Гөлөг бид 2
Дурласан тоогоороо бүтэлгүйтсэн тухайгаа би дээр хэлсэн болохоор одоо давтан хэлмээргүй байна. Харин бүтэлгүй дурласан гэдгээ мэдэхэд мэдэрсэн мэдрэмжээсээ хуваалцвал танд сонин байж магадгүй юм. Залуу байж дээ... Тун санамсаргүй байж байгаад нэгэн охинтой танилцсан нь миний ээлжит бүтэлгүй дурлалын эзэн байсан юм билээ. “Юу болоод өнгөрөв өө” гэмээр богино хугацаанд түүнд дасч түүнгүйгээр цааш амьдармааргүй, алдмааргүй байгаа тул хурдхан суучих юм сан гэсэн тэнэг бодол хүртэл төрдөг байлаа. Гэтэл хүсэхнээ хясдаг орчлонд хэдий удаан хажуудаа байлгахыг хүснэ төдий чинээ хурдан алддаг ажээ. Хэдхэн хоногын дараа тэр уулзахаасаа татгалзлаа. Ингээд л асуудал эхэлсэн дээ. Гуйж гувшиж, гэрийнх нь үүдэнд 4 цаг сахиж сууж байж нэгэн орой түүнтэй уулзах боломжтой боллоо. Гэхдээ энэ боломжийг гарч ирэх хүртэл түүнд дассанаас ч удаан хугацаа зарцуулагдсан байлаа. Сонин байгаа биз. Би түүнд хүсээгүй байж хурдан дассан мөртөө хүсээд уулзахыг хүсээд явахад огт боломж олдохгүй байсаар дассанаасаа ч удаан хугацаанд түүний барааг хараагүй байлаа. Утасаар залгахдаа “уулзахгүй” гэдэг хариу хэлэхийг мэдэж байсан ч хоолойг сонсмоор байдаг тул залгадаг байлаа. За ингээд уулзах боломж олдоход түүнээс хатуу үг сонслоо. Тэрээр өөр залууд сайн юм гэнээ. Тэгээд би ойлгохдоо түүнийгээ мартахын тулд надтай хэдэн оройг хамт өнгөрөөсөн боловч би түүнийг нь мартуулж чадахгүй байсан тул орхихоор шийдсэн нь тэр ажээ. Тэрээр надад “Би чиний зовлонг ойлгож байнаа. Үнэхээр толгойд эргэлдээд бодохгүй байя гэсэн ч бодогдоод салдаггүй. Би ч бас тийм зовлонтой. Би өөр хүнд сайн.” Гээд надад утсан дээр авахуулсан зургыг нь харуулж билээ. Тэр залуу нь надтай адилхан ч юм шиг санагдсан шүү. Тэгээд л би “За за” гэж хэлээд гараад ирсэн. Өөр хүнд над шиг сайн юм бол би түүнийг ойлгох ёстой. Түүнд бас хэцүү байгаа. Надад хэдий хэцүү байгаа ч гэсэн түүнийг аз жаргалтай байлгахын тулд би дарамт болоод байлгүй чимээгүй холдох ёстой гэж бодсон. Тэгээд л орцноос нь ухаантай ухаангүйн завсар сажлаад л гарсан даа. Зам дагаад алхаж явтал нэг гөлөг хэвтэж байна. Цагираглаад, атийгаад хэвтчихсэн. Над шиг л гунигтай харагдсан. Би тэр гөлгийг өлсөөд л тийм гунигтай байгаа байх гэж бодсон болохоор хажуугийн ТҮЦ-с жигнэмэг авч тэр гөлөгний урд тавьж билээ. Яагаад ч юм энэ гөлөгний гуниг тайлагдвал минийх ч бас тайлагдах юм шиг сангдаж түүнд жигнэмэгээ өгөх гэж нэлээд үзсэн дээ. Даанч тэр гөлөг ёстой идээгүй. Одоо бодохнээ тэр гөлөг өлссөндөө гуниглаж хэвтсэн биш над шиг л бүтэлгүй дурлачихсан нэгэн байжээ. Би ч гэсэн юм идэж чадахгүй байсан юм чинь. Тухайн үед тэр залууг нь харах хүсэл мөн ч их байжээ. Хэрэв хамт явахыг нь харах юм бол яах вэ? Гээд л түмэн бодол толгойд эргэлдэнэ. Цохиод унагана гэсэн бодол тэр үед хамгийн хүчтэй нь байлаа. Яагаад тэгэж бодож байснаа одоо би хэлж мэдэхгүй байна. Зодолдож ноцолдохдоо маруухан, бас дургүй боловч цусаа гартал зодолдоод санаа амарчих юм шиг л санагддаг байсан. Бас тэр залууг нь барчих юм шиг санаанд багтаж байлаа. Хачин шүү.Хожим тэр охинтойгоо таарахад найз залуутай болсон байлаа. Тэр нь мэдээж надаас шал өөр боловч нөгөө надад үзүүлж байсан зурагны эзнээс ч бас өөр байлаа. Тэр нь надад бас л нэгэн гомдлыг төрүүлж байсан боловч түүнтэйгээ адилхан залуутай ойр дотно байвал тэрнийгээ мартаж чадахгүй байсан юм байлгүй дээ гэж бодоод л түүнд зөвийг өгч өөртөө бурууг авч үлдсэн дээ.
No comments:
Post a Comment