Урьд шөнө нэгэн зүүд зүүдэлсэнээ сая жорлонд тольний өмнө эргэлдэж байгаад саналаа л даа.
Ямар нэгэн хурал зөвлөгөөн дээр л байгаа бололтой, дотор нь байгаа нийт хүмүүс ямар нэгэн зүйлийн санал дээр хоёр хуваагдчихаж. Чухам юун дээр санал хуваагдсаныг нь санахгүй байгаа боловч ерөнхий утга нь одоо байгаа амжилтаа хамгаалан, энэ байдалдаа үлдэх үү эсвэл энэ бүхнээ орхиод шинэ амжилтын төлөө хийж бүтээх (эсвэл аялан явах) уу гэдэг ээ шийдэж ядаад байгаа бололтой. Би орхиод шинийг эрэлхийлье гэсэн дээр санал нэг байгаа бололтой. Гэхдээ байнаа хүрсэн тэр амжилт нь багагүй том бөгөөд тэр бүр олдоод байдаггүй аз завшаан гэж үздэг бололтой хандлага зүүдэн дунд мэдэгдсэн шүү...
Эртний Грекчүүд Трой хотын тойрон бүсэлж 10 жил дайтсан боловч эзэлж чадсангүй. Грекчүүдийн ганц найдвар болсон Ахил баатар таалал болж үнэндээ Трой хотыг эзлэх найдвар бараг тасраад байлаа. Энэ үед арга ухаанд Одиссей баатарт нэгэн санаа төрсөн нь аварга том модон морь байлаа. Грекчүүд буцсан дүр үзүүлэн тэнгист хөвж харин Одиссей баатар тэргүүтэй хэдэн Грекчүүд аварга мориндоо нуугдав. Тройчууд Грекчүүдийг буцсан хэмээн итгэж аварга морийг өөрсөдийн ялалтын бэлэг тэмдэг болгон хотдоо залахдаа багтахгүй байсан хаалга үүдээ хүртэл хэмхчин нураан байж оруулжээ. Наргин цэнгэж согтож унтсан хойгуур нь Одиссей баатар цэргүүдээ дагуулан хотын их хаалгыг нээж өгсөн ба тэнгист алсан хөвж байсан Грекийн хөлгө онгоцнууд энэ үед эргэж ирээд Трой хотыг эзлэн авсан билээ. Энэ бол агуа амжилт, агуа ялалт. Тэр тусмаа 10 жил бүслэн байлдаад авч чадаагүй Грекчүүдийн хувьд бол бүүр ч том амжилт. Одиссей баатрын суут ухаан, мартахын аргагүй магтан дуулах их амжилт.
Гэхдээ энэ бүхний эцэст Одиссей баатар модон морин дотроо амьдраагүй л байхгүй юу даа. Эсвэл эзлэн авсан Трой хотдоо ч эзэн болж суугаагүй. Тэр өөрийн төрлөх нутаг Итак арлыг зорьсон. Тэр эргээд 10 жил аялан үзэсгэлэнт хатан Пенелопа, хүү Телемахи нар дээрээ эргэн ирдэг. Тэр эргэж эх нутагаа зориогүй бол өнөөдөр бид Одиссей баатрын түүхийг энэ хүртэл ярихгүй байсан. Одиссей тэр бүх адал явдал, амжилтын эзэн болохгүй байсан. Үхэгсдийн орон, Айдад зочлоод ирсэн жирийн хүн ганцхан Одиссей баатар (хагас бурхан Геркулес харин хэд хэд очоод эргэж ирж байсан. Гэхдээ түүний сүнс нь одоо Айдын оронд байдаг), уянгалаг дууг нь сонсоод арал дээр очиж амь насаа алдаагүй цорын ганц хүн мөн л Одиссей баатар. Тэр цэргүүдээ чихийг нь бөглүүлээд хөлөг онгоцоо сэлүүрдүүлж, өөрийгөө харин хөлгийнхөө гол шургаагт хүлүүлэн байж тэр гайхалтай аялгууг сонссон. Аварга мангас Циколпын агуйгаас андаа нөхдийнхөө амь насыг аварч гарсан бадам амжиллт мөн л Одиссей баатрынх. Тиймээ тэр эргэн аялаагүй бол, тэр Трой хотод үлдсэн бол, тэр модон морин дотроо амьдарсан бол, тэр өөрийн зохион бүтээсэн агуа амжилтаасаа татгалзаагүй бол энэ бүх түүх домог, их амжилтын эзэн болохгүй байх байсан.
Бидний хүрсэн энэ амжилт үнэхээр том амжилт, гэхдээ үлдсэн бүх насандаа хадгалахад арай багадахгүй гэж үү!? Биднийг илүү том, илүү олон амжилт хүлээж байна шүү дээ... Урагшаа гэж хашиграад гараа сарвагануулахдаа би сэрчихсэн. Хэхэхэ.
No comments:
Post a Comment