Thursday, February 18, 2010

Өнгөрсөнд илгээх захидал.

2003 оны 2 сарын 18-ны өдөр амьдарч байгаа 7 жилийн өмнөх Батболд танаа. Чи одоо сургуулиа төгсөх гээд зав муутайхан л байх ёстой. Гэхдээ чиний насыг дайраад өнгөрсөн хүний хувьд чамайг “мэрий мэрий” гэж л хэлмээр байна. Өөртөө хэт итгэлтэй бардам зангаасаа болж чи хүссэн хэмжээндээ хүртэл конкурс өгч чадахгүй. Шуудхан ирээдүйг чинь хэлэхэд энэ удаагийн конкурсаар 24 оноо авч 50-р жагсана. 1800 хүнээс 50-р жагсах бол тийм ч муу амжилт биш. Гэхдээ чи бид 2-н хүсч байгаа зүйл адилхан байгаа. Энэ бол 1. Хэрэв 1-р жагсмаар байгаа бол сайн хичээгээрэй. Хэцүү бодлого огт байхгүй. Анзааргагүйгээс болж л ганц оноо алдчихсан юм. 19-р бодлогон дээр сайхан бодоод хариуг нь тавьчихсан. Хариу нь тестен дээр байж таардаг. Гэтэл бяцхан тэмдэг алдаад буруу бэлдсэн тест бэлтгэгчдийн замаар орж буруу бодсон бодлогыг нь давтан буруу бодсон. Ийм байж болохгүй шүү дээ Батболдоо. Хасах тэмдэгтэй язгуурын дор хоёр гарна.
За ийм нарын ширийн юм яриад байвал хорвоо төгсчих байлгүй. Тиймээс чамд стратегийн чанартай хэдэн чухал баримталбал зохих зөвлөмж өгие.

1. IQ TV concourse тэмцээнд түрүүлж, сүпер тоглолтонд ялалт байгаалсанд чинь баяр хүргэе. Энэ бол нэр төрийн хэрэг. Гэвч үүнд онгирч болохгүй. Энэ чинь дахиад багадана. Тиймээс илүү олон тэмцээнд түрүүлж олон одон медаль цуглуулаарай гэж ерөөе. Энүүхэндээ л гэж хэлэхэд чи хэт даруу байж олон олон амжилтан хүрэх байсан зүйлсээсээ татгалзсан. Дахин тийм явдал бүү гаргаарай. Өөрийнхөө туршлагаар харахад чиний тэр хандлага байсаар байгаа шүү. Хамгийн энгийн жишээ. Нэгдүгээр курст чинь Дарханы оюутан залуучуудын холбоо гэж байгуулагдах байх. Чамд юу ч билээ хариуцсан дарга болох санал тавьна. Би бол татгалзчихсан юм. Чамд бол тэгэж болохгүй л гэж зөвлөх байна. Товчхондоо бол карер хөөсөн амжилтаас даруу хүн болж татгалздаг зангаасаа татгалзаарай. Тэр нь чамд хэрэгтэй.

2. Өөрийгөө хөгжүүлэх чиглэлд анхаараарай. Энэ тал дээр чи бид 2-н сонирхол өндөр тул чамайг шахаад шаардаад байх онц их юм алга. Гэвч зарим нэгэн чухал зүйлийг хэлье. Чи яг энэ тал дээр баахан ганцаардмал тул хойргошиж залхуурах хандлага их байдаг. Өөрийгөө хөгжүүлэх асуудал дээр шинэ найз хайж ол. Ялангуяа хэл сурах асуудал дээр. Аа мөн одоо миний сонирхолыг их татаад байгаа ой тогтоолт хөгжүүлэх болон, түргэн уншлагын тухайн судалж үзээрэй. Түргэн уншлагын тухайн ойр зуур техник Мянгаа гадралдаг байж магадгүй. Аав сайн мэдэж байгаадөө. Ааваас асуугаарай.

3. Хайр дурлалын асуудал... Долоон жилийн өмнөхөөс дордсон уу гэхээс дээрдээгүй тул чамд тийм ийм бай гэж зөвлөж бол чадахгүй нь. Харин зарим нэг хүнээс холхон байхын зөвлөх байна. Хурдан дасч магадгүй санагдсан ухаалаг хөөрхөн охидоос хол байгаарай. Учрах ёстой хүн чинь одоо болтол таараагүй байгаа тул чамайг өөр хүн амьтанд дасч өөрийгөө зовоогоосой гэж хүсэхгүй байна.

За ингээд амжилт хүсье. Амжилтанд хүрнэ гэсэн бүхэнрүүгээ зүтгээрэй.

No comments: