Бурхан босгон
тавьсан зүүн дээр будаа асгаж тоглоно. Түүн дээр нь нэг ширхэг будаа тогтвол
тэнэж яваа сүнснүүдээс нэгийг нь хүн болгож төрүүлнэ. Яг логик нь бол зүгээр л
төрлөө олох гэж тэнэж яваа сүнснүүд хорхой шавьж, адгуус мал бололгүй хүн болж
төрөх магадлал нь бурхан тийнхүү будааг зүүний үзүүр дээр тогтоохтой адил маш бага
гэж үздэг билээ.
Учир нь урд насандаа буян хийсэн нэгэн бээр хойд насандаа хүн
болох эрхээр шагнуулдаг. Гэвч хорхой шавж ч гэмээ нь үр зулзагаа тэжээж тэтгэн
үнэн шударгаар амьдарсан бол хүн болох эрхийн төлөө анкет бөглөх эрхтэй. Иймд
хүн болох хүсэлтэй олон мянган сая сүнс буй. Арван төрлөдөө хүн болж төрсөн хосгүй
буянтай ганц хүн байдаг нь баруун
газраас ном залж ирсэн Тансан багш. Түүнийг тийнхүү аялах үед их тэнгэр голыг
гаталгаж өгдөг өндөр наст яст мэлхий, тэрээр энэ насандаа олон хүнийг гол
гаталгаж өгөн буян үйлдсэн тул хойд насандаа хүн болж чадах эсэхийг нь бурханаас асууж
өгөхийг Тансан ламаас гуйж байсан билээ.
Хүн болж яваагаа
эс ухааран адгуусны амьдралаар амьдарч арчаагүй дорой, бузар булхайтай амьдарч
буй нэгэнд төрсөн өдрийн мэндийг бус төөрч будилж яваад хүн болсоных нь өдрийн
мэндийг хүргэвэл зохилтой. Тиймээс би хүмүүст “Төрсөн өдрийн мэнд” хүргэдэг.
Харин төрөх ёсгүй байсан өөдгүй нэгэнд “Төөрсөн өдрийн мэнд”-ийг хүргэхэд бэлэн
байдаг.
No comments:
Post a Comment