Үүрээр зүүдэлсэн зүүдээ үг болгон амьлуулъя.
Зүрх цагаан гинжнээсээ мултрах гэж цухалдан гангинана. Энд бүх юм өмнөхөөс өөр болжээ. Хэдэн жилийн өмнө тэдний халтар банхар төрж эцгийгээ дуурайсан олон шар гөлөг гарсанаас ганцхан нь эх шигээ хар зүстэй бусдаасаа жижиг биетэй цээжиндээ зүрх цагаан үстэй байсан юм. Хавь ойрынхон нь булаацалдах шахан гөлөгнүүдийг нь авахад эзэн нь харамласаар байж энэ зүрх цагааныг бас үргэлж хамт байдаг хоёр шар гөлөгөө авч үлдсэн билээ.
Гэтэл өнөөдөр,
халтар банхар бас л төрсөн байтал хэн ч гөлөгийг нь авах гэж ирсэнгүй.
Халтайсан хэдэн гөлөгнүүд нь хашаагаар тонгочин гүйлдэж өлссөндөө эхийгээ очиж
ноолох боловч халтар банхар гуранхайтаж туран, ядарч туйлдсан байдалтай арай л
архиралгүй хэдэн гөлөгөө хөхүүлнэ. Эзэн уг нь хэдэн жилийн өмнө гөлөгнүүддээ
зориулан нохойн байр гэх байр барьж өгсөн боловч одоо золбин шар гэж дуудуулах
болсон хоёр том шар нохой тэнд өдөржин унтана. Гөлөгнүүд тийшээ орох эрхгүй,
оръёо ч гэсэн багтахгүй. Эцэг шар нохой алга болоод хоёр долоо хоносон тул эх
халтар банхар турж эцэн хэдэн гөлөгөө ч цатгахаа байсан. Дээрээс нь хаанаас ч юм
муухай үнэр үргэлж үнэртэх болж нохдын нүдний доогуур улаан туяа татжээ. Дуусашгүй
эрч хүчтэйгээрээ зүрх цагаан л уяандаа хэвээр байж хуцах тэнхээтэй байлаа.
Гэтэл зүрх цагаан
уяандаа байж чадахаа байж гурван өдөр гасалж гангинан цовхчсон тул гэрийн
эзэгтэй арга буюу гинжнээс нь суллав. Зүрх цагаан гинжнээсээ сулрахтайгаа
зэрэгцэн нохойн байрлуу архиран очиж нэг шарын чихнээс зулгаан чирэв. Гэрийн
эзэгтэй айсандаа бушуухан байшиндаа орлоо. Орсон нь ч зөв болов. Хашаагаар
дүүрэн тоос бужигнуулж зүрх цагаан том шар ахтайгаа зодолдож архиран хэмлэлцэх
чимээ тэнгэрт хадав. Бөөн тоосон дундаас чих нь санжиж цус гарсан шар нохой
хашааны хаалгаруу сум шиг хурдаллаа. Зүрх цагаан дахин нохойн байрлуу ухас
хийхэд цонхон дээрээ зогсох эзэгтэй “Догшин хүүрийг дэмий сулаллаа. Хавийн
амьтан барих нь” гээд эхдээ шахан бүлтэгнэх хэдэн халтар гөлөг, хашааны нөгөө
буланд бөөгнөрөх галуу тахиагаа харлаа. Дахин уралцах чимээ гарахад харвал зүлх
цагаан нөгөө шарыг завьжнаас нь зууж нохойн байрны үүдэн нам даран хулхийг
нь буулгаж байхад чихээ сэтлүүлсэн шар нь хашааны халганы завсараар нөгөө шарыгаа
харж байлаа. Удалгүй зүрх цагаан шар нохойг тавихад цаадах нь дуртай дургүй
үүдрүү сажлав. Зүрх цагаан нэлээн бухимдангуй харж байснаа дахин дайрч хөлнөөс
нь зуугаад авав. Шар нохой гасалж гангинан доголсоор үүдрүү явах нь өмнөхөө
бодвол арай хурдан болжээ. Хашаанд нь тоос бужигнах хэдий ч амьд амьтад хөдлөх
нь байтугай бараг л тэдний дээгүүр шувуу ч нисэн өнгөрч зүрхлэхээргүй аймшигтай
нам гүм ноёрхлоо. “Болж хоёр золбинг хөөдөг нь” гэж гэрийн эзэгтээ бодлоо.
Удалгүй
баахан муур орилуулан ойрхон байдаг эзэнгүй байшингийн шалан доороос таг үмхий
юм чирэн гаргаж ирээд өөрийг нь ээрэн хоргоох үмхийний ялаа батганыг зууж хаях
гэж архиран үсэрч цовхчин агаарт хийж хазлахад нь “Золиг чинь галзуурчихаж л
дээ” гэж гэрийн эзэгтэй үглэв. Харин хөршийн эмэгтэй “Нохойн мах идчихээд энэ
муу ёрын хуухайнууд тийм зоригтой болчихсон юм байж л дээ. Тахиа галуу ер
зүгээр байлгахгүй байсан юм” хэмээн хашаа байшингын оройгоор холхих муурнуудыг
харж байлаа. Муурнууд зэвүүцсэн нүдээр зүрх цагааныг дагуулан харж байхад зүрх
цагаан эцэг шар нохойн үмхийрсэн хүүрийг чирэх зуураа муурнуудыг ажиглан харах
нь “за яахав ээ та хэдтэй дараа тооцоо бодноо” гэх мэт. Хоёр зуу гаруй метр
газар чирч жалганд очин газар малтаж эцэг шар нохойн хүүрийг булаад ирэх зуур
чих нь санжсан ах шар нохой нь хаанаас ч юм идэх юм олж ирэн халтар банхарт
өгөв. Үргэлж унтаж байдаг ах нь босчихсон яваад хөөрсөн гөлөгнүүд тоглох гэж
ноцох авч шар нохой зүрх цагааныг
ирэхээс өмнө арилж үзье гэсэн бололтой хашааны хаалгаар шагайх нөгөө шарлуугаа
яаран шогшлоо.
Гэрийн эзэгтэй ч нэгийг санасан бололтой хашаа хороогоо
цэвэрлэв. Ганцхан тэднийх ч биш тэр хавийн олон айл хашаагаа цэвэрлэж новшоо
янзлах шиг болсон.
5 comments:
Үнэхээр сайхан болжээ. Мартсан зарим нэг зүйлийг минь санагдуулах шиг боллоо. Аавынд очиж гэр оронгоо цэвэрлэхэд нь туслая. Хийдэг байсан ажилуудаа хиймээр санагдаж байна
Wow cool bn..
good
goe bichgee☆-☆
(\_/)
('_'
Жаахан ойлгоход хэцүү юм гэхдээ гоё..
Post a Comment