Sunday, December 15, 2013

Балай юм

Балай юм болоод байна өө... Хэлэх ярих ч хүн олдохгүй, ямар сайндаа л блогтоо бодлоо дэлгэж суухав... Гэхдээ юу болсон тухай бичихгүй. Учир нь эр хүн зовлон тоочих муухай. Тэгээд ч нэгэн ухаантны хэлсэн үг байдаг. "Бусдад зовлонгоо бүү ярь. 90 хувь нь үл тоох бол үлдсэн 10 хувь нь баярлана" гэж... Тиймээс би юу болсон тухай ярихгүй. Харин ямар риакц буюу мэдрэмж өгч сэтгэгдэл төрүүлж буй тухай л бичие.


Worrying
Нэн тэргүүнд гэвэл ... маш ихээр санаа зовж байна. Миний өмнөөс шаналж байдаг олон сайн хүмүүсийн санааг зовоох болсондоо маш их санаа зовж байна. Жижиг асуудал биш учраас тэд илүү их шаналж илүү ихээр зовох болно. Тэдний өмнөөс л санаа зовж байна. Нэг талаас хэрэв би цор ганцаараа, хэн ч миний өмнөөс санаа зовдоггүй, хийсэн балаг, хүлээх үүргээ бүгдийг нь би ганцаараа хариуцдаг байсан бол ийм асуудалд үнэндээ л зовохгүй сэн. Даанч тийм биш. Хүссэн ч эс хүссэн ч миний асуудал надад хайртай, надад хамаатай хүмүүст хамаатна. Тэд шаналана. Тэд шаналана гэж бодохоор би шаналана... Тэгээд л гүйцээ.
Shame
Нөгөөтэйгүүр ... маш ихээр ичиж байна. Би чинь нас биенд хүрсэн эр хүн шүү дээ. Гэтэл олны жишгээр хэвийн сайхан амьдралыг одоо болтол босгоогүй яваа хэрнээ нэмээд жижиг сажиг асуудал үүсгэн саваагүйтэж байх гэж... Бүү буруугаар бодоорой, бусад хүмүүсийн хажууд энэ үнэндээ л инээдтэй асуудал. Гэсэн ч миний насны хүний гаргах алдаа биш л дээ... Миний насныхан үр хүүхэд, хувийн бизнес, эсвэл албан ажил, ар гэртээ санаа зовдог байхад би гэж юм шал өөр юманд шаналж явах ч гэж... Ичмээр юм аа.

surprised
Өөр нэгэн зүйл, би аймар гайхаж байнаа... Төсөөлье л дөө, бурхан байдаг гэж. Бурхан сайн юм бодож сайн юманд санасан хүнийг шийтгэх ёсгүй биз дээ? Юу л даа, би санаатай ч юмуу, үнэхээр саваагүйдээ алдчихсан юм биш л дээ. Байгаа нөхцөл байдал маань намайг хийхийг шаардаад байсымаа. Гол нь хэрэв сайнаар эргэсэн бол олон сайхан зүйл бодсон байлаа. Ганц хувийн эрх ашиг бус өрөөл бусдад л сайн санаж явсан маань энэ шүү дээ. Тодруулбал хайртай хүмүүсээ баярлуулъя л гэсийн. Гэтэл байдал эсрэгээр эргээд зогсохгүй, засах гэж оролдоод бүр шал дордуулчихлаа. Одоо "энэ бол алдаа боллоо" гэдэгтэй бүрэн эвлэрэхээс өөр замгүй болсон. Гайхмаар юм аа, би сайн сайнханд л тэмүүлсэн шүү дээ.

depressed
Бас нэгэн зүйл, би их бухимдаж байна. Энэ асуудал ингээд л дуусдаг бол хамаа алга. Яаж ийгээд зохицуулаад дуусгана гэх сэн. Энэ нь араасаа маш олон надад тулгамдаад байсан асуудлыг шийдэхийг шаардах боллоо. Хойшлуулчихсан байсан хэд хэдэн асуудал бий л дээ. Шийдвэрлэх арга замын тал дээр бусадтай санал нийлдэггүй учир шийдэлгүй үлдээчихээд байдлыг харзнаж байсын. Тэгсэн тэр бүх асуудал зайлшгүй шийдэх ёстой байдалруу ороод ирлээ. Яг л салхи үлээгээд юмны араар нуучихсан байсан баахан цааны хогыг минь хөөгөөд гаргаад ирэх шиг... Балай юм бэ?

Эцэст нь, эерэгээр харж үзье л дээ. Алдаа болгон сургамж гэдэг. Магадгүй би цаашдаа ийм алдаа дахин гаргахгүйгээр том сануулга авах шиг боллоо. Ичмээр, шаналмаар, гайхмаар, бухимдмаар асуудал. Сайн бодоод үзвэл шаналаад байх асуудал биш л юм. Эцсийн эцэст амь нас, эрүүл мэнд хохироод байгаа биш яршиг л байна. Ичмээр нь ч ичмээр, гэхдээ нэгэнт болчихсоноос цааш ичээд ч яах билээ, урдахдаа анхаарвал барав биш үү. Ичлээ гээд амиа хорлолтой биш. Гайхаж алмайраад байх ч юмгүй. Магадгүй бурхан асуудлыг иймэрхүү хялбар аргаар шийдэж, амьдралаа гоёж гангалах гээд байсан хүслийг минь дарж надад нэгэн сайхан сургааль өгөх гэсэн ч юм бил үү. Магадгүй ирээдүйд үүнээс томоор эндэх байсан нь энд хүрээд зогссон ч юм бил үү? тийм биз дээ. Бухимдаж сууж байгаа л бусад асуудлаа шийдэж л таарна шүү дээ. Хойшлуулаад байгаа асуудлаа хурдавчлан шийдвэрлэхийг шахаж амьдрал надад ташуур өгсөн байж болно. Бага байхад ээж шкафан дахь бүх хувцасыг гаргаад шидчихдэж байж билээ. Эргүүлээд хийхдээ эвхээд хийх хэрэгтэй болдог. Аймар уурлаж уурлаж эргүүлээд хийгээд дуусахад шкаф хачин сайхан цэгцтэй болчихсон байдаг сан...

Ийгээд нэгэн сайхан үгээр энэхүү нийтлэлээ жаргаая л.
"Сайн ину мину багши, муу ину бас мину багши"


No comments: