Шаналгаатай асуулт
Би энэ асуултыг урьд нь өөртөө тавьж байгаагүй санагдана. (Тавьж байсан ч байж болох юм. Би сайн мэдэхгүй байна) Гэхдээ анхны нь (мэдээж миний мэдэх анхных нь) Шүүдэрцэцэгийн “Хулан” туужийг уншиж байхдаа таарч байсан. Хуланд найз нь мэйл бичиж байхдаа асуусан байдаг... Ёстой “зэвүүн” асуулт. Толгойруу юмаар цохиод авах шиг л санагдаж би өөртөө энэ асуултыг тавьсан. Тухайн үед ямар хариулт өгч байснаа одоо би бас л санахгүй байна. (Би уг нь ой муутай биш л дээ. Гэхдээ энэ тал дээр хэлэх юм бас бий тул өөр нэг эссэ бичих болно.) Бодвол хариулт олоогүй л байх. Сая харин ном эргүүлж суугаад өнөө асуулттайгаа дахин таарлаа. Дахиад л толгойруугаа цохиулчихсан юм шиг болсон тул номоо хойш нь тавиад компьютерээ балбаж сууна. (Уг нь их сонирхотой ном бөгөөд дөнгөж эхэлж байсан болохоор нь хойшлуулмааргүй л байна.”Хариулт нь усанд буй” ном). Одоо би асуултанд хариулахыг оролдож сууна. За байз, бодъё бодъё.... Хэрэв би хүнээс энэ асуултыг сонссон бол тийм гэж хариулах байсан. Тэгээд түүнийгээ батлах олон зүйлийг ярих байлаа. Илтгэл мэтгэлцээн сонирхдогийн хувьд, өөрийгөө бас муугүй илтгэгч гэж боддогийн хувьд би асуулт тавьсан хүнд тийм гэдэг хариултаа нотолж чадах байсан. Харин өөртөө бол.... Худлаа хэлж чадахгүй. Учир нь би өөрөө хариултыг нь мэдэж байгаа. Гэхдээ яг мэдэж байгаа юмуу гэхээр бас мэдэхгүй байгаа. Тийм эсвэл үгүй гэдэг хариултын л нэг нь байгаа. Өөртэйгээ сайн ярих хэрэгтэй. -Тийм гээд түүнийгээ нотлохыг оролдоё.
-За
-Надад сайхан гэр бүл (мэдээж миний аав ээж 2 дүү) байна, анд нөхөд байна. Мэдэж сурсан мэдлэг боловсрол эцэг эхээсээ өвлөж авсан хүн чанар, хүмүүжил байна. Тиймээ, би нийгэмд нийтлэг ойлгогдох азтай, ухаантай, сайн залуу, сайн хүү. Тиймээс би асуултанд тийм гэж хариулъя.
-Худлаа шаагаад байнаа. Энэ бүхэн чинь тийм гэж хариулахад хангалттгүй. Тийм л юм бол чи яагаад бэнзтэй болохыг хүсдгийн? Тийм л юм бол чи яагаад хайр дурлалыг хайдгийн? Тийм л юм бол чи яагаад дэлхийг тойрохыг мөрөөддгийн? Энэ бүхэн чинь чамд байхгүй байхад чи яагаад тийм гэж хариулж байгаан?
-Тийм шүү. Нээрээ энэ бүхэн надад алга байхад би яагаад тийм гэж хариулна гэж... Тэгвэл би хэзээ тийм гэж хариулах юм бэ? Чи өөрөө хэл л дээ.
-Харин л дээ. Үүнд чинь би бас гайхаад л байна. Энэ бүхэнд хүрсний дараа дараагийнх нь гараад л ирнэ. Хэрэв гарч ирэхгүй бол амьдрах шаардлагагүй болчихно. Учир нь амьдрал зорилготой байж утгатай, учиртай, үгүй ядаж амьдрах шалтагтай байна ш дээ. Тэгэхээр хүрсний дараа тийм гэж хариулна гэвэл хэзээ ч хариулахгүй гэсэн үг болно. Ингэхээр л ээдрээтэй болоод байгаа юм даа.
-Үгүй бол яасан ч биш ш дээ. Тийм биз дээ.
-Тийм л дээ. Гэхдээ тийм бас биш л болчихоод байна ш дээ. (Хоёулаа хэсэг зуур бодолхийлэв) -Тийм нь мөн юм биш үү?
-Зорилготой . Зорилгынхоо төлөө амьдарч байгаадаа гэж үү?
-Харин тийн...
-Тийм юм байнаа.
-Ok тохирлоо шүү. За одоо би хариултаа хэлж чадна.
ТИЙМ.
Өө нээрээ би асуултаа хэлээгүй байсан юм байна ш дээ. Асуулт нь “ Та яг одоо жаргалтай амьдарч байна уу?”. Баларсан юм. Асуултаа сүүлд нь тавьчихдаг... Уншигч та намайг ойлгохыг хүсвэл дахин эхнээс л унших болж дээ. Харин өөртөө хариулт олохыг хүсвэл өөртэйгээ сайн ярилцаарай.
No comments:
Post a Comment