Би нээх мундаг мэдлэгтэй чадвартай хүн биш л дээ. Гэхдээ энэ нэг улс орныг хөгжүүлэн цэцэглүүлэх тухай өөрийн гэсэн бас нэг бодол, төлөвлөгөөтэй явдаг билээ. Үүнийгээ та бүхэнтэй хуваалцая. Таван жилийн өмнө Хүмүүнлэгийн Ухааны Их сургууль дээр “Маркетингийн өдөр” гэж болоход эдийн засагч Дашзэвэг ирж илтгэл тавьсан юм. Тэр үеэр Хүмүүнлэгийн нэгэн оюутан түүнээс “Одоо монголын эдийн засгийн 3 үндсэн тулгуур байдаг гэдэг. Алт, зэс ноолуур. Тэгвэл дөрөв дэх тулгуурыг та юу гэж боддог вэ?” гэж асуухад Дашзэвэг “Программ хангамж” гэж бодох ч гүйгээр хариулж билээ. Би өөрөө программ хангамжийн мэргэжилийн хүн болохоор ч тэр үү энэ саналтай үнэхээр санаа нийлдэг юм. Гэхдээ программ зохиоход бас учир бий... Өнөөдрийн байдлаар монголд программ хангамжийн цөөнгүй компаниуд байгаа бөгөөд харин интернет программчлал буюу вэб урлалаар бол бүр тоогүй олон компани үйл ажиллагаа явуулж байгаа. Гэвч тэдний чанар буюу олон улсад хүлээн зөвшөөрөгдөх чадвар нь тун сул. Яахав цөөхөн хэдэн газар нь олон улсад өөрийн бүтээгдэхүүнээ борлуулж байгаа боловч хангалттай хүчирхэг байж бас л чадахгүй байна. (Тиймгүйсэн бол тэд өнөөдөр монголын хамгийн баян компаниуд байхсан бизээ) Бусад нь бол дотроо л зах зээлээ булаацалдан ажин түжин ачир тачирхан амьдарч байна даа. Мөн бидний нэг сул тал нь хоорондоо өрсөлдөж байна гэж үнээ газарт тултал унагадаг. Гэтэл хаана гэлээ хэсэг иргэд гараар урласан цамцаа яг нэг тогтмол үнээр зардаг гэсэн. (Би энэ тухай мэдээллийг Баабарын нэг нийтлэлээс уншсан юм. Яг юу гэдгийг нь санадаггүй ээ. Хэрэв та хэн гэдэг үндэстэний юу гэдэг цамц ямар үнээр зарагддагыг нь жинхэнэ эх сурвалжаас нь уншихыг хүсвэл Баабарын бүх нийтлэлийг уншаад үзээрэй. Амжилт хүсье ) Тэдний цамцыг Доржоос нь авсан ч адилхан Батаас нь авсан ч адилхан үнэтэй. Харин манайд бол Доржтой сайн ярьвал доошоо үнэтэй. Баттай бүр сайн тохиролцвол бараг үнэгүй авна гээч... Ингэхээр нэгнийхээ хоолыг булаагаад зогсохгүй өөрийн ирээдүйгээ бүрэнхийлж байгаа явдал юм. Үүнийг чинь “Тамын тогооны үлгэр” гэдэг биз дээ. Гэтэл Бат Дорж хоёр хоюулаа хамтрагчид болоод нэгэн ижил үнээр нэгэн ижил бүтээгдэхүүнийг худалдаж хамтран ажиллаж болох бас нэгэн боломж байгаа гэдгийг ер ухаарахгүй юм. Юу ч гэмээр юм бэ дээ. Хоорондоо өрсөлдөх биш хоюулаа нэгдээд бусадтай (гадаад улс орнуудтай гэх үү дээ) өрсөлдөж болно шүү дээ. Ингэвэл байдал хамаагүй дээрдэнэ. Үүнийг энгийнээр логикоор тайлбарлая л даа. Монгол улс программ хангамжийн 10 төгрөгний зах зээлтэй гэж төсөөлье. Хоёр компани хоорондоо өрсөлдөн ажилладаг гэвэл тэд хагас хагасаар нь буюу тав таван төгрөгний ашигтай ажиллана гэж үү. Үгүй шүү дээ. Тэд хоорондоо өрсөлдөж байна гээд нэг нь гурван төгрөг харин нөгөө нь хоёр төгрөг олох болно. Тэгээд дан дангаараа ажиллаж байгаа учраас дэлхий дээр хөлөө олсон томоохон компаниудтай өрсөлдөж томоохон программ хангамж хийн өрсөлдөж чадахгүй. Том юмыг олон хүн хурдан хийнэ цөөн хүн удаан хийнэ. Орчин үед том нь жижигээ бус хурдан нь удаанаа иддэг болсон гэж дэлхийн тэргүүн баячуудын нэг Билл Гейтс хэлсэн байдаг. Ингэхээр цөөн цөөнөөрөө хуваагдсан монголын компаниуд дэлхий дээр өрсөлдөж чадахгүй нь ойлгомжтой байгаа биз дээ. Тэгэхээр бид нэгдэж хамтран ажиллах хэрэгтэй болж байгаа юм. Бид нэгсэнээрээ монголынхоо зах зээлийн 10 төгрөгий хэнтэй ч өрсөлдөлгүйгээр бүрэн авч жинэхэнэ утгаар хувааж аваад зогсохгүй дэлхийд өрсөлдөж дэлхийн тогооноос халбагадах боломжтой болно. Под хийгээд ч явчихна даа. Энэ нийтлэл/ өгүүллэг/ эссэнийхээ төгсгөлд та бүхэнд нэгэн түүхийг сануулъя. Эртээ урьд цагт Чингис хаан гэдэг хүн хоорондоо ажин түжин байсан баахан аймгуудыг нэгтгэсэн нь асар хүчирхэг болж дэлхийн талыг эзэлсэн гэдэг. Тэгэхээр тухайн үеийн аймгууд нь дор бүрнээ хүчирхэг байсан боловч хоорондоо дайсагналцаж байсан тул хөрш зэргэлдээ орнуудаасаа дорой буурай байсан болов уу гэсэн таамгыг төрүүлж байгаа биз. Өнөөгийн манай программ хангамжийн компаниуд миний төсөөлж буйгаар тэр үеийн аймгууд шиг л байгаа юм. Иймд программ хангамжийн Чингис монголд хэрэгтэй болоод байх шиг байгаа юм даа.
Жич: Хоёр жилийн өмнө “Чингис хааны маркетинг менежментийн бодлого, түүний хэрэглэх нь” сэдэвт илтгэлийн уралдаанд энэ шийдлээр оролцоод эхний шатнаас гарсан боловч дараагийн шатанд мултарчихаж билээ. Хүүхэд ч байж дээ. Хэхэ Миний бодлоо үнэхээр Чингис хааны менежментийн бодлого нь эв нэгдэл байсан бөгөөд тиймдээ ч “Монголчууд эвтэй байхдаа хүчтэй” гэж хэлсэн болов уу? Гэж л ойлгосоноос ийм шийдэл олсон хэрэг.
Thursday, October 16, 2008
I think...
Labels:
Индэр дээрээс
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment