Sunday, December 13, 2009

Чөтгөр аваг

Би амжилтанд хүрэх гэж ямар их яарч байна гээч... Тэгтэл гай болох гэсэн юм шиг нэг юм энэ байсаар л байх юм. 34 инчийн LCD TV-г 61 сувагтай кабелийн телевизтэй нь хамт чөтгөр аваасай. Би бүтэн сайн өдрийг өөрийгөө хөгжүүлэх болон ирээдүйдээ хөрөнгө оруулалт болгож ашиглахыг бүх насаараа мөрөөдлөө. Гэтэл энэ муу олон телевийн өнгөт зурагт гай болсоор л байна. Хэрэв зурагт байгаагүй бол аль эрт амжилтанд хүрэх ч байсан юм билүү... Энгийн логикоор бодох юм бол аль эрт амжилтанд хүрчих байсан дөө. Энэ зурагт зөвхөн миний амжилтанд хүрэхэд ч саад болоод байгаа юм биш. Хумсаа авахад ч бас саад болоод байна. Орой болохоос өмнө хумсаа авчихъя гэж бодож байсан боловч зурагт харсаар байгаад амжсангүй. Одоо компьютер дээрээ юм бичихээр тас няс гээд дугараад байх юм. (Ний нуугүй хэлэхэд ингэж дугарах уг нь бол ч гоё л байна л даа. Гэхдээ хумстай байх эвгүй байдаг юм.) Энэ муу зурагт ёстой хар гай юмаа... Чөтгөр ирээд аваад явчихаасай...

Онцгой тохиолдол

Бас л бүтэлгүй дурлалын тухай өгүүлэх гэж байна. (Сэтгэл зүрхний асуудлаа мөн ч харамгүй дэлгэж байна даа. Болж байгаа ч юмуу гүй ч юмуу. Гэхдээ яахав дээ. Угаасаа миний блогоор хүн ордоггүй ганц уншигч нь би өөрөө юм чинь блогтоо шалдан гүйсэн ч асуудал байхгүй л дээ. хэхэ)

Би уг нь ажил хэрэгч, амбицтай, өөртөө итгэлтэй, эелдэг даруу зантай, хамгийн гол маш хөөрхөн охинд дуртай. Тийм охидод хайртай. Лав л 2 удаагийн бүтэлгүй дурлал минь 2уулаа тийм хүмүүс байсан даг. Магадгүй би төгс төгөлдөр хүнийг хайгаад байдаг байж болох юм. Баргийн хүнийг сонирхохгүй. Тиймдээ ч өдий болтол ганцаараа яваа байлгүй. Гэхдээ гомдоллоод байх юм алга. Хэзээ нэгэн цагт хэн нэгэн төгс бүсгүйг олно гэдэгтээ итгэлтэй байна. Энэ яахав тусдаа асуудал...

Гэтэл нэгэн онцгой тохиолдол гараад байна л даа. Дурлаж байсан бүсгүйчүүдтэй минь харьцуулах юм бол царай муутай, тэдэн шиг ажил хэрэгч бус, амбиц багатай, хэт чөлөөт имэж (хэв маяг) –тай бүдүүлэг үг хэрэглэдэг, надтай хөөрхөн харьцдаггүй, бусадтай болохоор сайхан харьцаад байдаг, өөр хүн тэвэрч болдог, би болдоггүй, тийм нэг бүсгүй таалагдаад удаж байна өө. Түүнийхээ инээхийг харах гэж ямар их хүснэ гээч. Уулзахаараа ихэвчлэн муудалцана. Гэхдээ сүртэй юм болохгүй л дээ. Жирийн л тоглоомон хэрүүл. Ихэвчлэн надаас болдог юм.Хамт байхад ямар сайхан гээч... Би нэг л жаргалтай болчихдог. Бүх зүйлд санаа амарч тайтгараад зүрхний хаанаа ч юм үргэлж шаналган зовоож байдаг ганцаардал үгүй болчихно. Тэгээд зөвхөн хийх ёстой зүйлсдээ анхаарлаа хандуулдаг ч юмуу, эсвэл зүгээр л юу ч хиймээргүй санагдаад ангайгаад суучихдаг. Түүнтэй хамт байхад цаг хүртэл хурдан өнгөрнө. Гэртээ хариад бага дүүгээ тэврэхэд л нэг тийм мэдрэмж төрдөгсөн.

 За энэ ч яахав, чухал биш л дээ. Яагаад ийм юм болоод байгааг л ойлгохгүй байна. Онолын хувьд бол тэр надад тохирохгүй бүсгүй. Томъё ёсоор бол таалагдах ч ёсгүй. Гэтэл ийм нэг онцгой тохиолдол гарчихаад байх юм... Яая дөө байз...

Яах юу байхав дээ. Томъё ёсоороо л амьдаръя. Онцгой тохиолдлыг алдаа гээд тооцохгүй орхиё. Иймээс уран зохиол сонирхдог ойлгодог, ажил хэрэгч, амбицтай, хамгийн гол нь маш хөөрхөн тийм бүсгүйг хайж олох болно. Ерөнхийдөө бол иймрхүү бүсгүйчүүд ихэвчлн урлагынхан, эсвэл сэтгүүлчид байдаг. Тиймээс миний хайрыг булаах бүсгүй маань сэтгүүлч юмуу эсвэл жүжигчин л байж таарах болов уу даа.

Хөнжилдөө унгах

Зун 7 сард бичсэн эссэ. Тавихаа мартчихсан байж...

Ойрд миний харшил хөдлөөд хамар таг битүү. Тэгээд өнөө өглөө сэрээд орондоо хэвтэж байхдаа хөнжилдөө ганц сайхан унгалаа. Фүнк гээд л явчихсан. Дулаахан ч болчих шиг.Тэртээ тэргүй хамар битүү юм чинь юу ч үнэртэхгүй. Тиймээс хэд хэд ч аваатахлаа. Дажгүй шүү. Бороо орсон сэрүүхэн өглөө дулаахан хөнжилд хэвтэх угаасаа л сайхан байдаг. Гэтэл гайны юм шиг хамрын битүү гэнэт зүгээр болчихдог юм байна. Хөнжилдөө хэвтэхийн арга алга. Уг нь амралтын өдөр аажуухан өндийе гэж бодож байсан юм. Даанч тийм аймшигтай үнэрт удаан хэвтэх ямар ч боломж байсангүй. Хэдийгээр би өөрөө унгасан ч гэсэн би чинь бас хүн шүү дээ. Ингээд л босох болсон доо.

Иймээс эрхэм уншигч танд “Хөнжилдөө битгий унгаж байгаарай” гэж зөвлөх байна. Хэдийгээр хөнжил дулаахан болдог ч гэсэн, хэдий хамар чинь битүү байсан ч гэсэн, унгах хүсэл юу юунаас илүү их байлаа ч гэсэн хөнжилдөө бүү унгаарай.

Хөнжил тань дулаахан болсон ч та тэр дулаахан хөнжилдөө хэвтэж чадахгүй, хамар чинь унгах үед битүү байсан ч унгасаны дараа битүү нь гарчихна, унгаад л сайхан болчих юм шиг санагдаж байсан ч унгасаны дараа харамсана. Тиймээс “Хөнжилдөө битгий унгаж байгаарай”.

Тайлбар: Миний энэ бяцхан эссэг унгасны тухай эссэ гэж битгий бодоорой. Би унгах гэдгээр муу үйл хийхийг төлөөлүүлсэн юм. Өөрөөр хэлбэр өөрт тань хамаагүй гээд муу үйл хийх нь эргээд танд хор уршиг учруулах болно. Үүнийг монгол ардын зүйл цэцэн үгэнд “Өөдөө шидсэн чулуу өөрийн толгой дээр” гэж хэлсэн байдаг.

Манай талын ДАЙСНУУД...

Энэ эссэг бичих гэж мөн ч удаан бодлоо доо. Лав л 4 жил бодлоо.

Нэгдүгээр курст байхдаа “Илтгэх урлагын сургалт”-нд сууж билээ. Нэг найзтайгаа... Сургалтын хамгийн сүүлчийн өдөр тухайн сургалтын хамгийн шилдэг илтгэгчийг шалгаруулах тэмцээн болдог юм. Найз маань түрүүлсэн л дээ. Эхний шатнаас “Уруу татах ба татагдах” гэсэн сэдвээр илтгэл тавьж шалгарсан. Сонирхолтой сэдэв шүү... Тэр хэлэхдээ “Хүмүүс байнга хэн нэгэнд уруу татагдаж эсвэл уруу татаж байдаг. Жишээ нь би найз Батболдыгоо дагаж илтгэл мэтгэлцээнд уруу татагдлаа...” гэж байсан юм. Өргөн утгаар авч үзвэл хүмүүс бие биедээ нөлөөлж байдаг тухай л юм л даа. Би энэ тухай өнөөдөр ярих гэсэн юм.

Хүмүүс бие биедээ үргэлж нөлөөлж байдаг. Гэр бүлийнхэн, найз нөхөд, ах дүүс, зүгээр л таньдаг хүн, бүр огт танихгүй хүн байсан ч хүнд ямар нэгэн сэтгэгдэл төрүүлэх замаар түүнд нөлөөлж байдаг. Өөрөөр хэлбэл хэн нэгэн хүн муухай биеэ авч явж байвал “ямар муухай юм бэ? Би л ингэж явахгүй юм шүү” гэж бодох ч юмуу эсвэл эсэргээрээ гоё биеэ авч яваа хүнийг хараад “Ийм болох юмсан” гэсэн хүсэл бодлоор дамжуулан уг хүнд нөлөөлж байдаг.
Мэдээж иймэрхүү нөлөөлөл найз нөхөд, ойр дотны хүнээс бүр ч их ирэх болно. “Хүнийг шинжье гэвэл найзыг нь шинж” гэдэг үг байдаг даа. Ямар хүнтэй найзалж нөхөрлөж байна тухайн хүн яг л тийм байдаг. (Миний философ биш шүү. Энэ бол эртнээс наас ирсэн монгол үзэл, философ)

Батлах гээд оролдоод үзье. Амжилтанд хүрсэн хүмүүс найз нөхөд байх нь олон байх юм. Жишээлбэл монгол улсын ерөнхийлөгч асан Н.Багабандь тухайн үед оросын ерөнхийлөгч асан В.Путинтай оюутан ахуйн найзууд ажээ. Гоё байгаа биз. Сайн найзууд 2 улсын ерөнхийлөгч болчихсон... (Тухайн үед би “Даварцан айн... ” гэж хэлж байсан ) Бодвол мундаг амбицтай, эх орон, дэлхийн чиг хадлага, улс төрийн хөгжлийн тухай их яридаг санаа бодол нэгддэг тэр хэрээрээ бие биенээ хурцалж өөрсдийгөө хөгжүүлдэг байсан байлгүй.

Монголчууд “Бөхчүүд үе үеэр гарч ирдэг” гэж яридаг. Үнэхээр ч нэгэн үеийнхэн зэрэгцэн “алтан үе” болон гарч ирэх нь элбэг. Лав л Бат-Эрдэнэ аваргатай хамт амжилтанд хүрч байсан сайн бөхчүүд бүгд луу жилтэй 1864 оныхон. Далай аварга А.Сүхбат, далай аварга Г.Өсөхбаяр нар ч бас дөнгөж оюутан болж ирээд найзууд болж хамт Улаанбаатар хотоор дэмий тэнэж байсан гэдэг. Сайхан найзууд гэсэн шүү. (Өсөхөөгийн Далай аваргын найран дээр Сүхбат хэлж байсан юм. Хэхэ. Хүүхэд байсан үеийг нь төсөөлөхөөр инээд хүрээд байдаг юм. Улаан хацартай хоёр хөөрхөн бацаан хожим монгол бөхийн далай аваргууд болно чинээ саналгүй хотоор дэмий тэнэж явсан байхдаа. ккк)

Энэ мэт олон жишээг уншигч та ч өөрөө олныг хэлж чадах бизээ. (Жишээ хэлэхээсээ залхуурсан, эсвэл жишээ дууссан юм биш шүү. Эссэ маань урт болж хүн залхаахаас эмээж байна.) Харин яагаад найз нөхдөөрөө амжилтанд хүрэх явдал элбэг байдгыг тайлбарлахыг оролдъё.

Нэгдүгээрт хүн нэгэнтэйгээ найзалж нөхөрлөхдөө хүсэл сонирхол, мөрөөдөл, зорилгоороо нэгддэг. Сонирхол нь нийлдэггүй хүмүүс мэдээж найзалж чадахгүй шүү дээ. Үүнээс гадна үзэл бодол (үнэт зүйлсийн тухай бодол, хандлага гэх мэт нь) адилхан байдаг. Анхнаасаа адилхан байдаггүй юмаа гэхэд нөхөрлөлийн дүнд адилхан болдог. Иймээс тухайн амжилт гарах тэрхүү салбарыг найз нөхдөөрөө бүгд хамт сонирхдог гэсэн үг. Нэгэнтээ хамт сонирхдог хүнтэй бол оролдоно, хичээллэнэ, хөгжүүлэнэ.
Хоёрдугаарт найзууд хоорондоо өрсөлдөж нэгнээ хурцалж байдаг. Нэгнийхээ чадсан юмыг нөгөө нь чадахыг оролддог. Мөн бусдынхаа чадахгүй юмыг чаддаг болохыг хүсч хичээдэг. Иймээс л тэд үргэлж хөгжиж байдаг. Гэхдээ хамгийн сайхан нь найзууд нэгэндээ чадсанаа харамгүй хэлж зааж сургадаг учир богино хугацаанд амархан хөгждөг. Үүнээс гадна нэгнийхээ дутууг нөхөж чаддаг. Энэ байдал ялагуяа хамтаараа амжилтанд хүрсэн хүмүүст их харагддаг. Энэ нь найзууд нэгнийхээ юу чаддаг юу чаддаггүй бүрэн мэддэг түүндээ итгэж түүнийг нь дэмжиж чаддагт нууц нь оршино.

Мэдээж хүн болгон адилгүй учир хоорондоо хэвэнд цутгачихсан юм шиг адилхан байхгүй шүү дээ. Нэгнийхээ сайн чаддагийг нөгөө нь чадахгүй. Харин үүнийгээ мэддэг учир тэр тал дээрх асуудлыг тухайн найздаа бүрэн найдаж чаддаг учир хамтарч ажиллахад амар байдаг байна.

Эсэргээрээ дампуу гарууд бас л найзууд байдаг. “Яаж яваад дугуйгаа олчихдог байнаа?” гэмээр... Мөн л хүсэл сонихол, хобби нь нэг гэсэн үг л дээ. Харин онцлог нь дампуу гаруудад адил зорилго байдаггүй. Нэг бол огт зорилгогүй эсвэл зорилгоороо нэгдээгүй гэсэн үг.

Иймээс найз нөхдөө зөв бодолтой сонгохгүй бол таныг хөгжих амжилтанд хүрэхэд сөргөөр нөлөөлөх нь байна шүү дээ. Мэдээж найзууд юм чинь танд муу санахгүй. Гэхдээ тэд тантай хамт хөгжих, амжилтан хүрэхэд тэмүүлэхгүй байгаагаараа таныг алж байгаа гэдгээ мэдэхгүй. Тиймээс тэд бол “манай талын дайснууд”...

Жич: Миний найзууд надаас амбиц багатай, зорилго үйлс нь өөр хүмүүс юм. Тиймээс би тэдэнтэйгээ хамт олон нийтийн ажилд оролцож чаддаггүй. Тэд үүнд сонирхолгүй. Үүнээс гадна тэд маань өөрийгөө хөгжүүлэх, соён гэгээрэх тал дээр бас л зориолго багатай. Иймээс би энэ тал дээр нэлээд ганцаардмал. Гэхдээ найзууддаа хайртай. Тэдэнтэйгээ хамт байхдаа аз жаргалтай сайхан байдаг юм. Миний амьдралын гэрэлт дурсамжын хуудсуудыг үргэлж чимэглэн нэмж байдаг найз нартаа баярлалаа.

Thursday, December 10, 2009

Өргөс

Намайг зүгээр суулгахаа болисон нэгэн сайхан мөрөөдөл байнаа. Мөрөөдөл ч гэж ... мөрөөдөл л юм даа. Гэхдээ биелэх боломжтой. Биелэх боломжтой болохоор би зүгээр сууж чадахгүй өргөсөн дээр суусан юм шиг үргэлж өндөлздөг бочихож. Хэхэ. Гэхдээ би энд өөрийгөө өндөлзүүлээд байгаа өргөс болох мөрөөдлийнхөө тухай ярих гэсэнгүй. (Ний нуугүй хэлэхэд олон хүнд хэлсэн ажил бүтдэггүй гэдэгт би итгэдэг юм.) Харин хүнийг өндөлзүүлж байдаг өргөсийн тухай, өөрийнх нь тухай ярих гэсэн юм.

Хүний бодол санаа төсөөлөл бүхэнд бий болсон бүхэн бодит байдалд бий болох боломжтой гэдэгт би итгэдэг. Нэгэнтээ л хүний санаанд орж болж байгаа бол болох л ёстой гэсэн үг. Мэдээж маш их фантазтай, итгэхэд үнэхээр хэцүү зүйл байдаг л даа. Гэхдээ л биелэх боломжтой гэж боддог.

Жишээ нь: Хүн тэнгэрээр нисэх тухай мөрөөдөл төсөөлөл аль тэртээ дэлэн галвийн үед л байсан. Одоо харин хүн тэнгэрээр нисч байна. Тухайн үед хүн арай ч ингээд нисчихнэ гэж бодоогүй л байсан байх даа. Монголын эрдэмт лам нарын айлдсан бошго сургаальд “тэнгэрээр төмөр шувуу нисч, газраар төмөр могой, төмөр хорхой хэрэх болно” гэсэн байдаг. Тухайн үед бас л фантазтай л сонсогдож байсан байхдаа.

Яалт ч гүй хүний санаанд багтаж төсөөлөгдсөн болохоор хүн болгож бүтээх гээд л оролдсон байлгүй. Алберт Эйнштэн байна. Ямар гаж сэтгэлгээ гэхээрээ “толь өмнөө бариад гэрлийн хурдаар давхивал юу харагдах бол?” гэж боддог байнаа...? Мэдээж гэрлийн хурдаар явбал толинд юу ч харагдахгүй шүү дээ. (би бол тэгэж л бодож байна.) Гэтэл Эйнштэн тэр бодлынхоо хариуг гаргах гэж зүтгэсээр 20-р зууны суут нээлт болох “Харьцангуй онол”-оо нээсэн байх юм. Ньютон ч гэсэн дээ. Толгойн дээрээс алим унаа л биз. Эмзэглээд байх хэрэг биш шүү дээ. Угаасаа дээрээс доошоо юм унаж л байдаг юм чинь. Харин яагаад гэдэг асуулт Ньютонд өргөс болоод зовоогоод байсан биз.

Цаашдаа ч гэсэн хүний санаанд багтсан фантаз бүхэн биелнэ гэж бодож байна. Цаг хугацааны машин, далдын хар малгай, хүссэн газартаа хүрч очдог шидэт бөгж. Цаг хугацааны машиныг ШУ биелэх боломжтой гээд гаргачихсан гэлүү дээ. Найзууд маань л надад тэгэж хэлсэн.

Харин миний хувьд бодит биелэх боломжтой нэг зүйл бол үнэрийг дижилталаар кодлох. Яг л дуу, дүрс шиг. Хэрэв үнэрийг дижиталаар кодолж чадвал компьютерийн спикер шиг төхөөрөмжнөөс үнэр гарах нь байна шүү дээ. Тэгвэл бид киноны дүрсийг нь бодитоор харж, дууг нь долбигоор (эргэн тойрон бүх талаас сонгодоно. Digital sound ч гэж ярьдаг) сонсож бас үнэрийг нь үнэртэх нь байна. Интернетээр хүүхнүүд үнэтэй усаа үнэртэж үзэж байгаад худалдаж авна. Хоолны тухай нэвтрүүлэг гарч байхад хийж буй хоолных нь жинхэнэ үнэрийг бид үнэртэж чадна гэсэн үг. Бас л фантазтай сонсогдож байгаа биз. Гэхдээ л боломжтой. Хэрэв үнэрийг кодолж чаддаг л юм бол.

Мөн нэг газраас нөгөө газарт сэкундын дотор шилжин очих... яг л илбэтэй кинонд гардаг шиг, эсвэл шидэт ном зохиолд гардаг шиг. (Хамгийн ойрын жишээ Харри Поттер. Ганц чимх нунтаг цацаад очих газраа хэлэхэд л тэр газраа хүрчихнэ.) Энэ зөгнөл биелэхэд мөн ч ойрхон байна даа. Одоо хүнийг хувилдаг болчихлоо. Хувьлахдаа мэдээж толгой сүүл залгаад хийхгүй нь тодорхой. Энэ нь биотехнологи нанотехнологийн хүчээр хийх ажил. Жаахан сүртэйгээр хэлэх юм бол оргүй хоосноос шууд л бий болгочихно. Хүний биед ямар ямар элемент хэрэгтэй байна тэдгээрийг нэг саванд хийгээд аль аль газар ямар ямар байрлалаар атомууд байрлахыг зааж өгөөд л хүн бэлэн... Фантазтай байгаа биз. Тэгвэл энэ ажлыг дэлхийн өөр газар бас хийж болно. Эндээс хүний биеийн атомуудын байрлал схем зургыг нь интернетээр явуулаад л тэр газар байгаа хүн бүтээх машинд уншаалахад хангалттай. Ингэхээр тэр хүн тэнд шилжээд оччихно биз дээ. Яг л компьютер дээр файл хуулж байгаа юм шиг. Харин энд үлдсэн оригнал эхийг яадгийн билээ. Шифт дэлит хийнэ гэчихвэл намайг харгис гэчих юм болов уу? (Угаасаа эхийг нь хамаагүй шифт дэлийг хийгээд байж болохгүй л дээ. Хувилсан хувилбар нь эхээсээ бага зэрэг алдаатай хуулагдаад байдаг юм. Олон хуулвал шаал хачин амьтан болчихно.)

Ингэхээр хүний төсөөлөл, санаанд байгаа фантаз бүхэн биелэх боломжтой. Чухам харин хэнийг очиж өргөс болон өндөлзүүлэх юм бол доо. Мундаг хүнийг л өндөлзүүлэхгүй бол дөжирчихсөн амьтан чинь өндөлзөхгүй шаналсаар байгаад л таарна шүү дээ.

Дөжрөх гэснээс хүүхэд байхдаа иймэрхүү өргөсөнд хатгуулсан бол ухас хийж босоод л шууд хийдэг байжээ. Ер нь хүүхдүүд бүгд тийм. Тэд залхуурдаггүй, хойш тавьдаггүй. Шууд л хийдэг. Харин олон хатгуулаад нас яваад ирэхээд дөжрөөд бага зэрэг өндийсөн болоод л буцаад суучихдаг болчих юм даа. Гэхдээ өргөс л бол өргөс. Өндийхгүй бол шаналгасаар л байх болно.