Sunday, December 13, 2009

Манай талын ДАЙСНУУД...

Энэ эссэг бичих гэж мөн ч удаан бодлоо доо. Лав л 4 жил бодлоо.

Нэгдүгээр курст байхдаа “Илтгэх урлагын сургалт”-нд сууж билээ. Нэг найзтайгаа... Сургалтын хамгийн сүүлчийн өдөр тухайн сургалтын хамгийн шилдэг илтгэгчийг шалгаруулах тэмцээн болдог юм. Найз маань түрүүлсэн л дээ. Эхний шатнаас “Уруу татах ба татагдах” гэсэн сэдвээр илтгэл тавьж шалгарсан. Сонирхолтой сэдэв шүү... Тэр хэлэхдээ “Хүмүүс байнга хэн нэгэнд уруу татагдаж эсвэл уруу татаж байдаг. Жишээ нь би найз Батболдыгоо дагаж илтгэл мэтгэлцээнд уруу татагдлаа...” гэж байсан юм. Өргөн утгаар авч үзвэл хүмүүс бие биедээ нөлөөлж байдаг тухай л юм л даа. Би энэ тухай өнөөдөр ярих гэсэн юм.

Хүмүүс бие биедээ үргэлж нөлөөлж байдаг. Гэр бүлийнхэн, найз нөхөд, ах дүүс, зүгээр л таньдаг хүн, бүр огт танихгүй хүн байсан ч хүнд ямар нэгэн сэтгэгдэл төрүүлэх замаар түүнд нөлөөлж байдаг. Өөрөөр хэлбэл хэн нэгэн хүн муухай биеэ авч явж байвал “ямар муухай юм бэ? Би л ингэж явахгүй юм шүү” гэж бодох ч юмуу эсвэл эсэргээрээ гоё биеэ авч яваа хүнийг хараад “Ийм болох юмсан” гэсэн хүсэл бодлоор дамжуулан уг хүнд нөлөөлж байдаг.
Мэдээж иймэрхүү нөлөөлөл найз нөхөд, ойр дотны хүнээс бүр ч их ирэх болно. “Хүнийг шинжье гэвэл найзыг нь шинж” гэдэг үг байдаг даа. Ямар хүнтэй найзалж нөхөрлөж байна тухайн хүн яг л тийм байдаг. (Миний философ биш шүү. Энэ бол эртнээс наас ирсэн монгол үзэл, философ)

Батлах гээд оролдоод үзье. Амжилтанд хүрсэн хүмүүс найз нөхөд байх нь олон байх юм. Жишээлбэл монгол улсын ерөнхийлөгч асан Н.Багабандь тухайн үед оросын ерөнхийлөгч асан В.Путинтай оюутан ахуйн найзууд ажээ. Гоё байгаа биз. Сайн найзууд 2 улсын ерөнхийлөгч болчихсон... (Тухайн үед би “Даварцан айн... ” гэж хэлж байсан ) Бодвол мундаг амбицтай, эх орон, дэлхийн чиг хадлага, улс төрийн хөгжлийн тухай их яридаг санаа бодол нэгддэг тэр хэрээрээ бие биенээ хурцалж өөрсдийгөө хөгжүүлдэг байсан байлгүй.

Монголчууд “Бөхчүүд үе үеэр гарч ирдэг” гэж яридаг. Үнэхээр ч нэгэн үеийнхэн зэрэгцэн “алтан үе” болон гарч ирэх нь элбэг. Лав л Бат-Эрдэнэ аваргатай хамт амжилтанд хүрч байсан сайн бөхчүүд бүгд луу жилтэй 1864 оныхон. Далай аварга А.Сүхбат, далай аварга Г.Өсөхбаяр нар ч бас дөнгөж оюутан болж ирээд найзууд болж хамт Улаанбаатар хотоор дэмий тэнэж байсан гэдэг. Сайхан найзууд гэсэн шүү. (Өсөхөөгийн Далай аваргын найран дээр Сүхбат хэлж байсан юм. Хэхэ. Хүүхэд байсан үеийг нь төсөөлөхөөр инээд хүрээд байдаг юм. Улаан хацартай хоёр хөөрхөн бацаан хожим монгол бөхийн далай аваргууд болно чинээ саналгүй хотоор дэмий тэнэж явсан байхдаа. ккк)

Энэ мэт олон жишээг уншигч та ч өөрөө олныг хэлж чадах бизээ. (Жишээ хэлэхээсээ залхуурсан, эсвэл жишээ дууссан юм биш шүү. Эссэ маань урт болж хүн залхаахаас эмээж байна.) Харин яагаад найз нөхдөөрөө амжилтанд хүрэх явдал элбэг байдгыг тайлбарлахыг оролдъё.

Нэгдүгээрт хүн нэгэнтэйгээ найзалж нөхөрлөхдөө хүсэл сонирхол, мөрөөдөл, зорилгоороо нэгддэг. Сонирхол нь нийлдэггүй хүмүүс мэдээж найзалж чадахгүй шүү дээ. Үүнээс гадна үзэл бодол (үнэт зүйлсийн тухай бодол, хандлага гэх мэт нь) адилхан байдаг. Анхнаасаа адилхан байдаггүй юмаа гэхэд нөхөрлөлийн дүнд адилхан болдог. Иймээс тухайн амжилт гарах тэрхүү салбарыг найз нөхдөөрөө бүгд хамт сонирхдог гэсэн үг. Нэгэнтээ хамт сонирхдог хүнтэй бол оролдоно, хичээллэнэ, хөгжүүлэнэ.
Хоёрдугаарт найзууд хоорондоо өрсөлдөж нэгнээ хурцалж байдаг. Нэгнийхээ чадсан юмыг нөгөө нь чадахыг оролддог. Мөн бусдынхаа чадахгүй юмыг чаддаг болохыг хүсч хичээдэг. Иймээс л тэд үргэлж хөгжиж байдаг. Гэхдээ хамгийн сайхан нь найзууд нэгэндээ чадсанаа харамгүй хэлж зааж сургадаг учир богино хугацаанд амархан хөгждөг. Үүнээс гадна нэгнийхээ дутууг нөхөж чаддаг. Энэ байдал ялагуяа хамтаараа амжилтанд хүрсэн хүмүүст их харагддаг. Энэ нь найзууд нэгнийхээ юу чаддаг юу чаддаггүй бүрэн мэддэг түүндээ итгэж түүнийг нь дэмжиж чаддагт нууц нь оршино.

Мэдээж хүн болгон адилгүй учир хоорондоо хэвэнд цутгачихсан юм шиг адилхан байхгүй шүү дээ. Нэгнийхээ сайн чаддагийг нөгөө нь чадахгүй. Харин үүнийгээ мэддэг учир тэр тал дээрх асуудлыг тухайн найздаа бүрэн найдаж чаддаг учир хамтарч ажиллахад амар байдаг байна.

Эсэргээрээ дампуу гарууд бас л найзууд байдаг. “Яаж яваад дугуйгаа олчихдог байнаа?” гэмээр... Мөн л хүсэл сонихол, хобби нь нэг гэсэн үг л дээ. Харин онцлог нь дампуу гаруудад адил зорилго байдаггүй. Нэг бол огт зорилгогүй эсвэл зорилгоороо нэгдээгүй гэсэн үг.

Иймээс найз нөхдөө зөв бодолтой сонгохгүй бол таныг хөгжих амжилтанд хүрэхэд сөргөөр нөлөөлөх нь байна шүү дээ. Мэдээж найзууд юм чинь танд муу санахгүй. Гэхдээ тэд тантай хамт хөгжих, амжилтан хүрэхэд тэмүүлэхгүй байгаагаараа таныг алж байгаа гэдгээ мэдэхгүй. Тиймээс тэд бол “манай талын дайснууд”...

Жич: Миний найзууд надаас амбиц багатай, зорилго үйлс нь өөр хүмүүс юм. Тиймээс би тэдэнтэйгээ хамт олон нийтийн ажилд оролцож чаддаггүй. Тэд үүнд сонирхолгүй. Үүнээс гадна тэд маань өөрийгөө хөгжүүлэх, соён гэгээрэх тал дээр бас л зориолго багатай. Иймээс би энэ тал дээр нэлээд ганцаардмал. Гэхдээ найзууддаа хайртай. Тэдэнтэйгээ хамт байхдаа аз жаргалтай сайхан байдаг юм. Миний амьдралын гэрэлт дурсамжын хуудсуудыг үргэлж чимэглэн нэмж байдаг найз нартаа баярлалаа.

2 comments:

Уянга said...

Unenii ortoi ch zarim talaaraa jaahan oor bna gej bi bodoj bna. Naizuud anh sonirhlooroo negddeg ch yavaandaa setgel zurheeree holbogddog. Yamar ch muu bai yamar ch aldaatai bai naiz gedeg ter hun setgel zurhnii gunees dulaahan dotno medremj toruuldeg tiim l hun bdg. Hechneen sonirhol niileed setgeld dotno medremj toruulj chadaagui bol ter hun naiz bish tanil. Tiim ch bolood naiz min nad muugaar noloolj bna gedgiig medseer baij humuus naizaasaa tatgalzaj chaddagguim. Naizuud tsag hugatsaanii yavtsad oor oor sonirholtoi bolson ch ted naizuud heveeree l bdg.Uchir ni ted setgel zurheeree holbootoi humuus.Dan gants sonirhlooroo bish. Busdiig ni harin uguisgehgui shuu.Margaangui unen.

Batbold said...

Тиймээ найзууд бие биедээ муугаар нөлөөлж байсан ч найзууд хэвээр байдаг. Тиймээс л найзууд. Найз учраас холддоггүй. Хэрэгтэй цагт нь нэгнийгээ дэмждэг. Тиймээс ч эссэ маань МАНАЙ ТАЛЫН дайснууд.