Monday, November 1, 2010

11 сарын 3
Өнөөдөр 11-р сарын 1-ний өдөр. Хоёр өдрийн дараа 11-р сарын 3 буюу миний төрсөн өдөр болох гэж байна. Би 25 нас хүрэхнээ, ердөө л хоёрхон өдрийн дараа.



Адуунд соёолон нас нь хамгийн хүчирхэг ид нас байдаг шиг хүний хувьд идэр залуу насны хамгийн сайхан, хамгийн хүчирхэг хийж бүтээх үе бол 25 нас юм. Монголын уран зохиолын гурван оргилын нэг болох “Жангар”-т “...Үргэлжийн мөнхөд намар, хавраараа, Үхэлгүй мөнхийн 25 насаараа...” хэмээн аз жаргалтай амьдралыг дүрслэн бичсэн байдаг.

25-р суваг телевизээр нэгэн нэвтрүүлэг явж байсан нь одоо ч санаанаас гардаггүй юм. Уг нэвтрүүлгийн зочноор хошин шогийн жүчигчин Хүрэлээ, А-Capella хамтлагийн дуучин Одбаяр нар ирсэн байсан ба тэд 25 насны тухай ярилцаж байлаа. Хүрэлээгийн яриа их л сонирхолтой байж билээ. Өмсөж байсан хувцаснууд, үздэг байсан кино, сонсдог байсан хөгжим, эхнэртэйгээ танилцаж байсан гээд бүх л зүйл нь хөгжилтэй, дурсамжтай. Харин Одбаярын тухайд яг 25 настай байж таарсан бөгөөд амжилттай яваа хамтлагийн дуучин, “Сайн уу? амьдрал минь”, “Гоёлын даашинз” зэрэг кинонд тоглочихсон, товчхондоо бол амжилт бүтээл сайтай, хожим дурсах юмтай сууж байлаа. Тэр нэвтрүүлгийг үзэж суухдаа би өөрийнхөө 25 насыг төсөөлөн бодож байсан юм... Ямаршуухан байдалтай, хэр амжилттай, хийж бүтээсэн юмтай байж байхаа бодитоор төсөөлөх амархан биш боловч гэгээлэгээр мөрөөдөж болж байсан билээ. Тэр мөрөөдөл ёсоор бол би өдийд арай өөр түвшинд, тодруулбал одоогоосоо арай илүү амжилттай, хийж бүтээсэн юмтай, шаналах шаналгаа маань арай цөөн, инээмсэглэл маань арай том байх ёстой байсан юм.

Хоёрхон өдрийн дараа хорин таван настайгаа золголоо. Таван жилийн өмнө бодож байсан минь хэвээрээ, мөрөөдөл минь мөн ёсоороо боловч гаргасан амжилт минь нэмэгдээгүй, тэр бүү хэл бүтэлгүй дурласан бүсгүй маань хүртэл бодогдсон хэвээрээ байж байна. Харин зорьсон зорилт, төлөвлөх төлөвлөгөө маань улам л нэмэгдсээр... Гэхдээ эцсийн зорьлого, мөрөөдөл минь хэвээрээ, өндөр уулын оргил мэт хэдий алс хол, үүлэн дунд боловч надад тодоос тод дүнхийн харагдсаар байна.
Очих зам нь манан будантай байж болно, гэхдээ эцсийн оргилоо харж байгаа бол хэзээ ч төөрөхгүй. Үүлс ороосон оргил өөд зүтгэсэн аялал, тэмцлээсээ битгий буцаарай БАТБОЛД ОО. Чамд төрсөн өдрийн мэндийг, оргилд хүрэх амжилтын ерөөлтэй хамтатган хүргэе.  

2010-11-01 өдрийн Батболдоос

No comments: