Wednesday, November 3, 2010

Устгагдсан файл сэргээх үйлчилгээ (гуравдугаар хэсэг)


Шагай ухаан орлоо. Гэхдээ тэр хөлийн хурууны үзүүрээс эхлээд бүх биедээ өвчин мэдэрч байлаа. Ялангуяа толгой гэж ёстой хагарах нь уу гэлтэй өвдөнө. Нүдээ нээх гэсэн болдоггүй ээ. Хавдчихсан бололтой. Хүйтэн хатуу шалан дээр хэвтэж байгаагаа мэдрэв. Гэтэл хаанаас юм эмэгтэй хүний дуу сонсогдлоо. “Та нар ямар хэрцгий юм бэ? Ядаж зөөлөн юман дээр хэвтүүлчихэж болсонгүй юу? Ингээд хэр удаан хэвтэж байгаан?” гэж загнах сонсогдлоо. “4 цаг” гэх нь өнөө булай залуугын дуу мөөн. “Боль л доо та нар, арай ч дээ. Энэ чинь бас хүн ш дээ” гэхийг нь сонсвол бас ч гэж дарга байрын эмэгтэй бололтой. “Хн, зсс” гэх нь хүйтэн царайтын дуу бөгөөд уруулаа мурайлган инээвхийлж байгаа нь нүдэнд амархаан төсөлөгдөж байлаа. Хажууд нь түмпэн тавьж хүйтэн алчуураар нүүрийг нь зөөлхөн арчиж эхлэв. Удалгүй юм түчигнэх чимээ гарсан нь гаднаас зузаан матрас оруулж ирсэн ажээ. Энэ бүхэн яг л бэлдчихсэн юм шиг Шагайд санагдаж байлаа. Бүтэн өдөржин асаргаа сувилгаанд сууж байж арайхийн нүдээ нээдэг болоод харвал их л царайлаг дажгүй бүсгүй өөрийг нь асарч байлаа. Насаар ч залуухан юм. Их дээ л Шагайгаас хоёр гурав эгч биз. Гэсэн ч аягүй эгчирхүү яриатай. “Миний дүү ямар хэрэг хийсийн? Энэ муусайнууд хүн хайрлахаа мэдэхгүй шүү.” Гэх нь их л өөриймсөг аястай боловч цаанаа л нэг хуурамч.
Туяа танихгүй залууг арчиж тордож байгаад гарч ирэв. Хажуугын өрөөнд Зоригт, Модонхүү хоёр хүлээнэ. Зоригт: “Өдөржин л юм боллоо. Амжилттай болох шинж байна уу?” гэж их л хүйтэн, янзгүй шинжтэй хэлэхэд Туяа “Эхлээд сайн итгэлийг нь олох хэрэгтэй. Чи битгий адгаад бай” гэж өөдөөс нь янзгүйрхлээ. Зоригт бугуйн цагруугаа хялам хийгээд “Би явлаа, наадмуугаа сайн харж байгаарай” гээд Туяатай хамт гарч одов. Одоо бол олзны хүн Модонхүүгийн бүрэн мэдэлд...
Модонхүү Шагайгын өрөөнд орвол том матрасан дээрээ тэрийгээд хэвтэж байв. “За бие чинь яаж байна, копьютерчин гуай” “Аан модон толгойт уу? Санаа тавьсанд баярлалаа. Гэхдээ сайнгүй л байна” “Юу гэнээ чи...” гээд нэг цохих гэснээ болив. Гай болоод үхчихвэл өөрөө хэрэгт унана гэдэгээ ойлгож байсан болохоор тэр биеэ барих л хэрэгтэй болж байлаа. “Амьнаас чинь үнэтэй файл юмуу? Хэлээд амьд гарахаа бодсон нь дээргүй юу?” гэж хэлэхдээ их л цэцэн үг хэлсэн юм шиг цээж нь бардамналаар дүүрэн. Гэхдээ энэ үгийг Туяа гэх түрүүний бүсгүй Шагайд хэлэхээр бэлдсэн үг билээ. “Хэлчихэж болно л доо, гэхдээ хэллээ гээд намайг амьд үлдээхгүй шүү дээ. Харин ч хэлэхгүй байснаараа арай хийн амь голоо тээж байна. Чи өөрөө харж байгаа биз дээ” гэв. Модонхүүд хэлэх ч үг олдсонгүй, үнэхээр л тийм юм чинь.
Түүний ахлах Зоригт хэлэхдээ ямар ямар файлууд байгааг нь мэдээд аюулгүй болговол түүнийг устгах хэрэгтэй гэсэн. Өөрөө хүн алдаггүй болохоор түүнд алах гэдэг үг амархан л байдаг байх, харин гүйцэтгэдэг Модонхүү мэтэд энэ бол их л хэцүү санагдах бөгөөд Зоригт арай л хэрцгий харгис юм шиг санагдана. 

үргэлжлэл бий...

No comments: