Амжилтын нууц
Би өөрөө амжилтанд хүрээд түүнийхээ нууцыг бусадтай хуваалцах гэж байгаа ЛАГ залуу биш шүү. Харин амжилтан хүрэхийг маш ихээр хүсч байгаа түүндээ хүрэх арга замыг өдөр шөнөгүй боловсруулж суугаа энгийн нэгэн залуу. За энэ ч яахав. Гол яриандаа оръё. Миний бодлоор амжилтан хүрэхэд цорын ганц жор бий. Энэ бол уйгагүй хөдөлмөр. “Амжилтан хүрэхэд авъяс арван хувь хөдөлмөр ерэн хувь байдаг” гэж үг ч байдаг. Харин уйгагүй хөдөлмөрлөхөд ганц л зүйл хэцүү. Энэ бол залхуурал. Эндээс залхуугаа давж чадвал амжилтан хүрч болно гэсэн гаргалгаа гарч ирж байна. Тэгвэл залхуугаа яаж дийлэх вэ? Амжилтан хүрэхэд хөдөлмөрлөх хэрэгтэй гэдгийг хүн бүр мэддэг байтал үүнийг л давтан давтан бичсэн номнууд амжилттай зарагдсаар байна. Харин залхуугаа яаж дийлэх вэ гэдгийг бичсэн ном... Аа би нэгийг уншиж байсан юм байна. Энэ бол Японд суралцагч оюутануудын ЭМОС клубээс гаргасан “Өөрийгөө хөгжүүлье” ном. Энэ номонд хэлэхдээ өөрийгөө урамшуулах замаар дургүй зүйлээ хийх хэрэгтэй гэсэн байдаг. Жишээлбэл би ундаа уухыг хүсч байна. Гэхдээ даалгавараа хийх хэрэгтэй байгаа. Тэгвэл өөртөө “За яг энэ даалгаварыг хийгээд л ундаагаа авч ууя” гэж хэлэх жишээтэй. Эсвэл би дугуй унаад гадуур зугаалахыг хүсч байтал нэгэн бяцхан судалгаа хийж дүгнэлт бичих хэрэгтэй байлаа гэж бодъё. Мөн л дээрхийн адилаар судалгаагаа хийж дуусаад дугуйгаараа зугаална даа гэж бодох хэрэгтэй гэсэн үг юм. Энэ мэтээр хийсэн үйлийн дараа дуртай зүйл маань улам ч амттай болдог гэсэн санааг дээрхи номонд бичсэн байсан юм. Энэ аргыг олон хүн хэрэглэдэг гэж би боддог. Бүр өдөр тутам шүү. Харин би өөр нэгэн залхуутайгаа тэмцэх аргыг зориг гарган хэлэхийг хүслээ. Энэ бол спортоор хичээллэх. Спорт хүнийг маш их тэсвэр тэвчээртэй болгодог. Тэсвэр тэвчээрээр олон зүйлийг хийж болно. “Тэвч. Тэгвэл чи ялна” гэж үг байдаг даа. Тийм шүү. Тэвч тэгвэл та ялна. Дургүй зүйлээ хийж байна гэж төсөөл. Тэвч тэгвэл та хийж дуусгана. Тэвчээд суувал бидэнд чадахгүй зүйл байхгүй. Харин тэвчээрээ спортоор дамжуулан олж ав. Спортын ололттой тал ганцхан үүгээр дуусахгүй ээ. Бие бялдарын өв тэгш байдал, эрүүл мэнд, гоо сайхан гээд бүхний мэддэг давуу талуудаас гадна “Би нэг тийм юмыг чадна шүү” гэсэн бардамнал байхад сэтгэл хүртэл сайхан. Спортоор хичээллэсэн хүмүүс аливаа юманд их эвсэлтэй, эв дүйтэй болсон байдаг. Алх хадаас бариад хадахад хүртэл арай олон онож цохих жишээтэй. Үүгээр ч зогсохгүй хүний сэтгэн бодох чадварыг бас нэмэгдүүлдэг гэдэг. Ингээд бодохоор спорт бол хүний амьдралын амжилтын үндэс юм. Та эрүүл, сайхан байвал таны амьдрал аз жаргалтай байх болно. Эрүүл сайхан хүнийг хайрын тэнгэр хүртэл ивээнэ шүү дээ. Хахаха. Тэгээд спортоор дамжуулж олсон тэвчээрээрээ та ажилдаа амжилт гаргах болно. Ингэхээр спорт амжилтын нууц мөн байгаа биз?
No comments:
Post a Comment