Tuesday, November 23, 2010

Шүтээн


Би шашингүй үзэлтэн. Гэхдээ бүр ч “Шашин бол ард түмнийг мунхаруулагч хар тамхи мөн” гэж үздэг хүн хараахан биш бөгөөд харин арай өөр байдлаар хүлээн авч, хүндлэн үздэг билээ. Ээж маань Бурханы шашинд сүслэн биширдэг, харин аав маань тийм ч сүсэгтэй биш юм шиг ажиглагддаг нь энэ тухай юм ярьдаггүйтээ холбоотой байх. /Би л олон үгтэйгээрээ “Бөхчүүд, лам нар бол хүний итгэл бишрэл дээр тоглосон муухай хүмүүс” гэж ярьж хүний дургүй хүргэдэг байх./ Гэсэн ч манай гэр бүлийн бүх гишүүд гэрт болж буй шашны зан үйлд /цагаан сарын даллага болон бусад шаардлагатай үед болж буй ном уншуулах, засал үйлдэхэд/ идвэхтэй оролцдог, арцаар бие ээ утаж, рашаанаар гар нүүрээ угааж, ном хурахад алга хавсран сүсэглэдэг.
Шашины асуудал бол бурхан байдаг байдаггүйдээ гол нь бус, тэр тусмаа тэр бурханыг нь Есүс гэдэг үү Будда гэдэг үү эсвэл Мухамед гэдэг юмуу гэдэгтээ ч бус тэдний сургаал номлол юунд чиглэж байгаадаа гол утга учир, зорьлого нь оршдог гэж би боддог. Бүх шашин нэг л зүйлд чиглэдэг гэж хүмүүс хэлдэг. Тиймээ, бүх шашин хүмүүсийг сайн сайхан амьдруулахд чиглэдэг. Би шашин судлаач биш болохоор шашины урсгал номлолуудын тухай нарийн дэлгэрэнгүй мэдэхгүй байна, гэсэн хэдий ч аль ч шашин хүний хийж болох, болохгүй үйлийг заан сургасан байдгийг мэдэх юм байна. Энэ бол хүнийг буруу үйл хийхээс урьдчилан сэргийлж буй хэрэг. Үүнээс гадна тус шүтэн биширч сүсэглэн буй хүний хүмүүжилд нөлөөлдөг. Энэ бол миний бодлоор шашны хамгийн чухал үнэ цэнтэй ач холбогдол. 
“Муу үйл хийвэл эрлэг номун хааны шүүхээр орж амьддаа үйлдсэн гэм нүгэлтэйгээ тэнцүү хэмжээний зовлон эдлэх болно” энэ бол бурханы шашны сургааль. “Чи бурханд итгэхгүй, түүнийг үгүйсгэн бусармаг муу үйлийг хийсээр насан эцэс болвол мөнхийн галд шатах болно” энэ бол миний ойлгосон Христийн шашны номлол. Хоюулаа үхлийн дараах амьдрал байдаг гэдгийг хэлэх ба буруу үйл хийж нүгэл хураавал дараах амьдралдаа зовох болно гэдгийг сургасан байх юм. Эндээс харахад Буддизм ч бай, Христос ч бай ямар нэгэн шүтэн бишрэх юмтай тэр хүн нүгэл үйлдэхгүй, муу бүхнээс татгалзаж сайн үйлсд зорьно гэдэг нь тодорхой. Иймээс хэн нэгэн хүн шүтэн бишрэх зүйлтэй, түүнээсээ эмээн санаа зовж хийх үйл, хэлэх үгээ хязгаарлаж явдаг байх нь нийгэмд сайн байгаад зогсохгүй хувь хүндээ ч эерэг нөлөөтэй байх билээ. Үүнээс улбаалан бүр толгойгоо мэдүүлж, тэнэг үйл хийхгүйгээр /тодруулбал: Онгоц унаж очоод хоёр өндрийг мөргөдөггүй байх, тэсрэх бөмбөг биедээ зүүгээд олны дунд очиж дэлбэлдэггүй байх/ шашин шүтлэг нь нийгэмд байх ёстой зүй ёсны үзэгдэл болж байна. Аа гэхдээ шашин хоорондын тэмцэл өрнөн, хүмүүсийг өөртөө татах гэсэн янз бүрийн зовлонтой ухуулга явдаггүй байвал хувь хүнийхээ хувьд би баярлах байна. /Ний нуугүй хэлэхэд шашиндаа оруулах гэсэн христчингүүдийн ятгалага надад үнэхээр төвөгтэй санагддаг/. 
Энэ бол дэлхийн шашны тархацыг харуулсан газрын зураг. 2002
Эцэст нь тэмдэглэн хэлэхэд хэрэв чамд шүтэх бишрэх зүйл олдохгүй байгаа бол зүгээр л ээжийгээ шүтэхэд болно. Түүний хэлсэн болгонийг хийж, захисан бүхнийг нь гүйцэлдүүлж яв. Бурхан гэдэг чинь ээж юм шүү дээ.

No comments: