Wednesday, October 3, 2012

Зүрх цагаан


Үүрээр зүүдэлсэн зүүдээ үг болгон амьлуулъя.

Зүрх цагаан гинжнээсээ мултрах гэж цухалдан гангинана. Энд бүх юм өмнөхөөс өөр болжээ. Хэдэн жилийн өмнө тэдний халтар банхар төрж эцгийгээ дуурайсан олон шар гөлөг гарсанаас ганцхан нь эх шигээ хар зүстэй бусдаасаа жижиг биетэй цээжиндээ зүрх цагаан  үстэй байсан юм. Хавь ойрынхон нь булаацалдах шахан гөлөгнүүдийг нь авахад эзэн нь харамласаар байж энэ зүрх цагааныг бас үргэлж хамт байдаг хоёр шар гөлөгөө авч үлдсэн билээ.


Гэтэл өнөөдөр, халтар банхар бас л төрсөн байтал хэн ч гөлөгийг нь авах гэж ирсэнгүй. Халтайсан хэдэн гөлөгнүүд нь хашаагаар тонгочин гүйлдэж өлссөндөө эхийгээ очиж ноолох боловч халтар банхар гуранхайтаж туран, ядарч туйлдсан байдалтай арай л архиралгүй хэдэн гөлөгөө хөхүүлнэ. Эзэн уг нь хэдэн жилийн өмнө гөлөгнүүддээ зориулан нохойн байр гэх байр барьж өгсөн боловч одоо золбин шар гэж дуудуулах болсон хоёр том шар нохой тэнд өдөржин унтана. Гөлөгнүүд тийшээ орох эрхгүй, оръёо ч гэсэн багтахгүй. Эцэг шар нохой алга болоод хоёр долоо хоносон тул эх халтар банхар турж эцэн хэдэн гөлөгөө ч цатгахаа байсан. Дээрээс нь хаанаас ч юм муухай үнэр үргэлж үнэртэх болж нохдын нүдний доогуур улаан туяа татжээ. Дуусашгүй эрч хүчтэйгээрээ зүрх цагаан л уяандаа хэвээр байж хуцах тэнхээтэй байлаа.

Гэтэл зүрх цагаан уяандаа байж чадахаа байж гурван өдөр гасалж гангинан цовхчсон тул гэрийн эзэгтэй арга буюу гинжнээс нь суллав. Зүрх цагаан гинжнээсээ сулрахтайгаа зэрэгцэн нохойн байрлуу архиран очиж нэг шарын чихнээс зулгаан чирэв. Гэрийн эзэгтэй айсандаа бушуухан байшиндаа орлоо. Орсон нь ч зөв болов. Хашаагаар дүүрэн тоос бужигнуулж зүрх цагаан том шар ахтайгаа зодолдож архиран хэмлэлцэх чимээ тэнгэрт хадав. Бөөн тоосон дундаас чих нь санжиж цус гарсан шар нохой хашааны хаалгаруу сум шиг хурдаллаа. Зүрх цагаан дахин нохойн байрлуу ухас хийхэд цонхон дээрээ зогсох эзэгтэй “Догшин хүүрийг дэмий сулаллаа. Хавийн амьтан барих нь” гээд эхдээ шахан бүлтэгнэх хэдэн халтар гөлөг, хашааны нөгөө буланд бөөгнөрөх галуу тахиагаа харлаа. Дахин уралцах чимээ гарахад харвал зүлх цагаан нөгөө шарыг завьжнаас нь зууж нохойн байрны үүдэн нам даран хулхийг нь буулгаж байхад чихээ сэтлүүлсэн шар нь хашааны халганы завсараар нөгөө шарыгаа харж байлаа. Удалгүй зүрх цагаан шар нохойг тавихад цаадах нь дуртай дургүй үүдрүү сажлав. Зүрх цагаан нэлээн бухимдангуй харж байснаа дахин дайрч хөлнөөс нь зуугаад авав. Шар нохой гасалж гангинан доголсоор үүдрүү явах нь өмнөхөө бодвол арай хурдан болжээ. Хашаанд нь тоос бужигнах хэдий ч амьд амьтад хөдлөх нь байтугай бараг л тэдний дээгүүр шувуу ч нисэн өнгөрч зүрхлэхээргүй аймшигтай нам гүм ноёрхлоо. “Болж хоёр золбинг хөөдөг нь” гэж гэрийн эзэгтээ бодлоо. 

Удалгүй баахан муур орилуулан ойрхон байдаг эзэнгүй байшингийн шалан доороос таг үмхий юм чирэн гаргаж ирээд өөрийг нь ээрэн хоргоох үмхийний ялаа батганыг зууж хаях гэж архиран үсэрч цовхчин агаарт хийж хазлахад нь “Золиг чинь галзуурчихаж л дээ” гэж гэрийн эзэгтэй үглэв. Харин хөршийн эмэгтэй “Нохойн мах идчихээд энэ муу ёрын хуухайнууд тийм зоригтой болчихсон юм байж л дээ. Тахиа галуу ер зүгээр байлгахгүй байсан юм” хэмээн хашаа байшингын оройгоор холхих муурнуудыг харж байлаа. Муурнууд зэвүүцсэн нүдээр зүрх цагааныг дагуулан харж байхад зүрх цагаан эцэг шар нохойн үмхийрсэн хүүрийг чирэх зуураа муурнуудыг ажиглан харах нь “за яахав ээ та хэдтэй дараа тооцоо бодноо” гэх мэт. Хоёр зуу гаруй метр газар чирч жалганд очин газар малтаж эцэг шар нохойн хүүрийг булаад ирэх зуур чих нь санжсан ах шар нохой нь хаанаас ч юм идэх юм олж ирэн халтар банхарт өгөв. Үргэлж унтаж байдаг ах нь босчихсон яваад хөөрсөн гөлөгнүүд тоглох гэж ноцох авч  шар нохой зүрх цагааныг ирэхээс өмнө арилж үзье гэсэн бололтой хашааны хаалгаар шагайх нөгөө шарлуугаа яаран шогшлоо. 

Гэрийн эзэгтэй ч нэгийг санасан бололтой хашаа хороогоо цэвэрлэв. Ганцхан тэднийх ч биш тэр хавийн олон айл хашаагаа цэвэрлэж новшоо янзлах шиг болсон.


Хэд хоногийн дараа анхны цаснаар гэрийн эзэн өвлийн идшээ бэлтгэхээр хөдөө айлруу морьтой гарахдаа сурсан зангаараа зүрх цагаанаа дагууллаа. Харин зүрх цагаанаас хаанаас олоод ирсэн юм өнөө муу хоёр шарыг хэмлэж зулгаан хөөсөөр хамт авч явав. Тэр муу хоёр шар эхдээ хоол дөхүүлж ирэхээс бусад цагт үзэгдэхээ ер байсан билээ. Удалгүй ноход хоорондоо тоглож сүүл нь босон сэргэж эхэллээ. Цасан дээр хөрвөөгөөд босч шилгээх тоолонд тоос шороо, хир буртаг нь арилж үс ноос нь сэргээд ирэв. “Энэ муу хоёр чинь уг нь ийм л амьтад юм байгаа юм шдээ” гэж үс нь сэвсийн өнгө зүс орсон хоёр шар нохойгоо хараад эзэн бодов. Очсон айлын малчин үхрийг нь хийх зуураа “манай нохой хөгшрөөд мал манаж чадахаа байлаа. Энэ хоёр нохойгоо надад өгчих” гэхэд эзэн дуртай нь аргагүй өгөв. Малчин хэдэн мах хаяж өгөн дор нь нохдыг өөрийг болголоо.


Одоо бүх юм байрандаа оржээ. Дөрөв таван нас бие гүйцсэн муур, зөндөө олон зулзгаараа зүрх цагаанд тахил өргөсөн муурнууд айл амьтны тахиа галууг гоочлохоо больжээ. Зүрх цагааны ухаантай мундагийг гайхсан хүмүүс хэсэгхэн бужигнаад л хашаагаар нь нэг хөглөрч байсан гөлөгнүүд дуусчихсан. Өнөө хоёр шар, цас орох тоолонд өнгө зүс нэмсээр одоо хальт харсан хүнд арслан юмуу гэж андуурмаар сахлаг үстэй сайхан том биетэй хоолой нь хүртэл бүдүүрсэн хоёр сайхан амьтан хоттой мал манах болсон нь боохой байтугай буг ороолон ч ойртомгүй найдвартай болсон гэсэн. Харин ойрноос халтар банхарын бие доройтож арай хийн явдаг болсонд зүрх цагаан цухалдаж бас л уяандаа тогтохоо болиод байна. Эхдээ мөнхийн ус олох гэж яарсан юм болов уу? 

5 comments:

Unknown said...

Үнэхээр сайхан болжээ. Мартсан зарим нэг зүйлийг минь санагдуулах шиг боллоо. Аавынд очиж гэр оронгоо цэвэрлэхэд нь туслая. Хийдэг байсан ажилуудаа хиймээр санагдаж байна

Unknown said...

Wow cool bn..

Anonymous said...

good

Anonymous said...

goe bichgee☆-☆
(\_/)
('_'

Anonymous said...

Жаахан ойлгоход хэцүү юм гэхдээ гоё..