууд таг хорьж бариад зогсоодог хялбар байсан бол энэ амьдрал юутай хялбар билээ...  Иймд тамхичид тамхиа татах газар заавал байгуулж өгөх ёстой байжээ гэж.

Гэтэл гудмандаа хүрэлцээтэй нийтийн жорлон байтугай, хэрэгтэй үед хажууд байдаг хогийн сав ч үгүй нийслэл хотод тамхи татах цэг байгуулна ч гэж... Яахав БААТАР ах маань чадах л байх л даа. Жоохон мөнгө л хэрэгтэй биз. Уг нь энэ дорвол гудманд тамхи татуулахгүй гэдэг үлгэрээ зогсоогоод харин олон нийтийн газар, бас ресторон, ууш цэнгээний газрыг заавал тамхи татах өрөөтэй болгож болох байсан. Албан байгууллагыг ч мөн тамхи татах өрөөгөө өөрсөдөө шийд, ямартай ч олон нийтийн хэрэглээ буюу шат, орц, 00-д тамхи татаж болохгүй гэдэг шаардлагыг л тавих хэрэгтэй байсан.

Манай “замын хөдөлгөөний дүрэм”-д унадаг дугуйгаар зорчигч дугуйн замаар зорчино гэж заасан байдаг. Дугуйн зам байхгүй. Машин замаар явж байгаад автобусанд шахуулаад онхолдчихсон дугуйчины хохь л болно. Дугуйчин нь дарга бол автобусны жолоочийн хохь болно. Тамхи татах газар нь заагдаагүй учир тамхичины тамхи татах эрх зөрчигдөнө. Тамхичин нь дарга бол ажилчдын тамхигүй орчинд бие засах, хоол идэх, шатаар өгсөх, хонгилоор зорчих эрх зөрчигдөнө. Удалгүй тэгээд хууль нь байгаагүй юм шиг л хэрэгждэггүй болно. Яахав эхэн үедээ цагдаа нар нь хэдэн төгрөг олох гээд торгоод яваад байна. Удалгүй тэгээд торгуулдаг хүн ч байхгүй болно.

Зайлуул санаа нь цайлган юм даа... Цайлган хууль санаачлагч танаа хариуцлагатайгаар хэлэхэд "Хуулийн чинь зорилгыг чин зүрхнээсээ дэмжиж байгаа шүү. Энэ бол миний эрхийг хамгаалсан хууль мөн гэж итгэж байгаа. Гагцүү хуулиа хэрэгжих боломжтой талаас нь дахин нэг бодолцож үзээч" гэж л хэлэх байна. Эхний ээлжинд гудманд тамхи татаж байгаа хүн хармааргүй байна энэтэр гэж цамаархахгүй ээ. Олон нийтийн газар, нийтийн эзэмшлээ л тамхигүй болгочих.

No comments: