Sunday, May 13, 2012

2012 оны 5 сарын 13. Бүтэн сайн өдөр.


Өглөө сэрээд хэвтэж байхдаа өөрийгөө ёстой жаргалтай байгаагаа мэдэрч байлаа. Учир нь хамгаас дуртай хатуу ааруулаа мэрээд уран зохиол, түүхийн хосолмол бүтээл болох Василий Янийн “Чингис хаан” гэдэг номыг уншин орондоо хэвтэж байсан юм. Ерөөс миний хамгийн дуртай зүйлс маань уран зохиол (бас түүх) унших, унтах (ялангуяа яг өнөөдөр шиг хүйтэн өдөр), хавын хатуу ааруул идэх гурав болохоор үүнийг жаргал гэхгүй өөр юу гэхсэн билээ дээ. Уншиж байгаад эргэж унтваа хөөрхий. Нэг цагийн үед өлсөхийн эрхэнд сэрээд өчигдөр оройны хоолоо халаагаад идчихлээ. Идэх завсараа Спорт бокс сувгаар гарч байсан бэйс болын шигшээ багийн тухай киног үзэж дуусгав. Холивудын бас л нэг алдартай бүтээлийн нэг бөгөөд өмнө нь би үзэж байсан ч дахин үзэхээс татгалзахааргүй сайхан кино. Тэгээд ч миний дуртай жүжигчин Том Хэнкс тоглосон юм чинь... Өнөөдөр чинь юутай жаргалтай өдөр вэ? Миний дуртай жүжигчний тоглсон сайхан кино хүртэл гарлаа шүү дээ.


Гэхдээ байнаа, нэг жоохон уйтгар ч гэхүү гуниг байнаа. Саяын киноноос л боллоо л доо. Энэ кинон дээр Дотти гэдэг маш авъяслаг, бас маш сайхан бүсгүй дүү Киттээ боломж олгохын тулд бас нөгөөтэйгүүр хайртай залуу нь ирсэн болохоор шигшээ багаасаа явж байгаа тухай гардаг юм. Киноны төгсгөлд дүү нь эгчийгээ лигээс явж болохгүй та лигийг санах болно гэхэд “би юуг санана гээч? Охидыгоо, бас чамайг санана” гэж хэлдэг юм. Тийм ээ, хүн найз нөхдөө, гэр бүлээ санадаг юм. Одоо би хэдий өөрийн дуртай бүхнийг хийн амралтын өдрийг аз жаргалтай өнгөрүүлж байгаа ч ганцаараа хоёр өрөөний хооронд холхиж, хоёр метрийн өргөн орон дээр банзан гитар тэвэрч унтах нь намайг ганцаардуулж байна. Найзууд маань бүгд гэр бүл зохиожээ, үгүй ядаж л ганцаараа биш болжээ. Би харин өөрийгөө болоогүй, яарахгүй гэж бодсоор өнөөг хүрсэн байна. Дэлхийг тойрох минь ч яалаа, дориун зохиолч болох мннь ч яалаа. Хийсэн бүтээсэн маань хангалтгүй, дээрээс нь хажуудаа хэвтэх ханьгүй гучруу дөтөлж явна. Өөртөө болоод байгаа боловч өөр хүний нүдээр бол архичнаас дор амьтан харагдаж байгаа байх даа. 

Хүүхэд байхад ч тэр, одоо ч тэр намайг олон хүн магтдаг байлаа. Ухаантай сайныг минь гайхаж хол явахад минь итгэж, хийж бүтээхэд минь эргэлздэггүй байлаа. Нууцгүй хэлэхэд би өөрөө ч эргэлзэггүй, өөрийгөө хол явж их юм бүтээнэ гэдэгт. Гэхдээ энэ байдлаараа бол хийж бүтээх нь байтугай хажуудаа хань ч олоод сонгочихож чадахгүй нь байна шүү дээ.

Гол ярианаасаа хазайчихлаа. Гол нь би жаргалтай мэт боловч жоохон тиймхэн байна. Гэхдээ нууцыг нь би мэднэ. Нууц нь жаргалыг хуваалцахгүй бол жаргал шиг амтагддаггүй юм. Бусдад юу гэж санагддаг юм мэдэхгүй. Би л лав ганцаараа амттан авч идэж чаддагүй. Хүнтэй л хувааж идэхгүй юм бол амттан идэх гээд байх сонирхол байхгүй. Хүнтэй хамт сууж, хамт инээж, хамт хөөрч баярлахгүй юм бол кино, жүжиг, тоглолт тийм ч амттай биш. Мэдээж сайхан юм идэх, сайхан юм үзэх сайхан л даа, гэхдээ ганцаараа бол амт нь бүрэн амтагдахгүй. Тиймээс жаргалаа хуваалцах хүнгүй бол жаргалтай байсан ч ганцаардал хүнийг орхихгүй.

Банзан гитар минь хоёулаа дуулъя. Би жоохон ганцаардаад байна...

2 comments:

My world said...

Tiim shuu, zovson ch jargasan ch xajuudaa xanitai baix xichneen saixan geech. Chamaig ene tal deer yargaggvin bxdaa gej gaixaj bailaa.
Udku az jargalaa xamtdaa xuvaaltsax xvntei bolooroi. Amjilt xvsie naizaa. Bay & Yok

Batbold said...

Мааш их баярлалаа. Удахгүй тийм хүнтэй болох байхаа...